МИАТ-ээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Х.Баттулга, Л.Болд, Н.Номтойбаяр нар холбогдох уу
МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2005-2010 онд ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагынхан өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих төвд хорилоо. Б.Эрдэнэбилэгийг цагдан хорьсноор МИАТ-ийн мөнгийг угаасан хэрэгт холбогдон саатуулагдсан хүний тоо есөд хүрсэн билээ.
Тодруулбал МИАТ-ийн Каммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн асар том авиакомпанийг 2011 онд байгуулсан Чинбатын Хоролсүрэнг цагдан хорьсон юм. Энэ хүн бол бидний мэдэхээр МАТ буюу “Монголиан эйр транспорт” гэх ачаа тээврийн монополь компанийн эзэн.
Түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмер нарыг мөнгө угаасан гэх энэ хэрэгт холбогдуулан мөн саатуулсан байна.
Дараачийн хүн бол МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 2010-2012 он хүртэл хашсан Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарыг баривчилжээ. С.Батхишиг гэдэг хүнийг ч хуулийнхан саатуулсан байна. Энэ хүн МИАТ ХК-д ажиллаж байгаагүй. Харин тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байжээ.
Эл хэрэгт холбогдуулан хэд хоногийн өмнө банк бус санхүүгийн нэгэн байгууллагын захирал Н.Гантөмөр, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг нэмж хорьсон юм.
Ийнхүү МИАТ ХК-д ажиллаж байсан, мөн сүүлд байгуулагдсан “Монголиан Эйрлайнес” хэмээх хувийн авиакомпанид хамаатай гэх эдгээр эрхмүүдийг мөнгө угаасан, хүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаж эхлээд байна. Мэдээж уг хэрэг зөвхөн Ч.Хоролсүрэн, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг болон түүний ах дүү, авгай, хүүхнээр таслагдаад намжихгүй нь ойлгомжтой.
Эдний цаана төрийн нэлээн өндөр албан тушаалтнууд бий гэдэг яриа гарч эхлээд байгаа юм. Тухайлбал ҮХАА-н сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг энэхүү хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн хардацгааж байна. Учир нь МИАТ-ийн Каммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн асар том авиакомпанийн захирлаар 2011 онд очсон Ч.Хоролсүрэн нь өөрөө эдгээр гурван эрхэмтэй холбоотой ажилладаг, нэг ёсондоо гарын хүн нь.
Өөрөөр хэлбэл Ч.Хоролсүрэнгийн удирддаг гэх “Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болдын “Бодь интернэйшнл” ХХК шилжүүлж авсан гэдэг. Гэвч энэ компани ардаа хэд хэдэн томоохон хувь эзэмшигчтэй юм.
Тухайлбал “Монголиан Эйрлайнес” группийн хувь эзэмшигчээр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд, одоогийн ҮХАА-н сайд Х.Баттулга, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир зэрэг хөрөнгөтнүүдийн нэрс дуулддаг. “МАК” компанийн хувьд “Монголиан Эйрлайнес” группийн хувьцаа эзэмшигч гэдэг нь бараг л тодорхой болсон.
Учир нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхны нислэгийн нээлтийн үеэр “МАК”-ийн дэд захирал асан, залуу гишүүн Н.Номтойбаяр тус компанийн удирдлагуудтай зэрэгцэн тууз хайчилж байсан юм билээ. Бүр нислэгийн компанийнх нь нэрийн товчлолыг “МАК” компанийнхаа нэртэй ижил болгожээ.
Харин ЗТБХБ-ын сайд УИХ-ын гишүүн Х.Баттулга шинэхэн нислэгийн компаниас хувьцаа эзэмшдэг гэдгээ ихэд нууцалсаар ирсэн. Гэхдээ тэрбээр Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатарын хамт Засгийн газрыг төлөөлж, анхны нислэгээр нь Баянхонгор, Өвөрхангай аймгийн чиглэлд зорчин хувь нийлүүлсэн компанийнхаа онгоцыг туршсан. Мөн өнгөрсөн зун л гэхэд охиныхоо хуримыг Хөвсгөл далайн эрэг дээр хийхийн тулд зочдоо “Монголиан Эйрлайнес” группийн онгоцоор зөөсөн. Ер нь анхны нислэгийн нээлт болсон цагаас л Х.Баттулга төрийн өмчит “МИАТ” ХК-тай өрсөлдөхүйц, цаашилбал дампууруулж зах зээлийг нь булаахын тулд “Монголиан Эйрлайнес” группийг байгуулсан гэх мессэж хүчтэй нисэлдэх болсон.
Нэг хэсэг Х.Баттулгыг төрийн өмчит “МИАТ” ХК-ийг хувьчилж авахаар санаархаж байгаа тухай хэвлэлээр шуугиж байлаа. 2000 оны дундуур “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаа доголдож, идэж уусан гэх дарга нараас нь болж асар их хөрөнгө мөнгөний өрөнд унасан. “Анод” банкны 40 том зээлдэгчийн нэгээр МИАТ ХК хүртэл тодорч л байлаа. Энэ хэл амнаас залхсан “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг 2009 онд ажлаа өгсөн билээ.
ТӨХ-ноос түүний оронд “МИАТ” ХК-ийн дэд захирал, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон ч ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад таалагдаагүй. Х.Баттулга ч Р.Бат-Эрдэнийг гүйцэтгэх захирал болгохыг эсэргүүцэж байгаагаа ил цагаан илэрхийлжээ.
Ингээд Х.Баттулга ТӨХ-ны дарга асан Д.Сугартай зөвшилцсөний үндсэн дээр 2010 оны тавдугаар сард “МИАТ” ХК-ийн Маркетингийн албаны дарга Ц.Орхоныг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ утгаараа Ц.Орхон ч Х.Баттулгын гарын хүн болж таарч байгаа юм.
Ц.Орхонтой гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөвсгөл нутгийн ах дүүс гэдэг утгаараа мөн л холбоотой байдаг шиг байна лээ. Харин С.Батхишиг гэгчийн тухайд МИАТ ХК-д ажиллаж байгаагүй ч тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байсан гэдэг. Төрийн өмчийн хороотой Х.Баттулга Ц.Орхонг томилдогтой адил тохироо хийж болох боломжтой бөгөөд одоо бүр ҮХААЯ-ны харьяанд Төрийн өмчийн хороо хамаардаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ хэрэг нэг ёсондоо Х.Баттулга, Л.Болд, Н.Номтойбаяр нартай ч холбогдож магадгүй байна. Хэрэгт ороогдсон хүмүүс ч алсуураа Х.Баттулга, Л.Болд, Н.Номтойбаяр нартай гинжин хэлхээгээр холбогдсон байгаа биз. Энэ утгаараа цагаан захтнуудын мөнгө угаадаг, хүүлдэг хэрэг ил болохын зэрэгцээ Монгол төрийн томоохон албан тушаалтнуудын бохир бизнес ард түмэнд илчлэгдэх гээд байгаа учраас Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарыг хорьсон цагаас л хуулийнханд элдэв дарамт, шахалт ирэх болсон байна.
Хэргийг задалбал
2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн АНУ-д болсон террорист халдлагаас хойш олон улсын авиакомпаниудын холбоо авиакомпаниудад болзошгүй дайны эрсдлийн хураамжийг зорчигчийн тийзний үнэд давхар шингээн авч, хэрэгтэй үед хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Үүнээс улбаалаад 2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн МИАТ ХК нь зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж авсан байдаг. Энэ нь МИАТ ХК-ийн орлогод бичигдэж байгаад 2007 оноос эхлэн нэг л өдөр гэнэт зарлага болон бичигдэж гадаад улс руу, нэр нь үл мэдэгдэх, хуурамч компани руу хэдэн арван тэрбумаараа урсаж эхэлсэн байдаг аж.
Уг нь МИАТ ХК нь агаарын хөлөг онгоц болон зорчигчийн иж бүрэн даатгалыг төлдөг боловч дайны эрсдлийн даатгал гэгч давхар даатгал гараад ирсэн байна. Монгол Улсын гадаад нислэгийн чиглэл, түрээслэгч компаниудын тусгай гэрээнд ийм шаардлага байдаггүй аж. Энэ үеэс эхлэн МИАТ ХК, Төрийн өмчийн хорооны үе үеийн удирдлагууд танигдахын аргагүй баяжин, өөрчлөгдөж эхэлжээ.
ТӨРИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ЦЭВЭРШҮҮЛЖ АВЧИРДАГ ВЭ?
Дээрх мөнгийг гадаадын улс руу шилжүүлдэг байна. Түүнийгээ буцаан Монгол Улсад оруулж ирэн өөрсдийн хувийн бизнесийн үйл ажиллагаанд оруулан эх үүсвэрийг нь далдалж, цэвэршүүлсэн байдаг аж. Энэ хэргийн хохирол нь урьдчилсан байдлаар олон тэрбум хүрч байгаа гэнэ. Хэргийг нарийвчлан шалгавал энэ тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд дээрх хүмүүс дээр МИАТ ХК болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим хүн энэ хэрэгт татагдаж болзошгүй байгаа бололтой.
“Дайны эрсдлийн даатгал” нэрээр Ц.Орхон л гэхэд тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэнэ. Тэрбээр “Вест вэлф” нэртэй гадны компанитай гзрээ хийсэн нэрээр асар их мөнгө дансаар шилжүүлж авсан баримт байдаг байна. Хачирхалтай нь Монголын иргэний агаарын тээврийг дайны эрсдлээс хамгаалж, даатгаж байсан “Вест вэлф” компанийг хууль хяналтынхан хайгаад ч олоогүй байна. Гэтэл “Вест вэлф” гэдэг нь даатгалын бус цаасан дээрх ийм нэртэй компани байсныг саяхан тогтоожээ. Япон руу л энэ мөнгийг гаргаж байсан мэтээр олон нийтэд ойлгогдож байгаа ч энэ их мөнгө эхэндээ байнга Хонгконг руу гардаг байснаа 2010 оны тавдугаар сараас эхлэн Японы Токио банк руу шилжсэн байдаг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛКОММЕНТС
URL: