Бат-Үүлийн чихийг хангинуулж чадах уу?

Монголоор дүүрэн буруу талтай жолоотой машин унасан хүмүүс давхиж яваа. Тэд нэгдэн маргааш буюу баасан гаригийн 12.00 цагаас арван минутын турш дуут дохиогоо байдгаараа хангинуулахаар төлөвлөж байна. Энэ нь буруу талтай жолоотой машиныг долоо хоногийн ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох тухай шийдвэрийг эсэргүүцэж буй хариу үйлдэл болох юм.

Хотын захиргааны байшингийн хажуугаар өнгөрч буй машинууд сайн сигналдаад өгвөл хотын захирагчийн сонорыг мялаадаг болов уу? Ард иргэдийнхээ ашиг сонирхлыг гэлгүй Өмнөд Солонгосын машинуудыг улам олноор оруулж ирэх ажиллагааг дэмжих гээд буйгаа Э.Бат-Үүл дарга ер нь ойлгож байгаа гэдэгт эргэлзэж эхэллээ.

Ер нь замын түгжрэл чухал уу, эсвэл ард иргэдийн амьдрал чухал уу? Хэдэн жилийн өмнө цагаан байшин руу чулуу нүүлгэсэн залуусыг буудаад алчихсан. Уг нь хүний амь тэр байшингийн цементэн хананаас хамаагүй үнэтэй байлтай. Гэтэл одоо дахиад л ард иргэд нь биш харин явахад нь саад болоод буй түгжрэлийг л үгүй хийх гэж ядарсан иргэдийнхээ ганц унаа руу дайрч эхлэх юм.

Буруу талтай жолоотой машинуудын дохио Бат-Үүлийн чихээр дамжиж тархинд нь хүрэхдээ улаанбаатарчууд энэ саналыг хичнээн их эсэргүүцэж буйг ойлгуулаасай гэж хүснэ. Тэрнээс дарга нар чинь дэргэдээ явдаг хэдэн долдойнуудынхаа бялдууч үгэнд бялуураад өөрсдийгөө үргэлж зөв сайн алхам хийж яваа шиг сэтгэж явдаг хүмүүс шүү дээ.

Тэгэхээр буруу жолоотой ч гэсэн ард түмний үнэн хашгираан хотын захирагчийн чихийг маргааштаа ядаж нэг хангинуулах нь ээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://new.mn


URL:

Сэтгэгдэл бичих