30 үнээтэй 1000 фермерийн аж ахуйн бүтэн жилийн сүүг худалдан авах хэмжээний мөнгийг гадаадын зах зээлд алдаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” 2010 оны 11 дүгээр сарын 29-ний 250 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хотын сүүний хангамж 30:70” иргэд, олон нийтийн хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д өнөөдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал”, Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн С.Жигжидпүрэв “Сүүний аж ахуй эрхэлж байгаа фермерүүд хоршин ажиллах талаар өндөр хөгжилтэй орны туршлагыг нэвтрүүлэх боломж, Улаанбаатар хот орчмын сүүний үнээний тоо, ашиг шимийн гарц”, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Д.Жанцан “Хот орчмын сүүний аж ахуй эрхлэгч фермерүүд, тэдгээрт тохиолдож буй бэрхшээл”, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Г.Сувдаа “Сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл”, “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал “Сүү боловсруулах үйлдвэрүүдэд тулгамдаж байгаа асуудал” илтгэлүүд тус тус тавьж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
2009 онд улсын хэмжээнд таван төрлийн малаас 493.7 сая литр сүү үйлдвэрлэсэн нь нэг хүнд дунджаар 182.2 кг ноогдож байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэгцээ 387.1 сая литр байдаг аж. Хөдөөгийн нэг хүнд ногдох сүү 225 кг, хангамж 162.2 хувь байдаг. Харин хотын нэг хүнд 84 кг сүү ногдож буй нь 60.6 хувийн хангамжтай гэсэн үг юм. Үүнээс харахад хот, суурин газрын хүн амын сүүний жилийн хэрэглээ хөдөөгийнхөөс 2.7 дахин бага байна. Дээр нь сүүний хангамж жигд бус улирлын шинжтэй, 11 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хот орчмоос үйлдвэрлэсэн сүү хэрэгцээний 30 хувийг л хангадаг. Тиймээс үйлдвэрлэл 30, импорт 70 хувьтай байна. Жил бүр импортод 25.6 сая ам.доллар буюу 32 тэрбум төгрөг зарцуулж байна. Ингэж дотооддоо үйлдвэрлэл явуулдаг 30 үнээтэй 1000 фермерийн аж ахуйн бүтэн жилийн сүүг худалдан авах хэмжээний бэлэн мөнгийг гадаадын зах зээлд алдаж байна.
Өдгөө нийслэл, томоохон хотуудын орчимд сүүний чиглэлээр 900-гаад иргэн, ААН үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг аж ахуйн үнээний дундаж тоо 12 ажээ.
Сүүний чиглэлийн аж ахуйн нэгжийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Мөн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдгээрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлжээ. Дотоодод үйлдвэрлэж борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнд ногдох НӨАТ-ыг 2011 онд тэглээд байна.
2009 онд “Сүү” хөтөлбөрийн хүрээнд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сүүний 300 үхэр импортолж, саалийн үнээний загвар цогцолбор 6 аж ахуй /фермерийн барилга, цахилгаан иж бүрэн саалтуур, тэжээлийн аж ахуй/, 500-5000 л сүү хөргөж хадгалах 20 төв байгуулж, хоногт 500-1000 л сүү боловсруулах 4, 100-500 л сүү боловсруулах 20 төхөөрөмж худалдан авчээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сүү боловсруулах 30 үйлдвэр, цех ашиглалтад орсон байна. Гэлээ ч цаашид авч хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх асуудал их байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдан ярьж байв.
Хот, суурин газарт дутагдаж буй сүүн бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт илүүддэг нөөцөөр хангах, сүүний үйлдвэрлэлийн улирлын хэлбэлзлийг арилгах, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хуурай сүү болон бусад нөөш бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хот суурингийн орчимд сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн тоог олшруулах, өндөр ашиг шимт сүүний үхэр, үрийг импортлох, дундын саалтуур, хөргөлтийн төвүүд бий болгох, алслагдсан сум, багт сүү боловсруулах жижиг үйлдвэр, цехүүд байгуулах, сүү боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, зах зээлд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна.
2011 онд хоногт 400 л сүү хүлээн авч цөцгийн тос үйлдвэрлэх жижиг үйлдвэр, цех байгуулахад 500 сая, сүүний цогцолбор барихад 400 сая, хадлан, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 1,0 тэрбум, үр, хөврөл үр импортлоход 100 сая, хоршоодыг хөхиүлэн 2,5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдоос гаргасан саналуудыг холбогдох яам, газар, агентлагуудад өгч шийдвэрлүүлнэ гэлээ. Үүнд сүүний урамшуулал бий болгох, сүүний үхрийн тооллого явуулах, хоршоог дэмжих, дүүрэг бүрт мал эмнэлэг, үржлийн тасаг, шаардлагатай газруудад үржлийн хээлтүүлэгч бойжуулах төвүүд байгуулах, саалийн фермерийн аж ахуйн стандарт гаргаж мөрдүүлэх, сүүний фермерийн аж ахуйд газар олгох, дахин хуваарилах зэрэг олон санал орж байгаа юм.
URL: