Ж.Энхбаяр: Ч.Сайханбилэг бяртай бас омголон байна лээ

jjjСүүлийн үед парламент нанчилдаан ихтэй байх болсон билээ. Түүний нэг нь гишүүн Ж.Энхбаяр, сайд Ч.Сайханбилэг нарын “зодоон”. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд маргалдаж, улмаар Ч.Сайханбилэг сайд Ж.Энхбаяр гишүүнийг заамдаад авсан юм.

Асуудлын талаар гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ч.Сайханбилэг сайд та хоёрын маргааны талаар зарим зүйлийг тодруулья. Нууцын асуудлаас болж танхимын уур амьсгал хуваагдаж, та нөхдийг мэтгэлзүүлсэн гэх ч МАН-ын залуус, АН-ын партизанууд сүүлийн үед таарамжгүй байх болсон юм шиг?

-УИХ-ын чуулганаар Төрийн нууцын жагсаалтыг өөрчлөх тухай хуулийн төсөл орж ирээд УИХ-аас дэмжлэг авалгүй унасан юм. Унаад гурав ч хонолгүй энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанд дахин оруулж ирсэн. Тэр нь юу гэвэл Монгол Улсын иргэдийн хувийн мэдээллийг ил гаргах асуудал. Иргэн таны гэр бүл, ажил мэргэжил, яс үндэс, шашин шүтлэг, харилцах данснаас эхлээд өвчний түүх бүхий л мэдээлэл Монгол Улсын нууцад хамаардаг.

 

Энэ бүхнийг ил болгоно гэдэг хуулийн төслийг оруулж ирсэн. Нөгөө хуулийн төсөл нь Монгол Улсын газар нутгийг нарийвчлан буулгасан 1:100.000 масштабтай газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах. Энэ бол улсын онц чухал нууцад хамаарах асуудал. МАН-ын гишүүд анх удаа байнгын хорооныхоо хуралдаанд албан ёсоор сууж эхэлж байна.

 

Гэтэл тэр асуудлын талаар бидэнд ямар нэгэн хуулийн төслийн танилцуулга ирээгүй. Холбогдох мэдээллээр ч хангагдаагүй. Ийм байтал хүч түрж асуудлыг олонхиороо шийдэх гэж оролдсон. Үүнтэй холбоотой нэлээд зөрчил гарсан. Ялангуяа нууцын зэрэглэлтэй холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг албан тушаалаас нь өөрчилсөн бололтой. Энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байсан гэж би сонссон.

-Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг ажлаас нь халсан нь энэ хуулийн төсөлтэй холбоотой гэж үү?

-Магадгүй. Үүнийг бид тодруулах зайлшгүй шаардлагатай. Мөн Зэвсэгт хүчин, жанжин штабынхан ч дээрх хуулийн төслөөс эсрэг байр суурьтай байгаа. Энэ бол ноцтой асуудал. Монгол Улсын нууцтай холбоотой. Энэ асуудлаар зарчмын саналууд тавьсан. Үүн дээр манай хүн нэлээн бухимдаж, нэлээд уурлаж байх шиг байна лээ. Зарим гишүүд нэлээд ноцтой мэдээллүүдийг ч энэ үеэр хэлж байсан.

 

Үүний цаана тодорхой хэмжээний хийх ажил, бизнесийн үйл ажиллагаа байна гэхчлэн. Тэр ажиллагаа нь иргэдийн нууцтай холбоотой саатсан. Тийм болохоор нууцаас гаргаж аж ахуй бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж магадгүй гэсэн хардлага байгаа юм. Бидэнд хардах эрх бий. Асууж тодруулах зүйлүүд ч олон байна. Тийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлаас дахин завсарлага авч байгаа. Үүнтэй холбоотойгоор л маргаан гарсан даа. Ч.Сайханбилэг сайд маань их бяртай бас их омголон байна лээ. Хувийнхаа характорыг илэрхийлсэн дээ.

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих