Х.ТЭМҮҮЖИНГ БИ МЭДНЭ, ХӨДӨӨНӨӨС ИРСЭН БОР БАНДИ МАНАЙ ДООД АНГИД СУРДАГ БАЙСАН ЮМ

Baasanhvv2УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хоёрын хоород багагүй зөрчил үүсээд байгаа. Залуухан хуульч гишүүдийн дунд гарсан энэ маргаан чухам юунаас үүсэлтэйг тодруулахаар бид О.Баасанхүү гишүүнтэй ярилцсан юм.

Таныг нэг хүнийг их өмөөрлөө гэж Тэмүүжин сайд бухимдаад байсан

-Би хэн нэг хүнтэй холбоотой юм ярьдаггүй шүү дээ.   Харин Тэмүүжин л хүнтэй холбоотой юм ярьдаг. Тэмүүжин бол хууль зүйн сайд хүн. Гэтэл хууль зүйн сайд гэдэг хүний амнаас гарч байгаа үг бүр нь хууль шиг хүмүүсийн чихэнд буудаг гэдгийг энэ хүн сайн ойлгодоггүй юм шиг байна лээ. Х.Тэмүүжин хэн нэгэн хүнийг муулж амаараа яллаж  байгаа бол хууль зүйн сайдынхаа  дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Би бол  намын нэг гишүүн хүн. Тиймээс үзэл бодлоо илэрхийлж,   хэн нэгнийг өмөөрнө.  Энд ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнтэй ч холбоотой асуудал яригдаад байгаа юм биш. Ардчилсан намын  Алтанхуягийг  болон Элбэгдоржийг ийм байдалд орвол би өмөөрнө шүү дээ. Яагаад вэ гэвэл энд шударга ёс, хүнлэг байдал, хүний жудаг гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм. Гэтэл Тэмүүжин албан тушаалтай хүн мөртлөө  хууль биш хүн  л яриад байгаа.  Харин би бол хүн яриагүй. Тэмүүжин л надтай Энхбаяр гэж яриад байгаа болохоос биш би бол Энхбаяр гэдэг хүний тухай ярьдаггүй шүү дээ. Би бол зарчим л ярьдаг. Жишээ нь: Тэмүүжин намайг өмгөөлөгч нь байсан л гээд байгаа хэрвээ би өмгөөлөгч нь байсан юм бол өмгөөлөгчийн гэрээ хийсэн байх ёстой. Мөн анхан шатны шүүх хуралд орсон байх ёстой. Тэр юунаас болж оров авлигатай тэмцэх газраас болж ороогүй шүү дээ. Жишээлбэл хүний эрхийн дэд хорооныхон  хорих ангиудаар явах үед би “news.mn”-ийн хөрөнгө оруулагчруу нь  ярьсан. “Танай энэ сайтад хятадын нэг эрлийз нөхөр Монголын төрийг бусниулаад  байгаа юм шиг дандаа худал юм бичих юм” гээд хэлчихсэн чинь  нөгөө сэтгүүлч нар нь очоод хэлчихсэн л юм билээ. Тийм учраас уурлаад мушгиж гуйвуулж бичээд байгаа юм шиг байна лээ.

Та хоёрын маргаан залуу улс төрчдийн хуийн амбиц шиг харагдаад байгаа юм?

-Надад амбицлаад байх зүйл байхгүй. Би үнэнийг л хэлдэг. Өчигдөр гэхэд л   Х.Тэмүүжин сайдад хандаж “Хүн эмнэлэгийн шалан дээр хүүхдээ  хэвтүүлэхийн тулд танил тал хайгаад явж байна.  Эмнэлэгт ор алга. Оргүй  учраас шалан дээр хүүхдүүд хэвтэж байна. Та очоод үз” гэж хэлсэн. Тэр хүн хилийн боомт гээд л яриад байна. Үнэндээ тэр яриад байгаа боомт дээрээ өөрөө очиж үзээгүй л байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүнийг байж болох бүхий л хар муугаар будах гэж оролдоод байна. Гэхдээ шоронд очоод ямар нөхцөл байдалд хоригдож, бие нь ямар байгааг Х.Тэмүүжин хараагүй. Тэмүүжин бид хоёрт нэг л адилхан зан чанар байгаа. Хоёулаа л шударга ёсны тухай ярие гэж байгаа юм. Гэхдээ миний жаахан ялгаа бол хүний энэрэнгүй ёсыг уриалсан шударга ёсыг л байгуулахыг хүсч байгаа юм. Харин Тэмүүжин бол байгаа хуулин дотроо л яваад байгаа  хүн. Ер нь УИХ-ын гишүүн аливаа хууль санаачлахын тулд байгаа орчин нөхцөлтэйгээ танилцах хэрэгтэй л гэдгийг би хэлээд байгаа юм.  Би өчигдөр үүнийг л зөвлөсөн. Гэтэл хүмүүс бид хоёрын хоорондын хэрүүл юм шиг ойлгож, хараад байгаа .

Хууль зүйн сайд Тэмүүжингийн хувьд миний бүх л зүйлийг О.Баасанхүү л  эсэргүүцээд байна гэж ойлгодог юм шиг байна лээ.

-Үгүй шүү дээ. Би Тэмүүжинг үгүйсгэдэггүй. Яагаад гэхээр би Тэмүүжинг дэндүү сайн мэднэ. Манай доод курсд сурч байсан хөдөөний л нэг банди байсан  шүү дээ. Бид нар нэг багшийн шавь нар. Тэмүүжин  намайг  хууль мэдэхгүй гэж ярих нь утгагүй хэрэг. Тэмүүжин байтугай Юндэндорж багш нь намайг үнэлдэг байсан. Тэр хүн  миний магистрийг удирдаад явж байсан юм. Тэр ч байтугай миний орчуулсан цуглуулсан юмнуудыг ч хараад сууж байсан хүн. Тэр хүн одоо ч гэсэн намайг эцэг шиг  минь л хайрлаж явдаг. Харин тэр хүний шавь нь Тэмүүжин байгаа юм. Тэмжүүжин ямархуу юм уншиж, ямархуу хууль мэддэгийг , ямархуу амьдрал мэддэгийг  би дэндүү сайн мэдэж байгаа. Би аливаа нэг асуудал дээр  Тэмүүжинд зөвлөөд байгаа болохоос Тэмүүжинг үгүйсгээд байгаа хэрэг биш  гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэмүүжин миний дүү, миний найз тэр эмнэлэг дээр очоод үзээч, тэр хилийн боомт ямар байгааг очоод хараач, тэр Энхбаяр даргыг очоод нэг хараач , тэр өлсөөд байгаа хүмүүсийг хараач. Цаана чинь нэг юм байгаад байна л гэдгийг яриад байгаа болохоос биш би Энхбаяр гэдэг хүнийг өмөөрөөд байгаа юм байхгүй. Бодит байдлыг хэлэхэд Америкд  ардчилалын жишээ ярих юм бол 99 хувь нь буруу нэг хувь үнэн байхад үнэн байна гээд шийдчихдэг юм. Харин коммунист оронд болохоор  гэмт хэргийн нэг хувь нь л үнэн гэж нотлогдох  л юм бол 99 хувь нь худлаа байсан ч хамаагүй  яллачихдаг. Хүмүүнлэг ардчилсан нийгэм л байгуулъя гэж байгаа бол байгаа нотлох баримтаа хар. Энхбаяр даргын одоо байгаа энэ дөрвөн хэрэг дотор яг ингээд яллачихсан хэрэг юу байгаа юм.Яг нотолчихсон хэрэг юу байгаа юм. Одоо хоёр байшин гээд л яриад байна. Төрийн өмчийг  мөнгө төлж хулгайлдаггүй л байхгүй юу даа. Харин тв9 телевиз 800 сая төгрөг өгсөн юм билээ. Тэгэхдээ хувьчлалынханд өгөөгүй юм билээ. Хувьчилсан баг чинь өөр хүмүүс шүү дээ. Гэтэл тэр хувьчилсан хүн нь сайд хийгээд явж байна шүү дээ. Хэрвээ хууль бусаар хувьчилж авсан юм бол хувьчилсан хүн нь сайд хийдэггүй л байхгүй юу. Хууль биш учраас тэр хүн сайд хийгээд явж байгаа юм. Бид зүгээр шударга байхыг л хүсч байгаа болохоос ард нь Энхбаяр байна уу Элбэгдорж байна уу Баттулга байна уу Энхболд байна уу огт хамаагүй шүү дээ. Би энэ бүхэнд зарчим л яриад байгаа юм.

Н.Энхбаяр даргыг өмгөөлж эхчүүд өлсгөлөн зарлаж эхэллээ. Гэтэл нэг хэсэг нь Энхбаярын төлөө өлсөнө гэж юу байдаг юм. Энхбаярын ээж өлсөөгүй байхад эд нар яагаад өлсдөг юм гэж нэг хэсэг нь шүүмжилж байна. Харин нөгөө хэсэг нь энэ хүмүүс чинь хувьсгалт намаас мөнгө авч мөнгөөр өлсөж байгаа юм гэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Аливаа нам бол итгэл үнэмшил бүрдсэн цуглуулга байдаг.Тэр утгаараа МАХН бол 90 жилийн түүхтэй . Энэ  намд өнөөдөр өөрийнхөө амьдрал ахуй, тэр битгий хэл амь насаа зориулна гээд шийдчихсэн  хүмүүс. Бас шударга  ёсыг эрхэмлэж, үүний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй олон хүн байна. Тэр утгаараа энэ хүмүүс шударга үнэний төлөө гэж өлсөж байгаа юм. Миний хувьд би бол өлсгөлөнгийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Амьд явах эрх гэдэг эрх бол амьд байхыг л хэлнэ шүү дээ. Манайхан өнөөдөр энэ асуудлыг шүүрч авч, элдвээр л ярьцгааж байна. Гэхдээ энэ юунаас болоод өлсөв гэдэг асуудлыг хэн ч сөхөж ярихгүй л байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам гэдэг зүйл ихэсчихэж. Хууль гэдэг зүйл нь журмаасаа дор болчихсон байна. Уг нь Монгол улсад ганцхан хууль гэдэг зүйл л үйлчлэх ёстой байгаа юм. Харин тэр дүрэм, журам гэдэг бол гурав, дөрөвдүгээрт л тавигдах ёстой юм. Тийм ч учраас энэ дүрэм, журам гэдэг зүйлээс хүмүүс залхаж байна.Монгол улс эхлээд үндсэн хуулиа харах хэрэгтэй байтал эхлээд дүрэм журмаа хараад байгаа болохоор л дарга хэлсэн  дарга л тэгсэн гэж даргыг шүтэж амьдарч байгаа тэр их гай чинь өнөөдөр амьдралыг ийм болгож байгаа юм. Тэгэхээр шүүхийн шийдвэрлэх байгууллагынхан хуулиа барьчихдаг бол Хуульзүйн сайд нь хуулиа мэддэг бол эдгээр хүмүүс өлсөхгүй  байсан шүү дээ.

Н.Энхбаяр даргыг эмнэлгээс хорих анги руу  шилжүүлсний  дараа  та уулзсан уу? Биеийн байдал одоогоор хэр байгаа вэ?
Ахиад өлсгөлөн зарлана гэсэн яриа гараад байсан

-Би уулзсан. Биеийн байдлын хувьд мэдээж хүнд бүр маш хүнд байгаа шүү дээ. Би Энхбаяр даргад “Энхбаяр даргаа та ямар нэгэн байдлаар амьд л байх хэрэгтэй шүү. Яагаад вэ гэхээр та  энэ бүх асуудал хэлмэгдүүлэлт байсан юм гэдгийг өөрийн биеэр нотлож харуулахын төлөө амьд үлдэх ёстой. Үнэн хэзээд ялдаг юм. Би таныг шүүж байгаа энэ бүх шүүхийн шийдвэр болж байгаа процессыг бүгдийг нь харж байгаа. Энэ бүхэн шударга үнэний төлөө байж чадахгүй байна” гэдгийг  хэлсэн. Өнөөдөр хэнийг ч, яаж ч хэлмэгдүүлж болдог үе ирээд байна. Ганцхан Н.Энхбаяр ч биш өөр олон хүн энэ хэлмэгдлийн шуурганд  өртөж байна. УИХ-ын гишүүн Шинэбаярыг  салаавч гаргасных нь  төлөө тагнуул гэж шалгаж, шүүх тэнсэн харгалзах ял өгч байна.   АТГ-ын Э.Амарбатыг би  таньдаг юм. Гэтэл тэр хүн салаавчнаас болоод хохирсон юм харагдахгүй л байх юм. Гэтэл Амарбат хохирсон гээд,  Шинэбаяр хохироочихсон гээд шүүх  энэ хүнд ял оноолоо. Мөн интерполд захиа бичсэн хэргээр Хууль зүйн дэд сайд  Эрдэнэжамъяанд эрүү үүсгэж байна. Би үнэндээ гайхаж байна.  Уг нь цагдаагийн байгууллага  Эрдэнэжамъяанд биш интерполд эрүү үүсэх ёстой шүү дээ. Яагаад гэхээр та мөрдөн байцаалтанд саад учрууллаа гээд интерпол дээр л эрүү үүсэх ёстой. Жишээ нь: Би нэг цагдааруу утасдаад манай найзад битгий эрүү үүсгээч гээд ярьсан гээд бодлоо. Цагдаа тэгтэл энэ хэргийг шалгаж үзээд энэ хэрэгт эрүү үүсгэх хэрэг алга гээд хаасан гэж бодъё.  Гэтэл цагдааруу утасдлаа гээд надад ял өгч болохгүй биз дээ. Ингэхээр нөгөө муу муудаа муна гадсандаа гэдэг л болоод байгаа юм. Тиймээс Монголчууд бид нэг нэгнээ хэмлэж амьдардагаа л больмоор байгаа юм.

Энхбаяр даргыг шөнө дөлөөр Ганц худагруу ачсан. Ганц худаг бол хүн хорихын нөхцөл байхгүй, агааржуулалтгүй, орчин нөхцөл муу гээд нэг ёсондоо хаагдчихсан шорон. Яагаад энэ хүнийг заавал “Ганц худаг”-т хорьж байгаа юм бол гэсэн бодол хүн болгонд төрж байгаа?

-Мэдэхгүй юм даа. Хүн болгон л тэгж бодож байгаа. Яагаад гэхээр Монголчууд бид нар Баасанхүү үнэн ярьж байна уу худал ярьж байна уу Тэмүүжин үнэн ярьж байна уу худал ярьж байна уу гэдгийг  Энхбаяр гэдэг хүн бас л үнэн ярьж байна уу худал ярьж байна уу гэдгийг мэдэх чадвартай учраас Монголын ард түмэн бухимдаад байгаа юм. Тэрнээс биш хүн болгон төгс биш. Энхбаяр дарга ч байна уу эрдэмтэн хүн ч байна уу төгс хүн биш шүү дээ. Гэхдээ хүн болгонд нэг нийтлэг эрх гэж байгаа. Харин тэр эрхийг нь эдлүүлэхийн төлөө хүн болгон дуугарах ёстой юм шүү дээ. Тэр утгаараа би өмнө нь хэлсэн би Энхбаяр гэдэг хүний тухай яриад байгаа юм биш. Ард түмэн өнөөдөр айдастай амьдраад байна шүү дээ. Энэ айдас нь юунаас болоод байна гэхээр энэ төрийн  өндөрлөгт байгаа хүний эрхийг эдлүүлэхгүй байгаа юм чинь бидний  эрхийн тухай яриад ч хэрэггүй гэж ард түмэн хэлээд байгаа юм.  Тийм ч учраас би ард түмэн юу нотлохыг хүсч байна гэхээр эрхээ эдэлнэ гэдэг чинь эрх гэдэг зүйл байгаа учраас эрхээ эдлэх ёстой л гэдгийг хэлээд байгаа юм. Би 15 жил өмгөөлөл хийхдээ дандаа хохирогчийг өмгөөлж байсан. Надад үнэхээр туршлага байна. Ярих сэдэв байна.

Та “Ганц худаг”-ийн нөхцөл байдлыг сайн мэднэ биз дээ.

-Мэдэлгүй яахав дээ. Маш аймшигтай шүү дээ. Өнөөдөр ганц худагт люкс өрөө гэж байдаг тухай ярьдаг байсан. Үнэндээ  тийм өрөө байдаггүй шүү дээ. Харин тэр өрөөнд нь ганц ор, жорлон л байдаг  юм.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих