Би хүний нутагт үхмээргүй байна…

Энэ үгийг тэр бүсгүй миний яахүү-жоорт бичиж үлдээсэн байлаа. Нутгийн маань нэг дүү хүү надтай хамт ажиллаж байхдаа элдвийг хөөрч, сонин хачин дэлгэж ярихын далимд өөрийнхөө хамаатныхаа эгчийг Турк улсад  зовж байгаа тухай ярьсан юм. Энэ эмэгтэй түүний ээжийнх нь төрсөн дүү бөгөөд зээ дүүдээ зовж яваа тухайгаа дэлгэрэнгүй ярихаас ичсэн үү эсвэл нэрэлхсэн үү мэд *энд хэцүү байнаа* гэж бүдэг бадаг тоймлоод орхисон бололтой.  Нэг монгол хүүхний хамт  турк айлд гэрийн ажил хийдэг, нөгөөдөх нь их дарамталдаг бололтой, өөрийнх нь бодлоор монгол руугаа буцмаар байна, даанч эндээс гарч чадахгүй байна гэж хэлснийг нь дуулаад түүнтэй холбогдож хэрвээ үнэхээр явах санаатай, байгаа газраасаа гарч чадахгүй нь үнэн юм бол туслая гэж бодоод цахим шуудангийн хаягийг нь авч холбогдсон юм. Санжжав овогтой Дашмаа гэж өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй өдгөө 40 гарсан, гурван хүүхдийн эх нэгэн бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хэдэн халтар төгрөг ахиу олчих зорилго өвөртлөн дүүгийнхээ хамтаар Турк улсад ирсэн юм байна. Ажил хийх болзол, ажлын нөхцөл, цалин хөлсний хэмжээ, хүн зоных нь харьцаа соёл нь таалагдаагүй тул дүү нь удаж төдөлгүй монгол руугаа буцаж харин Дашмаа зуучилж өгсөн монгол хүний хэлснээр айлд ажил хийхээр үлдсэн байна. Түүний хэлснээр зовж зүдэрч байж олсон хэдэн цаасаа том хүүдээ зориулж монголд нэгэн дээд сургуулийн бараа харуулсан гэж надад ярьсан юм. Ингээд өөрийнхөө амьдарч байгаа тухай : Анх ирээд хүүхдүүдийнхээ төлөө энд ирснээ бодоод ядарч сөхрөхийг мэддэггүй ажилласан. Өөрийнх нь үеийн монгол хүүхэнтэй хамт ажилладаг боловч тэр хүүхэн нь арай эрт энэ айлд орсон болохоор Дашмааг дээрэлхэж илүү ажил хийлгэж үйлийг нь үзэж, ясыг нь цайлгадаг бололтой. Өглөө эрт ажил эхэлж үдэш 22 хүртэл ажилладаг. Авдаг хөлс нь сардаа ердөө 400$ боловч сүүлчийн 6 сарынхаа цалинг аваагүй гэж байна. Цалингаа нэхэхээр өгнө л гэдэг. Хамт ажилладаг бүсгүй нь юм л бол *ална шүү, чамайг хэн мэддэг юм* гэж байнга загнадаг. Гадаа гарах гэхээр цагдаа чамайг бариад авна, хэдэн жил шоронд суух гээ юу гэж айлгадаг. Хэд хэдэн удаа толгой руу балбаж, мангар тэнэгээр нь дууддаг нь намайг түүнтэй чаатлаж байх хооронд нөгөөдөх ирлээ гээд байн байн тасалж компьютерээ унтрааж байснаас үзэхэд арай худлаа бичээд байгаагүй болов уу гэж би хувьдаа таамаглалаа.

Дараа холбогдоё гээд алга болоод хэд хоногийн дараа дахин таарсан юм. Гэтэл айлынхаа комьпютерийг байхгүй хооронд нь ашиглаад авах боломж гардаг ч нөгөө айхтар атмаанаасаа (монгол хүүхэн) айгаад бас тухтай сууж чаддагүй юмаа гэж байх юм. Дахиад л тас… овгор нь дуудсан байх. Ийм л зовлонтой амьдралтай, айж бүлтийсэн нэг эмэгтэй надад чи тусалж  эндээс гаргаж өгөөч гэж гуйсан юм. Байгаа газрынхаа хаяг, нэр  усыг өгвөл би олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандаж тэндээс Турк улсын холбогдох байгууллагуудад факс илгээж өөрийг чинь гаргуулах нэг арга байна, эсвэл Туркэд байдаг Монгол улсын  консулын газарт хандаж бас болох юм гэсэн, гэтэл: Ээ, манай консулаас тэгээд намайг хайгаад гаргаад авчихна гэдэг чинь нэг л санаанд буухгүй байна. Xаягаа өгчихөөр чинь энэ хүүхнээ бас хорлосон болчих гээд байна, бас заримдаа өрөвдөөд байх юмаа, гээд надад хаягаа тодорхой хэлэхгүй байсан болохоор би ч хоосон хий үзэгдэл хөөцөлдөж явахгүй нь мэдээж, тэгэсхийгээд л орхисон юм. Гэтэл саяхан долоо хоногийн өмнө тэр айлынхаа нохойд хазууллаа, 12 шүд зоогдож орсон, ямарч эмнэлгийн тусламж аваагүй хамаг бие хөндүүр, хөх няц болчихоод сууж байна. Дээр нь намайг ажил хийхгүй байна гэж дарамтлаад нулимсаа дуслуулаад хивс арчлаа гэсэн захиаг жооронд үлдээсэн байв.  Үзгээ нэг шүүрч авсан боловч ахиад л хий үзэгдэлтэй кинонд тоглох гэж байгаа биш дээ гэж бодоод орхисон юм. Гэтэл өнөөдөр *би хүний нутагт үхмээргүй байна* гэсэн таван үгийг сонсоод өөрийн эрхгүй та бүхэн, төр засагт үүнийг яаралтай дуулгаж байна. Энэ хүний амь нас үнэхээрийн үхлийн ирмэг дээр ирчихсэн болоод л энийг бичиж үлдээжээ гэж бодогдлоо. Аливаа хүн хараар амьдарч байна уу, аялж жуулчилж байна уу ялгаагүй тухайн улсынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Консулын газартаа өөрийгөө бүртгүүлж байгаарай! Консулын ажилчид гэж хамраа сөхсөн их зантай төрийн жижиг албатууд иргэддээ ихэмсэг дээрэнгүй хандсаар л ирсэн болохоор иргэн чинь хүртэл итгэж чадахаа больсон гэдгийг мэдэрч буй заа. Гэхдээ бүх газарт адилхан бишээ, цагийн аясаар хуучны юм өөрчлөгдөж цагаан захтангууд үүргээ ухамсарлаж эхэлж байгааг би үгүйсгээгүй. Чи надтай адилхан монгол хүн байж яахаараа ингэж намайг дээрэлхээд байдаг юм бэ гэсний хариуд : Олон юм битгий хуцаад бай, алаад хаячихна шүү, явж ажлаа хий гээд нүд рүү чичиж, толгойг нь цохидог атмааны нэр  Намсрайн Эрдэнэцэцэг. За тэр туркуудэд хайртай атмаан тэндээ үлдэнэ л биз харин тусламж эрсэн  иргэнээ татаж авах тал дээр Монгол улсын холбогдох байгууллагууд нэн даруй яаралтай арга хэмжээ авна уу!

Жич: Дашмаа, холбогдох утас ч надад байдаггүй гэж байсан боловч

0090 53 76 050 412 гэсэн дугаарыг бичиж үлдээжээ.

http://news.banjig.net/news/read/10620

Өгөөмөр                                                                   Швейцарь улс


URL:

Сэтгэгдэл бичих