Tөрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг гаргав

04KJHHJHJJHАвлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээний судалгааг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд шударга ёсны зарчмыг заавал удирдлага болгох ёстой бөгөөд төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог оршиж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг ил тод ба хариуцлагатай байдлын нийт 13 дэд үзүүлэлтээр үнэлдэг ажээ. Судалгаанд оролцогчид 1-5 хүртэлх үнэлгээ өгдөг бөгөөд тухайн төрийн байгууллагын шударга байдлын түвшин 5 руу дөхөх тусам сайн гэж дүгнэх учиртай юм байна.

“Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин-2012″ судалгаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, газар, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг 10 салбар байгууллага хамрагдсан байна. Төрийн үйлчилгээний дээрх салбаруудын шударга байдлын түвшний үнэлгээ 2012 оны байдлаар дунджаар 3.38 пункт байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 0.61 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь сүүлийн хоёр жилд төрийн байгууллагын шударга байдлын түвшин дээшилснийг илэрхийлж буй үзүүлэлт юм байна. Гэвч салбар бүрийн хувьд харилцан адилгүй байгаа нь төрийн байгууллагуудад шударга байдлын түвшингээ нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай гэдгийг Авлигатай тэмцэх газрын судалгааны дүн харууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих