Дорж генералаас сарын чөлөөгөөр шагнуулсан арслан

dorj generalДундговь аймгийн Дэрэн сумын харъяат аймгийн арслан Сугарын Шараа хэмээх нутгийнхаа бөхийн тухай Бөх сониндоо бичиж байгаадаа ихэд баярлаж бэлгэшээж байна, би. Аймгийн арслан С.Шараа нь 1946 онд Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн нутагт төрсөн. Анх 18 наснаасаа эхлэн барилдаж 5-р сарын 1 буюу Майн баярт зориулсан барилдаанд улсын сайн малчин Банхууш хэмээх У.Цэрэндоржтой үлдэн түрүүлж барилдах урам зориг их орсон гэдэг.
Тэр жилээс хойш тогтмол ААШТ-нд оролцон барилдсаар 1970 онд ААШ барилдаанд аймгийн начин, 1972 онд аймгийн заан цол авсан байдаг. Шараа гуай 1973 онд цэргийн албанд татагдаж Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 152-р ангид очиж тангарагийн баярт зориулсан 128 бөхийн барилдаанд түрүүлж, зун нь аймгийнх нь баяр наадамд зодоглон 128 бөхөөс тус аймгийн арслан Гомбодоржийг хаян түрүүлж аймгийн арслан цолоо авсан аж.
Тэгэхэд их насанд алдарт “Нийгмийн хонгор” морь мөн түрүүлж байжээ. Наадмын өмнөх өдөр бэлтгэлээс буух гэж байхад нь нэг тууварчин өвгөн таараад мах, айргаар дайлах зуур түүнийг мэргэлээд “Чи маргааш түрүүлэх юм байна” гэжээ. Тэр үгэнд ихэд урамшин зоригтой барилдсан гэж Шараа гуай хуучилдаг юм. Уг наадамд түрүүлэхэд нь тэр үеийн армийн генерал Дорж гуай цэргийн хүүхэд түрүүлсэн байна гэж ихэд баярлан сарын чөлөө өгч нутаг руу нь явуулжээ.
Мөн Дорж генерал албаа хааж дуусаад Алдарт ир гэж тушаасан гэдэг. Шараа гуай ч хэлснээр нь 3 жилийн албаа хаагаад халагдахдаа Алдар нийгэмлэгт ирж аварга Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, заан Ч.Гочоосүрэн, Ё.ИШГЭН начин Даваасүрэн, Бүрэнзэвсэг, а.а Буянбаатар СГТ Оюунболд зэрэг бөхчүүдтэй хамт бөхөөр хичээллэж байв. Тэр үед бөхийн багш нь Дамдиншарав гуай байсан агаад чөлөөт, жүдо, самбо, үндэс зэрэг бөхийн бүх л төрлөөр барилддаг байсан аж. Самбо бөхөөр хүнд жинд УАШТ-ний хүрэл медальтай, зүүн бүсийн тэмцээний аварга болж байлаа.
Алдарт хоёр жил болоод хөдөө Дэрэн сумандаа очиж суурьшсан даа. Сумынхаа наадамд 10 удаа түрүүлж ойр сумдын наадамд ч хэд хэд түрүүлсэн. Жишээлбэл Говь-Угтаалын 60 жилд түрүүлж, Дэлгэрцогтын 60 жилд ц.з Чулуундаваатай үлдэн үзүүрлэж байв. Шараа гуайн дархан мэх нь тонгорох, суйлах, мордох. 1992 оноос хойш биеийн байдлаас шалтгаалан барилдахаа больсон гэнэ лээ.
Одоо тэрээр Улаанбаатар хотод үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт энх тунх амьдарч байна. Мөн Шараа гуай хамт барилдаж явсан бөхчүүд найз нартаа Бөх сониноор дамжуулан мэнд хүргэж байна гэснийг энд уламжлахад таатай байна.
Дундговь аймаг, Дэрэн сум Н.Баянбаатар
Эх сурвалж: “Бөх”

URL:

Сэтгэгдэл бичих