Хорих ангиар “эргэлдэгч”
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ сүүлийн үед хорих ангиудаар эргэлддэг ажилтай болов. Гадуур хүмүүс түүнийг “З.Баянсэлэнгэ гишүүний хашиж буй албан тушаалынх нь дагуу энэ нийгэмд тулгамдаж буй өчнөөн асуудал байхад байсхийгээд л хорих ангиудаар аялах ажилтай болчихсон нь ямар учиртай юм бэ” хэмээн нэлээд бухимдангуй хандах хүн олон болжээ. Өчигдөр л гэхэд зарим хорих ангийн ажил, байдалтай танилцана гэх мэдээ цахим хуудсаар гарсан.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогдсон онцгой гишүүнийг нэрлэ гэвэл хэний ч санаанд оромгүйгээр гишүүн болсон хатагтай түүнийг нэрлэнэ байх. Анх гишүүн болж байхдаа “Ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийгөө зориулна” энэ тэр гэж баахан амлалт өгч байсан З.Баянсэлэнгэ гишүүн өнөөдөр намын дарга Н.Энхбаярыг анхаарахаас өөр ажил хийж буй нь нүдэнд бараг үзэгдсэнгүй. Гэтэл өнөөдрийн Монголын нийгэм ямар байгаа билээ. Гадуур гудамжинд, дэлгүүр хоршооны үүдэнд мөнгө гуйсан хүмүүс, амьдралын эрхэнд хүүхдээ эмнэлэгт төрүүлчихээд хаяад зугтдаг эхчүүд, гэр хорооллын айл өрхүүдийн амьдралын дорой байдал, сургууль соёлоос завсардсан хүүхдүүд гээд тулгамдаж буй асуудал толгойн үснээс их байгаа. Нэгэн үед тодруулбал гишүүн болохоосоо өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-ээр хүртэл хэрэг үүсгэгдээд байсан удаатай. Харин одоо эрхэм гишүүн та хууль, хорихоор эргэлдэлгүй өөрт ногдсон ажлаа хийхийг цаг хугацаа шаардаж байгаа бололтой шүү.
Л.Баатархүү
URL: