Ууцанд дарлуулсан Монгол
Монголчууд бид эртнээс нааш ёс заншил, дэг жаягийг нарийн дагаж, түүнийгээ хууль цаазын хэмжээнд аваачиж тавьж байсан ард түмэн. Гол усанд цагаан идээ хийхийг хориглоно гэсэн хууль гаргаагүй хэр нь ёс жаягаараа зохицуулаад ирсэн байгаа юм. Гэх мэт заншил, дэг ёстой холбоотой зүйлийг дурьдаад байвал дуусахгүй.
Түүний нэг нь цагаан сартай холбоотой ёс жаягууд. Тэр дундаа ууц тавих ёс гэж нарийн дэг жаяг байсаар ирсэн. Одоо ч байгаа. Гэхдээ тэр нарийн дэг ёсыг мөрдөж, ууц тавьж байгаа айл хэд байна вэ гэдэг нь сонин. Бараг л байхгүй болсон гээд хэлчихвэл буруудахгүй байх.
Хөгшин настай хүмүүс, дэг ёс мэддэг лам ч юм уу, цөөн хэдэн хүн л нарийн дэг ёсоор ууц тавьж чадаж байвал их юм. Тэгвэл өнөөдөр хавтгайруулж ууц тавиад байгаа хүмүүс зүгээр л даган дуурайх шинжтэй болж. Нөгөө талаар ууц тавьж гангарах байдал ч газар авлаа. Цагаан сараар хамгийн том хэмжээтэй, том сүүлтэй ууц тавьж уралддаг болж. Сүүлдээ нэг биш хоёр, гурван ууц тавих ч тохиолдол гарч байна. Нэг ёсондоо нийслэлд бол ууц тавьж зиндаархах болсон гэсэн.
Хөдөө малаа хариулаад байж байгаа малчид бол хониноосоо нэгийг барьж аваад, цагаан сарын ууцаа бэлтгэчихэж байгаа. Энэ бол арай өөр өнцөг. Харин Улаанбаатар хотод өрнөөд байгаа ууцны үнийн дайн бол ёс жаяг гэдэг утгаараа биш ердөө л чамирхал болчихоод байгаа. Ердөө жилийн өмнө 100 мянган төгрөгөөр боломжийн ууц худалдаж авдаг байсан бол энэ жил 300 мянган төгрөгөөр жижигхэн ууц ч авч амжихгүйдээ тулаад байна. Үүнд хэн нэгнийг, махны ченжийг буруутгахаасаа илүү өөрсдийгөө л буруушаах хэрэгтэй болчихоод байна.
Бид л дэг ёсоо мэдэхгүй, ууц л тавьж байвал сайхан болчих юм шиг санаж, хөгшин залуугүй хошуурснаас үүдэж ийм байдалд хүрчихээд байгаа юм. Нэг ёсондоо бид ууцанд дарлуулсан Монгол болчихоод байна шүү дээ. Уг нь ууц тавихгүй, өвчүү, мах энэ тэрээр орлуулдаг байсан бол одоо тэр нь ч үнэд ороод, дарлаж эхэллээ. Хэрийн хүн дийлж авч чадахааргүй болж эхэлж байна. Тийм байхад л хүмүүс олсон хэдэн төгрөгөө зөвхөн ууц авахын төлөө үрж байгаа нь эмгэнэл.
Ингэж нэг муу ууцанд дарлуулж байхаар авахгүй байвал яасан юм. Цагаан сараар хэвийн боовоо өрж, тавгаа засчихаад л шинэлчихэд яадаг юм. Мах, өвчүү, ууц байхгүй байлаа гээд тэр жилдээ өлөн зэлмүүн явна л гэж байхгүй байх. Үнэхээр ширээ хоосон оргиод байвал буузаа жигнэж тавиад, элдэв салат, бас бус зүйлээр дүүргэчихнэ биз. Тэглээ гээд нэгийгээ муу хэлэх хүн одоо цагт лав гарахгүй байх. Харин ч тэднийх ууц тавиагүй ч гэсэн аятайхан юм өрчихсөн байна билээ. Үнэтэй ууц тавьж байхаар ингээд зохицуулчихаж болох л юм байна гэх зэргээр хандана гэдэгт итгэлтэй байна.
Бүх нийтээрээ ууц тавихаа боль энэ тэр гэж сүржигнээд яах вэ дээ. Тавимаар санагдсан нь тавиад, дийлэмгүй нь больчих л хэрэгтэй шүү дээ. Энэ чинь л зохицуулалт байхгүй юу. Түүнээс ууц авах чадвартай нь авна л биз. Том сүүлтэйг нь сонгоно л биз. Хоёр гурваар нь өрөөд, том өөх залгина л биз дээ. Тэр нь олон нийтэд ямар хамаа байна аа. Ууц тавихгүй байлаа гээд хууль зөрчинө гэх биш. Зүгээр л ууцнаас ухамсраараа татгалзах цаг болчихож. Ингэж хэдэн даварсан ченжээ ч хашраах цаг болсон юм биш үү.
Н.Пунцагболд
URL: