Харүмафүжи ганцаараа босоо байна

byambadorj_harumafuji-middleМэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотноо үргэлжилж байна.

Тэмцээний туулах замын тэн хагас нь өнгөрөхөд сүмогийн 70 дахь ёкозүна, монгол сүмоч Харүмафүжи Д.Бямбадорж ганцаараа унаагүй есөн даваагаар энэ удаагийн тэмцээнийг тэргүүлж явна. Түүний араас ганцхан унаатай ёкозүна Хакүхо нэхэж байгаа юм.

Хацү башё эхний үеэсээ л озеки цолтнуудад халгаатай байсан. Тэмцээний дунд үед Кисеносатогоос өөр хоёр унаатай хүнгүй болов. Какирюү мөн гурав уначихсан явна. Котоошюү ч мөн адил. Өмнөх тэмцээнд кодабон болж озеки цолоо хураалгаад секиваке цолтойгоор барилдаж байгаа Эстон сүмоч Барүто одоогийн байдлаар дөрөв сөхөрчихөв. Тэр озеки цолоо эргүүлэн авч чадамгүй нь бололтой. Харин маэгаширагийн барууны 14-өөс боссон Такарафүжи хошуучлагчдын эгнээнд яваа бөхийн нэг болов.

Мөн Такаясү, Шёотэнро, Точиновака нар тэргүүлэгчдийн гурав дахь эгнээнд жагсч байгаа юм. Энэ тэмцээний үеэр сүмогийн домогт их аварга Тайхо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь Японд эмгэнэлт явдал болж байна.

Сүмочид Тайхогийн шарил буй Оотакэ дэвжээнд очиж их аваргатай салах ёс гүйцэтгэж байгаа аж. Түүнийг оршуулах ёслол энэ сарын 30-нд болох тул Оотакэ дэвжээнийхэн тэнд бэлтгэлээ хийхээр болжээ.

Монгол сүмочдоос Асасекирюү жюрёод амжилт тааруухан барилдаж байгаа аж. Хэрэв тэр дахин зиндаа доошилбол дэвжээ нь цолтой бөхгүй болох цаг нүүрлэж байгаа юм байна. Найман өдрийн дараах байдлаар Токитэнкү дөрөв, Кёкүтэнхо хоёр, Тамаваши гурван даваатай явна. Харин башёг Монголын хоёр аварга өнгөлсөн хэвээр. Япон сүмочдоос гайгүй барилдах болов уу гэсэн бөхчүүд нь унаагаа нэмсээр “уяа сойлго” тааруухан нь харагдсаар байна.

Д.Надмид


URL:

Сэтгэгдэл бичих