Ерөнхий сайдын ээлжит шоу аймгуудын Засаг дарга нартай уулзсан хуралдаанд “илрэв”
АН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг одоогоос хэдэн сарын өмнө Ерөнхий сайдын суудалд суусныхаа дараа Монгол төрийн төлөө өдөр шөнийг үл хайхран амралтын өдөр гэлгүй ажиллахаа илэрхийлж байсан бол төд удалгүй яамдын сайдуудыг томилсныхоо дараа, сайдуудыг ч өөртэйгөө адил өдөрт 12 цагаас доошгүй, мөн хагас сайн өдөр ажиллуулахаар болж байгаа тухай нийтэд зарлан “шоу” хийж байсан. Хэрэв энэ үг шоу биш байсан юм бол ямар сайд, хэдэн өдрөөр ажиллав, амралтын цагаа төрийн ажилд хэн хэрхэн зарцуулав, төрийн ямар ажлууд урагшаа илэрхий хөгжив гэдэг нь олон нийтэд төдийгүй хэвлэл мэдээллийнхэнд илэрхий харагдахсан. Эртний үгтэй зүйрлүүлж хэлбэл,
Шинэчлэлийн Засгийн газрынхан
“орондоо орох завгүй
огшин ажиллах болов
хөнжилдөө орох завгүй
хөгжлийн төлөө ажиллаж эхлэв
шинэчлэлийг хийхээр завдан
шижигнэтэл ажилдаа гарлаа” гэдэг л болох нь дээ гэж бодож байлаа.
Гэвч хагас жил гаруй хугацаа өнгөрөөд байхад Ерөнхий сайдын энэ үг хий хоосон хийрхэл, хэнээ төдий байсан нь тодорхой болоотхов.
Энд “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг үлгэр бодит хэрэг болох гээд байх шиг. 2 сар гаруйн өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ихэнх аймгуудын ИТХ-ын олонхи нь АН-аас бүрдэж, Засаг дарга нар ч АН-аас томилогдсон.
Уржигдар Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай төрийн ордонд уулзаж, улсыг орныг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өгч, төсвийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд нэгдсэн семинар хийсэн юм байх. Энэ семинарт яригдсан улс орны хөгжлийн чиглэлээс илүүтэй нэг зүйл сонирхол татлаа.
Юу гэвэл, Ерөнхий сайд анх ажлаа авахдаа хэлж байсан нөгөө л үгээ аймгийн засаг дарга нарт хэлэв. Хэлээд зогсохгүй бүр батламжинд гарын үсэг зуруулан баталгаажуулсан юм байх. Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг өдөрт 12 цагаас дээш цагаар ажиллах, амралтын өдрүүдэд сум бүрт очих, гадаадад томилолтоор жилд 2-оос дээш явахгүй байх гэсэн заалт бүхий батламжинд гарын үсэг зуруулсан гэнэ. Ихэнх нь шинээр ажлаа авсан дарга нар болохоор Ерөнхий сайдын эл шаардлагад анзаарч дуугаралгүй, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан юм байх. Ямартай ч аймгийн Засаг дарга нар амрах завгүйгээр ажиллахаар болоотхов. Тэдний хувьд төрийн төлөө сайн ажиллаж байвал ар гэрийн амьдрал, үр хүүхэд нь хамаагүй бололтой.
Бас аймгийнхаа гадаад харилцааг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэн урд, хойд хөрш рүү жилд 1, 1 удаа явах л эрхтэй болж байгаа юм байх. Засаг дарга нарын хувьд юун Солонгос, юун Америк явах, урд хөрш рүү 2 удаа зочлоход л жилийн гадаад явах томилолт, эрх нь дуусаа.
Жаахан эрүүл ухаанаар харвал эдгээр “тэнэгдүү” гэмээр заалтууд бодит байдал дээр хэрэгжихгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, гэсэн атал Ерөнхий сайд ойлгохгүй байгаа бололтой юм. Ямар засаг дарга гэхээрээ өглөө 9:00 цагт ажилдаа ирээд, орой 21:00 цагт ажлаасаа байнга явах вэ, хэн хагас бүтэн сайн болохоор байнга бензин тос үрэн сумын төвүүд рүү давхих вэ, хэн аймгийнхаа гадаад харилцаагаа хөгжүүлэхийг үл тоон гадаад явах 2 томилолт дуусчихсан гээд сууж байх вэ?
Хийхээсээ хэлэхийг чухалд үздэг Ерөнхий сайдтай болжээ дээ бид чинь.
Ц.Мөнх
Ugluu.mn
URL: