ЗОХИОЛЧ ШҮҮДЭРЦЭЦЭГ АНУ ХАТНЫ ШАРИЛЫГ ХАЙЖ БАЙНА

86gf“Ану” хатан роман бичиж, жүжиг тавьж, эцэст нь кино хийгээд байгаа зохиолч Шүүдэрцэцэг Ану хатны талаарх баримт сэлт цуглуулж түүний шарил хаана байгааг хүртэл судлаж амжжээ. Доктор, профессор, түүхч А.Очир “Ану хатны шарил Улаанбаатараас холгүй хуучин Партизаны сангийн аж ахуйн орчимд буюу одоогийн Жаргалант тосгоны орчим газарт байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн нь түүний анхаарлыг тун их татсан аж. Зүүнгарын хаант улсын төрийн хатан Ану нь 1697 оны их тулаанд амь үрэгдсэн билээ.  Одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийшээ Тэрэлжийн Зуунмод хэмээх газарт Манжийн хаан Энх-Амгалангийн удирдсан 200 мянган хүнтэй гурван замын цэргийн эсрэг ойрадууд гучин мянгуулаа хатгалдан, тэнцвэргүй тулаан хийсэн юм. Ану хатан шадар цэргээ тэргүүлэн манжийн бүслэлтийг сэт цохисноор Галдан Бошигт хааныг олзлогдохоос мултлаад өөрөө бууны суманд өртөн амиа алджээ. Түүх сурвалжид Ану хатны шарилыг тээн Галдан Ховдын зүг баруун тийш гарсан гэж нэг янз тэмдэглэдэг. Хатан нь шархаа даалгүй замдаа нас эцэслэсэн гэсэн мэдээ сэлт ч байдаг юм. Тиймээс  Улаанбаатараас холгүй хуучин Партизаны сангийн аж ахуйн орчимд  бунханыг нь хайхаар шийдээд байгаа аж.  Домогт “Ану хатан” кино  энэ сарын 18-нд дэлгэцнээ гарах гэж байна. Кино группийнхэн Ану хатны шарилыг олж тогтоох ажлыг орхихгүй, түүхчидтэй хамтран төр засагт хандахаар зэхэж байгаа аж. Түүний зэрэгцээ тулаан болсон, Тэрэлжийн Зуунмод нь түүхт газар, дээдсийн ариун шарил оршсон  нутаг хэдий ч өнөөдөр замын хажууд торойн үлдэх элсэнд дарагдаж мод нь цөөрсөн, барилгын түүхий эдийн каръер болоод байгаатай ч тэмцэхээр шийджээ.


URL:

Сэтгэгдэл бичих