Х.Баттулга: Бид дэлхийн газрын баялагаар…

Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх  мэдээлэл хийлээ. Гэвч тус хуралдаан хаалттай болсон тул салбарын сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сэтгүүлчдэд зарим зүйлийг тодрууллаа. Мөн энэ өдөр тус хуралдаанаар “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжин Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.

-Хэдхэн хоногийн өмнө “Монголын төмөр зам” компанийн дарга М.Энх­сай­ханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр албан тушаалаасаа буусан шалтгаанаа тантай буюу салбарын сайдтайгаа үл ойлголцсоноос болсон гэж байсан. Тухайлбал, төмөр замыг ямар царигаар тавих гээд санал зөрөлдсөн бололтой юм билээ. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-УИХ-аас 2010 онд “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Нэгэнт УИХ энэхүү баримт бичгийг батлачихаад байхад Засгийн газар биелүүлэх нь зүйн хэрэг. Биелүүлэх ч үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу л явж байгаа асуудал. Тийм ч учраас Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлын хэсгүүд бүх ажлын тайлангаа цаг тухайд нь мэдээлээд явж байгаа.

-Салбарын сайдын хувьд, манай улсад төмөр замыг ямар царигаар тавих нь ашигтай вэ?

-Энэ асуудал дээр санал зөрөлдөөнтэй байгаа. Төмөр замыг өргөн, нарийн цариг гэж яриад байдаг. Мэдээж бид аль нэгийг нь сонгож батлуулахдаа мэргэжлийн түвшний судалгаануудыг олон удаа хийж, сайтар хянаж байж сонгоно. Манай улсад өмнө нь төмөр замын бодлого гэж байгаагүй. Намайг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үед анх удаа Монгол Улс төмөр замын бодлоготой болох үетэй давхцсан юм.

 

Бид гурван сая хүрэхгүй хүн амтай ч газар нутаг томтой, асар их баялагтай. Тэр ч утгаараа дэлхийн газрын баялагаар бизнес хийдэг бүх орны сонирхолд орсон байгаа. Ийм үед хүн ам цөөтэй, газар нутаг  томтой, мал аж ахуй эрхэлдэг манай орны баялгийг өөрсдөө бодлогоор зардаг болгох хүсэл ч бас байгаа нь тодорхой. Нөгөө талаар маш хурдтай хөгжиж,  дэлхий эдийн засагт тэргүүлэх эгнээнд очиж буй урд хөршийн хэрэгцээ асар их.

 

Тэр хэрээр бид ч бас байгалийн баялгаа бодлоготойгоор гаргах ёстой. Цөөхөн монголчууд бид баялгаа зарахдаа хяналттай, бодлоготой байя гэсэн шийдэл юм. Энэ шийдлийг л УИХ баталсан, одоо ч ярьж байна.

-Энэ өдрийн хуралдааныг яагаад хаалттай хийсэн юм бол. Магадгүй “Монголын төмөр зам”-ын асуудалтай холбоотой байв уу. Зүй нь хэдхэн хоногийн өмнө удирдлагыг нь өөрчилсөн шүү дээ?

-Өмнөх УИХ-ын гишүүд төмөр замын талаар нэлээн мэдээлэлтэй байсан. Харин шинэ гишүүд мэдээлэл багатай байгаа учраас хаалттай хуралдсан.

-Гэхдээ Ерөнхий сайд хоёр талын байр суурийг сонсож, мэдээлэл авахаар товлосон өдрийн өглөө М.Энхсайханыг халсаныг тантай холбоотой гэж тайлбарлаж байсан. Төрийн өмчийн хороо танай яаманд харъяалагдсаны дараахан ийм шийдвэр гарсан?

-Би мэдэхгүй байна. Үүнийг М.Энхсайханаас өөрөөс нь асуух хэрэгтэй байх. “Монголын төмөр зам” бол төрийн өмчит компани. Шинэ тогтоолоор Төрийн өмчийн хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд зангилагдаж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрээ хөгжүүлнэ, үйлдвэр нь төрийн өмчит Сайншанд гэдэг ч  юм уу, ийм ажлуудаа зангидахын тулд манай яаманд харьяалагдаж байгаа.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих