Египетийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчөө дахин унагахыг хүсч байна
Одоогоос хоёр жилийн өмнө “Арабын хавар”-ын давалгаанд өртсөн Египет улсад ард иргэд нь эрх баригч дэглэмийг эсэргүүцэн жагсаж Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулж байсан билээ. 30 орчим жил улс орноо дарангуйлж, авлига, хээл хахууль, ядуурлыг гааруулсан Ерөнхийлөгчөө авч хаясан египетүүд “ардчилал, эрх чөлөө ирлээ” хэмээн баярлан цэнгэж байсан ч тийм юм болсонгүй. Харин ч ядуурал, эмх замбараагүй байдал улам газар авч, египетүүд талцаж хуваагдан хоорондоо тэмцэлдэх нь нэмэгдсээр байна.
Өнгөрсөн бямба гаригт Египетийн Порт Саид хот орчмын шоронгийн ойролцоо аюулгүй байдал сахиулах хүчнийхэн болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас дор хаяж 36 хүн амиа алдаад байна. Тэдний дотор хоёр цагдаа байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь дотуур цус алдаж, бусад нь бууны суманд өртөн амиа алдсан хэмээн Порт Саид хотын эмнэлгийн дарга мэдэгдэв. Египетийн эрх баригчид тус хотод энх амгалан байдлыг эргүүлэн авчрахын тулд цэргээ оруулаад байна. Үүний өмнө Суэц хотод армийн танкууд орж ирээд байсан юм. Цэрэг, армийнхан тогтвортой байдлыг сахиулахаас гадна олон нийтийн, улсын барилга байгууламжийг хамгаална хэмээн Египетийн зэвсэгт хүчний штабын дарга, генерал Ахмед Васли мэдэгдлээ.
Нэг жилийн өмнө Порт Саид хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр хоёр багийн хөгжөөн дэмжигчид маргалдаж зодолдсоны улмаас олон хүн амь насаа алдсан юм. Египетийн шүүх энэ хэрэгт оролцсон 21 хүнд цаазаар авах ял оноосны дараа тус хотод эмх замбараагүй байдал үүсч, хүчирхийлэл дэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа ял сонссон хүмүүсийн ар гэрийнхэн, Порт Саид хотын “Аль-Масри” багийн үндсэрхэг хөгжөөн дэмжигчид шорон руу нэвтрэхийг оролдон хамгаалалтын албаныхантай тулжээ. Иргэд галт зэвсэг, гар аргаар хийсэн гранат ашиглан хамгаалалтын албаныхныг довтолсон аж. Энэ үеэр шоронгийн хамгаалалтын албаны хоёр офицер жагсагчдын бууны суманд өртөн амиа алдсан хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Эрх баригчид босогчдын довтолгоог зогсоохын тулд автомат зэвсэг, хүнд зэвсэглэл хүртэл ашигласан тухай мэдээ ирж байна.
Порт Саид хотод хүчирхийлэл дэгдэхээс нэг өдрийн өмнө Хосни Мубаракийн дэглэм нуран унасны хоёр жилийн ойг тэмдэглэж байсан иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, одоогийн Ерөнхийлөгч Мохамед Мурсийг огцрохыг шаарджээ. Суэц хотод болсон жагсаалын үеэр найман хүн амиа алдсан бол, тэндээс холгүй орших Исмалия хотод нэг хүн амь үрэгдсэн байна. Каир хотод 172, Александр хотод болсон мөргөлдөөнд 102 хүн гэмтэж бэртжээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Суэц хотод жагсагчид цагдаагийн хэсгийг эзлэн авч, тэнд саатуулагдсан хүмүүсийг суллаж, дараа нь цагдаагийн хэсгийг шатаасан байна. Мөн үл мэдэгдэх этгээдүүд Суэцийн сувгаар орж ирсэн хэд хэдэн хөлөг онгоц руу гал нээжээ. Израилийн Хайфа хотоос ирсэн Грекийн хөлөг онгоц буудалтад өртсөн бололтой.
Египетийн батлан хамгаалах зөвлөл яаралтай хуралдаан хийж ард иргэдийг эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхийг уриалав. Эс бөгөөс эмх замбараагүй байдал нүүрлэсэн газруудад онц байдал тогтоож магадгүй байна.
URL: