ХУЛГАЙН ПРОГРАММ ХАНГАМЖААС ТАТГАЛЗАХ ЦАГ ИРЖЭЭ

big_jam_8805УИХ-ын Тамгын газар хулгайн программ хангамжаас татгалзаж нээлтэй эх рүү шилжих бэлтгэлээ хийж байна. Харин энэ программ хангамж руу хэрхэн зардал багатай, хурдан шилжих боломж байгаа талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаар “Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг  УИХ-ын даргын ивээл дор Төрийн ордонд зохион байгууллаа.
Өнгөрсөн оны 12 сард нээлттэй эхийн программын төсөл дээр ажилладаг хүмүүсийн чадварын Монгол Улсын стандарт батлагдсан бөгөөд УИХ-ын тамгын газрын 450 хэрэглэгч энэ чадварыг эзэмшсэн байх ажлын байрын тодорхойлолт гаргаж байгаа юм. Мөн цаашдаа төрийн албан хаагчдыг ийм чадвартай байхыг шаардах юм байна.
Мөн 2013 онд багтан УИХ-ын Тамгын газрын 450 хэрэглэгчид нээлттэй эхийн программ хангамж ашигладаг болох асуудлыг бүрэн шийдэх гэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд дээрх хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “Төрийн программ хангамжийн хэрэглээнд Microsoft-ийн үнийг төлөх үгүй бол нээлттэй эхийн программ хангамжид шилжихийн аль нэгийг сонгох цаг иржээ. Зах зээлийн системд шилжээд 22 жил өнгөрлөө. Одоо дэлхий нийтйин чиг хандлагатай хамт явахгүй бол алийн болгон хулгайн юм хэрэглэх вэ?  Хулгайн юм хэрэглээд байвал үндэсний программ хангамжийн салбар хөгжихгүй, программистууд ажил, орлоготой болж чадахгүй. Дээр нь мэдээллийн аюулгүй байдал ч маш их хурцдаж байна. Хамгийн их халдлагад өртдөг нь Microsoft өөрөө байдаг бол нээлттэй эх харьцангүй гайгүй байдаг. Ийм шалтгаанаар УИХ-ын Тамгын газар нээлттэй эхийн программ хангамж руу шилжихэд бэлтгэж эхэлсэн” гэлээ.
Энэ сарын 16-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэхийг төрийн байгууллагуудад уриалсан юм. Энэ уриалгын хүрээнд УИХ, түүний тамгын газрын байгууллагуудаас анх санаачилга гарган нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэхээр шийдвэрлэж, дээрх хэлэцүүлгийг хийж байгаа нь энэ юм. Тус хэлэлцүүлэгт Монголын залуу программистуудын холбоо, “Линукс” хэрэглэгчдийн бүлгэм төрийн бус байгууллагууд болон “Юу-Эс-Ай” ХХК оролцож байна. Оролцогчид “УИХ, түүний тамгын газрын мэдээллийн технологийн өнөөгийн байдал, бодлого”,”Нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлсэн бусад орны туршлага”, “Нээлттэй эхийн стандарт”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын Тамгын газар болон төрийн байгууллагуудад нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар зөвлөмж гаргалаа.
 Ш.Чимэг

www.orloo.info


URL:

Сэтгэгдэл бичих