“Монголоор дутах дэлхий..” номноос /№09/
Догшин булаг, удган мод, уул овооны тахилга, тайлгын экологийн утга учир
Хүн та төрсөн нутагтаа байсан дээрх газруудын жагсаалтыг гаргаад үзэгтүн. Статистикийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд, Монголд 5 орчим мянган ийм хорио цээр тогтоож байсан бололтой. Эд бүгдээрээ дархан газрууд. Талбайн хэмжээ нь маш бага. Тоо нь маш олон. Энэ бол хүн, амьд байгаль хоёр зэрэгцэн орших шинжлэх ухааны үндэс юм. Бусад суурин иргэншлийнхээс зарчмын том ялгаа байдаг нь нүүдлийн МАА өөрөө Монголын экоцогцолборын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг. Их говийн дархан газраас малчин өрхүүдийг нүүлгэн гаргаснаар тэнд байсан хавтгайн тоо эрс цөөрөх шалтгаан болсон байх юм. Яагаад гэвэл говь нутгийн саарал боохой малчдын мал сүргээс хоол хүнснийхээ тодорхой хэсгийг хангадаг байсан бол, одоо тэдний гарын дор олз нь хавтгайн ботго болж хувирчээ. Бас чонотой хийдэг малчин ардын тэмцэл тоо толгойд нь байнгын цөөлөлт болдог байна. Их говийн дархан газар чонын сүрэг өсч, тэр хэмжээгээр хавтгайн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна лээ. Бас байгалийн усны нөөц багасаж байгаа нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Говийн мазаалай, хавтгайн сүргийн талаар “тахь” төсөлтэй ижил арга хэмжээ нэн яаралтай авахгүй бол тун удахгүй устаж үгүй болох аюул нөмрөөд байгааг энд сануулмаар байна.
Зэрлэг хөхтөн амьтдыг монголчууд хамгаалахдаа, тэдний тархсан ареал нутагт нэгээс хоёр, зарим тохиолдолд түүнээс ч олон агнахыг хориглосон багахан хэмжээтэй нутаг тогтоож өгч ягштал мөрдөж ирсэн уламжлал байна. Тийм газрууд ихэвчлэн тухайн амьтдын нэрээр нэрлэсэн байх нь цөөнгүй. Жишээлбэл, Бугат нэртэй ууланд буга байнга шивээлж, байгаа бугыг хэзээ ч бууддагүй байна. Шалтгаан нь гол төлөв домгийн шинжтэй, домгийн сэдэв газар газар янз бүр байх. Бугын хаан 25 салаа гоо зандлаа байдаг, хэн нэгэн анчин буга намнаад газар дээрээ өнгөрсөн, эрдэнийн цагаан буга байдаг гэх мэт… маш олон хувилбартай… Зарим газар бугыг зориуд нутагшуулсан учир хүмүүс намнадаггүй байжээ. Ийм тохиолдол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Ховд сумын нутагт тус тус тааралдаж байлаа. Аргалан дээлтэй ахыгаа андуурч буудсан гэх, Говь-Алтай аймгийн 1000 угалзатын нуруунд урьдын цагт аргаль агнах хориотой байсан юм билээ.
Увс аймгийн Түргэн сумын Хөсрөөн гануу, Тарвагат жалга, Онцын адарга гэх газруудад тарвага алахыг хориглож, тэднийг тахлын эсрэг өртөөчид гэж тайлбарладаг байлаа.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын ууланд тэх эс агнахын домгоор дорнын их Яруу найрагч Явуухулан Тэхийн зогсоол алдарт найраглалаа бичиж үлдээсэн байх юм.
Бас зэрлэг ан амьтдыг агнах эрхийг тусгайлан олгож байсан баримт байна. Хүн болгон тааралдсан болгон луугаа буу шагайдаггүй байж дээ. Миний өвөг Бархай овогтой Эвэг гэгч аранга бугатай таарч арван өдөр дагаж байж намнаад цусан эвэр бэлтгэх зориулалтаар буга намнах эрх авч байжээ. Нутаг нутгийн анчин отгийнхон тухайн хошуу нутгаас цэрэг дайнд дайчлагдах үүргийг хүлээдэг байлаа. Хошууны цэрэг эрсийн жагсаалтанд эс орогсод хулганы хамраас цус гаргах эрхгүй байлаа.
Цаг бус цагаар ан хийх хориотой байлаа. Хасбаатарын цэрэг партизан Жамхүү гэгч зургаан сард тарвага алаад 25 банз хүртэх болчихоод ялаа эдлэхээр хүлээж байтал Далай хаанаас яаралтай цэрэг дайчлах зар ирсэн тул түүнийг явуулах хүний тоонд оруулан, ирэх хүртэл ялыг нь хойшлуулж байжээ.
Богд ууланд бугыг хоморголон устгаж эхлэхэд, амжиж нэг хэсэг нь Хустайн нурууны дархан газрын дээсийг алхаж амиа авч гарсан нь бидний нүдэн дээр болсон бодит үнэн мөнөөс мөн. Дархан газарт ан амьтдыг хамгаалж ирсэн түүхээс үзэхэд нэг иймэрхүү. Талбайн хэмжээ бага, харж хамгаалахад хялбар байх шаардлага хамгийн чухал бөгөөд хуулиа яс мөрдөөд эхлэхэд тэнд ан амьтад байгаа эсэх нь чухал биш, үр дүн нь ярих юм байхгүй, зэрлэг амьтдын зөн совин гэж агуу юм байдаг.
Догшин булгийн ус нь тунгалаг болоод ариухан даа… Булаг, шандын усанд бохир оруулбаас лусын нүдэнд цагаа унаж зовно. Монгол хүн насандаа хараагүй эрхэм Лусын төлөө санаа тавьж заншсан байлаа. Бохир шанагаар ус утгах, хувин саваар утгаж авах зүгээр л нүгэлд тооцогддог. Энэ нь бүр Эзэн Чингэсийн Их Ясаа хуулиар цаазлан хориглосон заалт юм.
Удган мод гэж огтлох хориотой байлаа, учир нь тодорхой хүн ойжуулах зорилгоор зориуд тарьж ургуулсан байх юм билээ. 1756 онд Амарсанааг Оросын хил рүү гаргаж өгөөд салсан газар, үдэгсэд уулзахын ерөөл бэлгэдлийн ганц мод тарьсан газар ойн төгөл үүссэн байхыг хожим хувьсгалын жилүүдэд огтолж дуусгасан тухай баримттай таарч байлаа.
Увс аймгийн Сагил сумын нутагт Амарсанаагийн явж өнгөрсөн замыг дагуулж тарьсан, манжийн цэргүүдээс нуугдаж амь гарсан газруудад хүний гараар үүссэн ойн төгөл байлаа.
Түргэн сумын нутагт байсан догшин Хуст булгийн гунигт түүхийг дээр өгүүлсэн билээ. Говь-Алтай аймагт булгийн тархинд мал, хүн байтугай зэрлэг араатан амьтад хүртэл ойртдоггүй ёсыг хэвшүүлсэн байсан нь ундааны усны цэвэр ариун хамгааллын оргил, зүгээр л ид шид гэж үзэхээс өөр аргагүй байдаг. Хулан тахийн усыг хөндөх, хүн малын ундааны зориулалтаар ашиглах хориотой…
Ургамлын тодорхой зүйлүүдийг хамгаалах хорио цээр, Завхан аймгийн Сонгинохайрханд сонгино авахыг, Увсын Хартэрмэс болоод Отгонтэнгэрийн рашаан сувиллын дэргэд могой оролдох хориотой…
Уул усны тахилга, гол нь залуучуудад байгаль хамгааллыг өвлүүлэх ёс заншил байсан болохоос, өнөөдрийнх шиг мухар сүсэгтнүүд уул овооноос мөнгө, эд баялаг гуйх зорилгоор цацах мөнгө төгрөг, архи, хадаг самбай, сонгуулийн сурталчилгаа байгаагүй. Хун, ангир, шар шувуу, хэрээ, шаазгай, тогоруу, хараацай, сар, тоншуул, хөхөө, өвөөлж, тас шувуу алах хориотой, шувууны үүр эвдэж бусниулбал төмөр дөрөө тасартал хараадаг… Ардын хувьсгалын жилүүдэд хойлог, алтангургалдай, цэнтогоруу, хотон зэрэг шувуудыг бас дархан цаазтай болгож байжээ. Хулан, тахийн сүргийн азаргыг буудахыг дээр үед хориглож байсан юм билээ. Монголд тахь устсан гол шалтгаан нь тахийн унагыг барихын тулд эхлээд азаргыг нь буудаж байсантай холбоотой байдаг. Хүн ард олноор нутаглахын эсрэг хорио цээрийг, нэгдүгээрт байгалийн нууцлагийг хадгалах, хүний амь насанд аюултай нь батлагдсан газар, бас зэрлэг амьтдын байршилт шилвээлэхтэй холбоотой байна. Говь нутагт булаг шандын ойролцоо айл гэр буухыг аль болох зайлсхийж ирсэн нь задгай усыг зэрлэг амьтдад үлдээж хүн мал нь нэг бол нуур цөөрөм, баянбүрд, нэг бол худагны усаар ундаалж байх Өгөдэй хааны зарлигтай холбоотой байна. Байгалийн нууцлагийг хадгалах хорио цээрт Архангайн зуун салаа мод, Говь-Алтайн Ээж хайрхан, хүний эрүүл мэндэд аюултай учир Дорноговийн Халзангийн рашаан булаг, зэрлэг ан амьтдад зориулж чөлөөлсөн усны ундаргууд Дорноговийн Зүлэгтийн булаг, Хатанбулаг, Зээрийн ус, одоогийн тур бааз байгаа Өмнөговийн Ёлын аманд дээр үед хүн мал нутагладаггүй байсан гэнэлээ шүү…
Ер нь байгалийг танин мэдэх гэж оролдох илүүдэхгүй, цагтаа Зуун салаа модны учрыг олох гэж судалж байлаа. Тэгээд учрыг нь олсон минь бүр хожим, Увс аймагт хувийн жимсний талбайд бутлалтын тоог нэмэгдүүлэхэд их хэрэг болсон юм даа.
URL: