УЛААНБААТАР ХОТ 2030 ОНД ЯМАР БОЛОХ ВЭ?

big_145_159Нийслэлийн хүн ам огцом өсч байгаагаас үүдэн сөрөг үр дагаврууд шил шилээ даран гарч байна. Үүнээс үүдэн нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ. Нийслэл хотыг хөгжүүлэхдээ дараах зургаан тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллана.
-Аюулгүй эрүүл ногоон хот
-Амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот
-Сайн засаглалтай дэвшилтэт хууль эрх зүйн орчин бүхий хот
-Хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хот
-Азийн аялал жуулчлалын нэг төв хот
-Дэлхийн хөгжилтэй хотуудын нийтлэг жишигт хүрсэн хот болно.
Хүн амын хувьд 2030 он гэхэд нийслэл хотын хүн амыг улсын хүн амын 50,3 хувь буюу 1,7 саяас хэтрүүлэхгүй байх бодлогыг баримтлах юм. Мөн нийслэлийн дагуул хот, суурингийн хүн амыг шаардлагатай инженерийн болон нийгмийн дэд бүтцийг байгуулахад татвар санхүүгийн дэмжлэг үзүүлэн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх замаар одоогийнхоос 3,5 дахин нэмэгдүүлнэ.

Улаанбаатар хотын төлөвлөлтийг долоон үндсэн чиглэлээр хийх юм.
Хүн амын механик өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх аж.
Эхний ээлжинд алслагдсан дүүргүүдийг эрчимтэй хөгжүүлэх юм байна.
Шаардлагатай инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нийслэлийн дагуул хот болгон эрчимтэй хөгжүүлнэ. 2030 онд алслагдсан дүүргүүдийн хүн амыг өнөөгийн түвшнээс 4,15 дахин нэмэгдүүлнэ.
Хотын захын хороод, дагуул хот, тосгодыг хөгжүүлэхдээ
Хотын захын хороод, хаяа хот, тосгодын хүн амыг 2030 он гэхэд өнөөгийн түвшнээс 3,5 дахин нэмэгдүүлэн захын хороодыг хотын хаалга стратегийн үйлдвэрийн төв хангах нийлүүлэх суурь холбогч чиг үүрэгтэй хөгжүүлэх юм байна.
Шинэ дагуул хотуудыг барьж байгуулах
2030 он гэхэд Улаанбаатар хотод нэг шинэ дагуул хотыг байгуулж 60 мянган хүн суурьшуулна. Тус хотыг нисэхийн “Аэро сити” чиг үүрэгтэй хөгжүүлнэ.

Нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхэд анхаарах юм байна.

Улаанбаатар хотын түвшинд хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк, санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт нягт суурьшилтай хот болгон хөгжүүлнэ. Төр засгийн болон эдийн засаг, санхүү, зах зээл, бизнес, мэдээлэл технологи, спорт, соёл, шинжлэх ухааны олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах хотын шинэ төвүүдийг байгуулна.
Хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчилнэ.Улаанбаатар хот одоог хүртэл дотоод бүтэц, зохион байгуулалт, хил хязгаар нэгдсэн бодлогын хүрээнд орж бүрэлдэн бий болж чадаагүй байна. Үүнийг төлөвлөлтийн бүс, төлөвлөлтийн нэгж хорооллуудын тогтолцоонд оруулж, бизнесийн төв дүүрэг, олон нийтийн, сууцны, үйлдвэр, өндөр технологийн, ложистикийн зэрэг хот төлөвлөлтийн бүсчлэлээр ангилна.

Хотыг орон зайн хувьд Төвийн бүс, Зүүн бүс, Баруун-1 бүс, Баруун-2 бүс, Баруун өмнөд бүс, Баруун хойд бүс, Хойд бүс, Шинэ бүс гэсэн төлөвлөлтийн найман бүсээр зохион байгуулах юм.
Төлөвлөлтийн бүсүүд нь орон сууцны 22, орон сууц, олон нийтийн 10, гэр сууцны 10, үйлдвэрийн 5, нийт 47 төлөвлөлтийн нэгж хорооллоос бүрдэнэ.

Улаанбаатар хотын ихэнх барилга байгууламж 1-2 давхар байгааг өөрчилж, шинэ төлөвлөлтөөр дундаж давхрыг 5 байхаар, 1 га талбайд ногдох хүний тоо 40 байгааг 53 болгохоор тооцоолсон.

Хот байгуулалтыг одоо барилгажсан хэсгийг шинэчлэн засварлах, дахин төлөвлөж хөгжүүлэх, нөхцлийг нь сайжруулах, шинээр барилгажуулах гэсэн үндсэн дөрвөн төрлөөр хийж гүйцэтгэх юм.

Гудамж зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх
Замын хөдөлгөөний менежменттэй уялдуулан оновчтой, нэгдсэн цогц хотын гудамж замын сүлжээг бий болгоно. Харин ачаа тээврийн төмөр замыг Богд уулын урдуур тойруулан байгуулснаар хот доторх төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах боломжтой. Мөн тусгай замын автобусны зам, метрог барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
Эдийн засаг болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх
Нийслэлийн ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн)-ийг үйлчилгээний байгууллагууд бүрдүүлж байна. Цаашдаа үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг нэмэгдүүлж үйлчилгээний салбарын эзлэх хувийг бууруулахаар тооцоолсон.
Улаанбаатар хотын 264,1 мянган өрхийн 116 мянга нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг. Энэ нь нийт өрхийн 43,9 хувь юм. 2030 онд Улаанбаатар хотын нийт өрх 388,9 мянга болж 1,68 дахин өсөх хандлагатай байна.
Хотын газар зүйн байршлын онцлогийг харгалзан Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол, түүнд цутгах Сэлбэ, Улиастай болон бусад жижиг голуудын орчныг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулна. Хотын нутаг дэвсгэрт байгаа суурьшилд тохиромжгүй нутаг дэвсгэр, гол горхинуудын хамгаалалтын зурвас газруудыг одоо байгаа суурьшлаас чөлөөлж, мод тарьж ойжуулан цэцэрлэг, байгалийн ногоон байгууламж болгоно.
Улаанбаатар хотод түүх, соёлын өвийн олон төрлийн барилга байгууламж, бусад дурсгалууд байдаг ба тэдгээрийг дэлхийн, үндэсний болон орон нутгийн гэсэн гурван эрэмбийн түвшнээр хадгалж хамгаална.
Нийслэл хотын төв болон захын дүүргүүдэд амралт, үйлчилгээний цогцолборуудыг барьж байгуулахын зэрэгцээ түүх соёлын дурсгалт барилга байгууламж, хөшөө дурсгалыг шинэчлэн засварлан “Азийн аялал жуулчлалын нэг төв хот” болгоно.
Инженерийн үндсэн бүтцийг өөрчлөхдөө эрчим хүч, цэвэр усны шинэ эх үүсвэр бий болгож, ашигласан усаа эргүүлж ашиглах замаар усны нөөцийг нэмэгдүүлнэ.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, үе шаттайгаар хөгжүүлэх
Гэр хорооллыг байршлын хувьд төвийн, дунд, захын гэж ангилна. Төвийн хэсгийн төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой гэр хорооллыг дахин төлөвлөх бол дунд хэсгийн гэр хороололд нам, цөөн давхрын барилгууд барьж, хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбох юм байна. Харин захын гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан шугам сүлжээтэйгээр газрыг шинэчлэн зохион байгуулах аж.
Түүнчлэн хотын орон зайн тэлэлтийг хязгаарлан барих, хүн амын амралт зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэх задгай талбайг хадгалан үлдээх, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон бүсийг нэмэгдүүлэх юм байна.

Цэвэр усны нөөцийг хадгалан үлдэхийн тулд усны менежментийг боловсронгуй болгож газар доорх цэвэр усны нөөцийг зөвхөн ундны усны хэрэгцээнд, бусад хэрэгцээнд гадаргын, хуримтуулсан болон цэвэршүүлсэн усыг ашиглах юм.
Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих