Ногоон нуурынхан бохирын усны үнэрээс дайжиж эхэлжээ
Бохир асгадаг цооног
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Ногоон нуур орчимд байрлах хөрсний ус зайлуулах худагт бохир юүлээд байна гэх иргэдийн гомдол манай сонинд ирлээ. Гомдлын дагуу манай сонины сурвалжлах баг газар дээр нь очин сурвалжлав. Дээр дурдсан хөрсний ус зайлуулах худаг нь 32-ын тойргийн Шинэ замын чанх хажуу талд байдаг.
Зузаан цементэн таг хэлтгий тавьчихсан нүх уур цан савсуулан угтав. Жаахан дөхвөл эвгүй үнэр ханхийж, эргэн тойронд нь мөс хөлдөж ойртохын аргагүй овоорчээ. Эдгээр ус зайлуулах худгийг 2009 онд VII хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд нээсэн аж. Шинэ зам дагуу 500 метрийн зайтай ийм худаг гурав бий. Цаашлаад “Судалт” төвийн автобусны буудлын дэргэд бас байдаг аж. Учир нь Ногооннуур орчим намгархаг, усны түвшин дээр учир ийнхүү ус зайлуулах шугам нээжээ. Үүний буянаар тэр хавийн айл өрх сүүлийн жилүүдэд бороо хур орвол үерлэх, усанд автах айдасгүй болсон байна. Гэтэл 2009 оноос хойш энэ худгуудад нууцаар бохирын ус юүлэх болсон нь оршин суугчдын тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд нөлөөлөх болжээ.
“Манайх 1968 оноос хойш 40 гаруй жил энэ хашаанд амьдарч байна. 1992 оноос өмнө Шинэ зам тавьсан хэсгээс цааш том нуур байсан юм. Өвөлдөө энэ хавийн хүүхдүүдийн тоглож нааддаг мөсөн гулгуурын талбай болдог байлаа. Маш цэнгэг устай. Эртнээс лам нар ундандаа хэрэглэдэг байсан гэлцдэг. Сүүлдээ гэр хороолол тэлснээр усны түвшин багасч ширгэхэд хүрсэн. Сүүлдээ барилгажилтын ажил эхлүүлэхийн тулд хөрсний усыг шавхах зориулалтаар нуур байсан хэсэгт ус зайлуулах худаг нээсэн хэрэг. Гэтэл сүүлийн хоёр жил том том бохир соруулдаг автомашинууд энэ ус зайлуулах шугамд бохироо юүлэх боллоо. Үүнд бид маш их бухимдаж байна. Эхэндээ шөнө оройхон, хүн амьтны хөл татрахаар ирдэг байсан бол одоо гэгээн цагаан өдрөөр шууд хийчихдэг болсон. Үүнээс болж хөрс, агаар бохирдож байна. Бохир юүлсний дараа салхин доор байгаа айлуудад тэсэхийн аргагүй эвгүй үнэр тархдаг” гэж Сүхбаатар дүүргийн 11 хорооны оршин суугч Н.Лхагва хэллээ.
Бохир асгаж байгаа эдгээр худаг гэр хороолол дунд буюу хүний нүдэнд төдийлөн өртөөд байхааргүй газар учраас далимдуулагчид ийнхүү сиймхийчилдэг аж. Харин өмнөхөн талд нь байрлах ус зайлуулах худгийн ойролцоо хүнсний дэлгүүр, зочид буудал байрладаг, хүний хөл ихтэй тул тийшээ бараг зорьдоггүй гэх. Харин нэг орой бохир юүлэхээр завдахад нь ус түгээгч Б.Цэцэгээ очиж маргалджээ. Тэрбээр бохир хийлгэхгүй гэж хэрэндээ зүтгэсэн боловч түлхэж унагаад бохироо юүлээд давхиж одсон гэнэ. Эвгүй унаснаас болж гараа гэмтээснээ ч тэрбээр хэлж байлаа. Ус түгээгчийн эсэргүүцэх нь аргагүй биз. Иргэдийн ундны усны ойролцоо ийнхүү бохир асгаж буй нь ундны усыг бохирдуулах магадлалтай шүү дээ. Тэрбээр хэсгийн ахлагчдаа хэд хэдэн удаа өргөдөл өгсөн гэнэ. Тус хорооны хэсгийн ахлагч Рагчаадулам ч энэ байдлыг сайн мэдэж байгаа гэж оршин суугчид хэлсэн. Цөхөрсөн иргэд нийслэлийн 310005 утсанд удаа дараа мэдэгдсэн ч холбогдох газруудад нь уламжилъя гэхээс өөр хариу өгдөггүй байна. Эцэст нь иргэд дүүргийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагчид байдлыг танилцуулжээ. Харин тэрбээр “Та нар зургийг нь аваад баталгаатай эх сурвалж үзүүл. Баримтгүй бол хүлээж авахгүй” гэсэн байна. Энэ талаар Б.Даваатөмөр байцаагчаас утсаар холбогдож лавлахад “Энэ байдлыг анхааралдаа авсан. Бид оршин суугчдын тэмдэглэсэн автомашины дугааруудыг Замын цагдаагийн газарт тэмдэглүүлчихсэн байгаа. Удахгүй ямар байгууллагын машин бохир асгаад байгаа нь тодорхой болно” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
Оршин суугч Ц.Пунцагдулам “Бид бохир асгасан машины дугаарыг тэмдэглэж авдаг. Зургийг нь авах гэхээр биднийг гэрээс гараад очих хооронд аль хэдийнэ асгачихаад давхиад явчихдаг юм. Ядахад өдөр голдуу хүүхэд хөгшид гэрт байдаг болохоор самгардаж байгаад зургийг нь авч амжихгүй юм. Ойролцоо нь хүлээгээд зогсож байхаар таньчихаад тойроод явчихна. Хойшоо яваад “Судалт” төвийн автобусны буудлын дэргэдэх ус зайлуулах шугамд хийдэг гэсэн. Жолооч нар нь биднээр доог тохуу хийгээд авч хэлэлцдэггүй юм. Тэр ч байтугай нэг нь “Бид ямар энд амьдардаг биш. Ямар хамаатай юм” гэж хэлсэн хэмээн гомдоллож, биднийг автомашины дугаарыг тэмдэглэж авахыг хүсэв. Түүний тэмдэглэлд 4931 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн том оврын, 2362 УБН, 7706 УББ улсын дугаартай автомашинууд бүртгэгджээ. Бохир асгуулахгүй хэмээн маргалдсанаас зодуулах шахаж гэмтсэн ус түгээгч 102 уруу залгаад тусламж хүсэхэд мөн л хэн ч ирээгүй аж. Өнөөх нийслэлийн иргэдийн санал сонсох уриатай 1111, 1200 утсанд хандах гэхээр ерөөсөө утсаа авдаггүй юм билээ гэлцэв. Бидний очсон гурван худгийн нэгнийх нь таганд бүр шланк оруулах зай гаргажээ. Уг нь баргийн хүн нээхээргүй зузаан, хүнд тагтай юм. Гэтэл нөгөөдүүл төмөр авч ирээд хөшөөд онгойлгодог аж. Ийнхүү Ногоон нуур орчмын айлууд утаа гэхээс илүүтэй бохирын үнэрээс залхаж зарим айл хашаа байшингаа түрээслээд өөр тийшээ нүүсэн сурагтай. Зун утаагүй боллоо гэж бодоход бохирын үнэр утаанаас дор гэдгийг тэндхийн оршин суугчид дахин дахин онцолж байсан юм.
Тус дүүргийн 11 дүгээр хороо 3000 гаруй айл өрхтэй аж. Арга нь барагдсан 10 гаруй оршин суугч ШӨХТГ-т өргөдөл бичиж хүргүүлэхээр бэлтгэснээ хүртэл үзүүлэв. Дулааны улирал эхэлж, хөрс гэсэхээр хүүхэд, хөгшдийн дунд гэдэсний өвчин ихэсдэг талаар ч дуулгасан. Энэ нь хөрсний бохирдол ямар төвшинд хүрсний илрэл биз ээ. Шавар шавхай тогтсон, элдэв үнэр ханхлуулсан хөрс бүхий газар, талбай нийслэлд хаа сайгүй байгаа болохоор хөрсний бохирдол хэрээс хэтэрч байгааг хэлсэн, халагласан, сануулсан хүн цөөнгүй. Гэр хороолол 300 мянга гаруй хашаатай гэсэн судалгаа бий. Хашаа бүр модон жорлон, муу усны нүхтэй гэж тооцвол хөрсний бохирдлыг ёстой нэг “үйлдвэрлэж” байгаа нь тодорхой. Гудамжны үзүүр, хашааны хаалган дээр“Гэр хорооллын жорлон, муу усны бохир цэвэрлэнэ, соруулна” гэсэн зар элбэг. Тэгэхээр нэр ус нь тодорхой бус дээрх зарын эзэд ийнхүү бохироо хаа сайгүй юүлж ч байж магад.
“Утааны асуудал зөвхөн хүйтэн, сэрүүний улиралд хүндэрдэг. Харин хөрсний бохирдол бол жилийн дөрвөн улиралд хуримтлагдан, хүн амын эрүүл мэнд хийгээд улс орны хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлж байгаа” гэж мэргэжилтэн, судлаачид сануулсаар байна.
ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд нийслэлийн хөрсний бохирдлыг судалжээ. Тэд нийт 219 цэгээс хөрсний дээж авч бохирдолт, экогеохимийн судалгаа явуулсан байна. Тодруулбал, хөрсөн бүрхэвч, голын ёроолын хурдас, тоосны химийн бохирдолт, барилга байшин доторхи шорооны бохирдолтын төвшнийг тогтоосон байна. Эл судалгааны дүнгээр хөрсний бохирдлын төвшин асар өндөр гарсан байна. Хөрс хамгийн ихээр бохирдсон газраар арьс, ширний үйлдвэр, Ногоон нуур, 100 айл орчмын нутаг дэвсгэр тэргүүлсэн байх юм. Мөн хэн дуртай нь “морь харж”, хог новшоо чулуудаж орхидог томоохон хүнс, барааны зах орчим, түүнчлэн гэр хорооллын хөрсөнд агуулагдах хром, хар тугалга, никель зэрэг хүнд металл байх ёстой стандарт хэмжээнээсээ 3-4 дахин их гарчээ. Арьс, ширний үйлдвэр, гэр хороолол гэсэн ялгаваргүйгээр ийн хүнд металл хэмжээнээсээ хэд дахин давсан үзүүлэлттэй гарсан нь хотын хөрс нэлэнхүйдээ бохирдсоныг гэрчлэх мэт. Нарийвчилбал, Улаанбаатарын хөрсний хромын дундаж агууламж өмнө нь 71.3 байсан бол зарим газарт 1512-1548.8 хүрсэн нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Харин арьс, ширний үйлдвэр, урьдчилан цэвэрлэх байгууламжийн орчимд хромын бохирдолт 637-555 байжээ. Өөрөөр хэлбэл, бохирдоогүй хөрснөөс 20-30 дахин их байгаа юм. Энэ нь стандарт хэмжээнээс 3-4 дахин их гэсэн үг.
Хөрсний бохирдол элдэв халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хөрсийг ариутгах нь хүн амыг элдэв халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмээн онцолж буй. Энгийн эгэл биетэн, ялааны авгалдай, өт хорхой, бактери, вирус зэрэг бичил биетэн хөрсөнд амьдардаг. Харин өвчин үүсгэгч нян тэднээс илүү удаан хугацаагаар хадгалагдаж, өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг байх юм. Тухайлбал, хөрсөнд цусан суулга 25-100, балнадын нян 100- 400, полимиелитийн вирус 100-150 хоног “амьдрах” чадвартай. Эдгээр нь хөрснөөс хүнд халдварлаж өвчлүүлдэг байна. Хамгийн аймшигтай нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авах эрсдэлтэй ажээ. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг намжаах арга хайсан нь арай л үр дүнтэй ажил болж мэдэх юм. Ингэхийн тулд юуны түрүүнд ус, агаарын бохирдлыг багасгах хэрэгтэй. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах нь чухал. Хамгийн наад зах нь хогийг ил задгай хаяхгүй байх нь хөрсний бохирдлыг хумих гол арга юм.
URL: