“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн боловсролыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв
Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /БОНХЯ/ болон Швейцарийн Хөгжлийн Агентлаг/ШХА/-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар хамтран “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн боловсролыг дэмжих” техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо.Санамж бичигт БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд болон ШХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Феллман нар гарын үсэг зурлаа.
БОНХЯ-наас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан болон БШУЯ, ШХА-аас 2007 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн “Эко сургууль хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх зорилгоор талууд “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн боловсролыг дэмжих” төслийн баримт бичгийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна.
Төслийн баримт бичигт байгаль орчин, экологийн боловсролын өнөөгийн байдал, монголд хэрэгжүүлсэн эко-сургууль санаачилга, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлажээ. Цаашлаад Тогвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн төслийн цогц баримт бичгийг шийдвэрлэх төслийн цогц баримт бичгийг 2013 оны эхний зургаан сарын хугацаанд боловсруулж, хэрэгжүүлж эхлэх юм. Энэхүү төсөл нь Монгол улсын байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого, холбогдох Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангана. Мөн Монголын хүүхэд залуучуудад байгаль орчноо хамгаалдаг, зохиостой ашиглаж ирсэн уламжлалт соёл мэдлэгээ сэргээх, хэмнэлттэй ногоон хэрэглээг албан болон албан бус боловсролоор дамжуулан төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.
www.fact.mn
URL: