Николай Васильевич Гоголь 1809 – 1852
Зохиолдоо өгсөн нэр нь айхтар сонирхол татаад байхаар гарчиг биш л дээ. Та хэрвээ унших юм бол дээрх нэр томъёо нь Оросын хамжлагат ард нас нөгчихөд нь татварын данснаас хасалгүй дараагийн хүн амын толлого болтол татварын бүртгэлд “амьд” авч явж байгаа байдлыг хэлсэн хэрэг. Ном нь ч бас гарчиг шигээ “үхмэл” биш л дээ.
Гоголь ч өөрөө бас тийм ч их анхаарал, сонирхол татахаар зохиолч байсангүй. Тэрээр тарчиг гэр бүлд өсөж, бага залуу насаа “бусдын адил” бус харин ч хүнд хүчир туулж, багш, төрийн албан хаагч, жүжигчин ч хүртэл болж үзсэн нэгэн. Богино амьдралынхаа эцэс хүртэл тэрээр “зандан” хэвээр байсан бөгөөд амьдралынх нь сүүлийн хэдэн жилд шашны хэнээрхэл оюун ухааныг нь манантуулсан байна. Зохиолчын хувьд тэрээр алдар сууг хангалттай хүртэж байсан ч ном, жүжгийн зохиолынх нь талаарх цахилгаан мэт хурдан магтаал, сайшаалаас эмээж түгшиж эхэлсэн байдаг. Европоор зорилгогүй тэнүүлчилж, Ариун Газарт учир шалтгаангүйгээр даяанчилж ч хүртэл үзсэн нэгэн.
Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд тэрээр “Амьгүй албат” зохиолын 2-р ботийнхоо гар бичмэлээ шатааж орхисон тул бидэнд “Амьгүй Албат” зохиолын хоёрдугаар ботийн багахан хэсэг л үлдсэн. Энэ ботьдоо муу талыг сайн тал ялдаг гэдгийг харуулах зорилготой байсан гэдэг. Энэ явдлаас хойш орондоо ороод хоол хүнс идэлгүй байсаар 9 хоногийн дараа нас барсан бөгөөд тэрээр “элийрэл” эсвэл “хий дэмийрэл” гэж хэлж болохоор нөхцөлд насан өөд болжээ.
Хүчирхэг оюун ухаантан гэж л лав хэлэгдэхгүй энэхүү гаж гэмээр хачин “нөхөр” үнэндээ Оросын үргэлжилсэн үгийн зохиолыг үндэслэж, дэлхийн уран зохиолын өв соёлын нэг хэсэг болгосон суутанг Орос оронд бэлэглэжээ. Гоголийн хамгийн алдартай богино өгүүлэгийн талаар Достоевский “Бид бүгд Шинельнээс төрсөн” хэмээсэн байдаг (Шинель нь Гоголийн богино өгүүлэг юм). Цаад санаа нь Оросын уран зохиол Гоголийн “Шинель” зохиолоос төрсөн гэдгийг товчхон хэлжээ. Хаклэбэрри Финнийн талаарх Хэмингуэйн хэлсэн үгийг үүнтэй харьцуулах хэрэгтэй гэж үздэг. “Бидэнд байгаа хамгийн шилдэг ном бол энэ. Америкийн бүх зохиол, бүтээл үүнээс л урган гарсан. Үүнээс өмнө юу ч байгаагүй гэж хэлж болно. Түүнээс хойш ч үүн шиг сайн бүтээл гарсангүй” гэж хэлж байжээ. Гоголийн уламжлалт бус гоц ухаан нь өөрөөсөө өмнөх Оросын зохиолчид болон тэдний бүтээлийн хэлбэрт баригдсан, хөшингө байдлыг эвдэхээс өөр аргагүй болгосон нь Марк Твэйн Америкийн уран зохиолд татсан “шан”-тай л ижил зүйл байсан гэж үздэг. Түүний араас төрсөн агуу зохиолчид түүний чөлөөлөлтийн үр шимийг хүртэгсэд болсон юм.
Ямар ч байсан түүний гайхамшигтай бичлэг нь “галзуу” гэж хэлж болохуйцаар 19-р зууны Орос орны нөхцөл байдлыг илэрхий егөөдөж, хор малтан элэглэсэн байдаг. Яруу найрагч Пушкин Гоголийн зохиолын эхний бүлгийг сонсоод “Бурхан минь, Орос орон маань ямар гунигтай юм бэ?” хэмээн дуу алдсан байдаг. Гашуун элэглэлээр дүүрэн зохиолыг тухайн үеийн олон нийт мушилзах мэгшихын дундуур л уншиж байсан байхдаа, яг л өнөөдрийн Монгол оронд маань болж буй үйл явдлууд шиг. Англи хэл дээр унших хүмүүст Guilbert Guerney-н орчуулыг санал болгоё, бусдыг нь гадныхан Гоголийн санааг бүрэн гаргаж чадаагүй гэлцэх юм билээ. Харин 1959 онд Монгол хэлнээ орчуулагч Аюурзанаев хөрвүүлснийг Улсын Хэвлэлийн Газарт хэвлэжээ.
literature
URL: