Мөнгө угаагчдын сүлжээг илрүүллээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн өмчит Монголын иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон болон “Монголиан эйрлайнес” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Учир нь тэднийг мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан хуулийн байгууллага баривчилсан байна. Мөн Ч.Хоролсүрэнгийн ойр төрлийн ах дүү нарыг нь шалгаж эхэлжээ. Түүнчлэн албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Ц.Орхоныг гэр бүлийн хамт баривчилсан бололтой.
Тэднийг “МИАТ”-ын үйл ажиллагаатай холбоотой даатгалын мөнгийг завшсан хэрэгт буруутгасан байна. Ц.Орхон нь 2008-2012 онуудад “МИАТ”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр нарыг мөнгө угаасан гэх энэ хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Мөн МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Түүнчлэн С.Батхишиг гэдэг хүнийг хуулийнхан саатуулжээ. Энэ хүн МИАТ ХК-д ажиллаж байгаагүй. Харин тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байжээ. Гэр бүл найз нөхдийн хүрээнд төрийн өмчит компанийг ашиглан мөнгө угааж, хөлжиж байсан нөхдүүдийг цагдаагийнхан ийнхүү илрүүллээ.
Жич: Өнөөдөр сэтгүүчдэд мэдээлэл хийх үеэрээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн. Одоогоор МИАТ компанитай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд шалгаж эхэлсэн байна. Гэхдээ хэргийг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Уг хэрэгт 5-6 сая доллартай холбоотой хэрэгт хэд хэдэн хүн холбогдон шалгуулж байгаа аж. Хэрэв эл хэрэгт улс төрчид холбогдсон бол АН, МАН гэлтгүй хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэл ээ.
ЦАГ ТӨР
URL: