Олон яамтай байх нь хэний ашиг сонирхол вэ?

Ар гөрөөчний Эрка

Сонгуулийн дараа “бялуу” хуваах гэж нэг том “баяр” болдог. Гэхдээ хууль ёсны олон нийтийн баяр бус зөвхөн сонгуулиар парлемантад олон суудал авсан нам, эвслүүдийн “найр”-ын арга хэмжээ юм. Улсын төсөв “хоосон эргэж”, төрийн данс “улаанаар эргэсэн” үед ч энэ баяр ёслолыг хийхгүйгээр, сонгуулын “бялуугаа” хүртэхгүйгээр тэдний ажил эхэлнэ гэж байхгүй. Төсөв мөнгөө хэмнэж, илүү зарцуулалтыг хумих ёстой байтал тэс өөрөөр шийдэл гаргана. Гарын арван хуруунд багтдаг яам тамгын газраа хөлийн арван хурууг оруулан нэмлээ. Холион бантан гэдгийг ч нэг хутгаж гарав. Нэг яамыг хоёр болгоод, эсвэл нэг яаманд байсан агентлагуудыг нөгөө яам руу нь шилжүүлээд, хольж сольж, хасаж танаад, үгүй бол нэмж өргөсгөөд, юу санасанаа хийнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн яам үйлдвэр, худалдааны яам болчихдог нь талх хүнс, мах, гурилын хувийн үйлдвэртэй яамны сайддаа бэлэглэсэн “бэлэг” мэт харагдана. Баттулгын халаас цүндийх үү, яамных нь орлого нэмэгдэх үү?… Тун эргэлзээтэй яам, яамны сайд төрлөө. Хөдөлмөрийн яам хүн амын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байсан бол Хөдөлмөрийн яам, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам гээд салаад явчихлаа. Хүн амын хөгжилдөө тулгаарлан, ажлын байр, боловсон хүчний хуваарилалтын асуудлыг шийдэж, дараа нь тэдний нийгмийн асуудлыг авч үзэх ёстой байтал шоргоолж шиг ууцан дундуураа тасраад алга болов оо.

Эрүүл мэндийн яаманд урьд нь биеийн тамир спортын асуудлыг хариуцуулж байсан боловч шинэ байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Боловсрол шинжлэх ухааны яамнаас салгасан соёлын салбарыг нийлүүлэн байгаль орчны яамнаас тасалсан аялал жуулчлалын салбартай эвцэлдүүлж, үхрийн бөөр шиг нэг шинэ яам санаачлав. Биеийн тамираар хичээллэсэн хүн л эрүүл мэндээ хамгаална. Эрүүл хүн л спортод амжилт гаргана.

Гэтэл энэ логик алдагдаж, хөлс хөдөлмөрөө дуслуулан, хүндэтгэлийн тавцан дээрээс гардан авдаг медалийн оронд бадарчны бадар үүрэн, Зүүн өмнөд Азиас халдварт өвчний “нян” тээж ирэх хэрэг үү?… Арабын Эмират болон зөөлөн уур амьсгалтай далайн эргийн арлуудад өвөл хотын утаанаас зугатсан баячууд л очиж эрхэлдэг. Мөнгөгүй ард түмэн Утай Гүмбэн орвол их юм шүү дээ. Урлаг соёлын өндөр боловсролтой, фитнесээр хичээллэдэг чийрэг биетэй мөнгөлөг жуулчин хүмүүст энэ яам хаалга үүдээ амралтын өдөр ч дэлгэх юм байх даа.

Дэд бүтцийн салбарыг нэгтгэн хүчирхэг болгох ёстой авч эрх мэдэл зөөлөн суудлын төлөө “сонгогдсон” ард түмний “дуу хоолой” болсон ( Сонгогч түмний хоолой нь сөөсөндөө та нарыг сонгоогүй шүү. Хоолой нь ангинтсандаа сонгосон гэвэл эндүүрэл за ) шинэ засгийн “шударга” төлөөлөл маань эрчим хүчний яам, зам тээврийн яам гээд зааглаад гараад ирлээ. Нөгөө бариагүй байж барьсан юм шиг яриад байдаг Таван толгой, Сайншанд, Сүхбаатар, Чойбалсанг холбосон төмөр замаа босгох байгаа юм биз дээ. Цааш нь “мөрөөдвөл” Хөвсгөл рүү явж өгнө… Тав дахь дулааны цахилгаан станцын тухай зөндөө ярьсан. Залхуу хүн завгандаа хүрдэггүй гэдэг шиг гуравдугаар цахилгаан станцтайгаа ихэрлүүлэхээр болсон. Багануур ч юм уу, говийн нэг нүүрсний уурхайгаа түшиглэж барьсан бол арай дээр байсан юм. Шинэ яам цөмийн цахилгаан станц барина гэхэд гайхаад байх юмгүй. Яамны сайдын овсгоо мэднэ. ( Овсгоогоо өөртөө биш улс орондоо зарцуулж чадвал шүү дээ ) Худлаа ярихыг улс төрчид овсгоо гэж үзвэл энэ нь тийм ч сүртэй зүйл биш.

Байгалийн асар их баялагтаа тулгаарласан эрдэс баялгын яам байж болноо. Олж илрүүлээд, уул уурхайн лицензээ худалдаад, ухаж төнхөөд, эх орныхоо газар шороог харийнханд худалдагч энэ яамны эрх ашиг Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай байнга зөрчилдөх нь тодорхой. Өөрсдөө ашиглаж чадахгүй байж өрөөл бусдын “хоол” болгох юм бол энэ яамны хэрэг тус гэж байна уу даа…( Энэ яамны албан хаагчдад П. Бадарчийн “ Есөн эрдэний орон” шүлгээр шалгалт авах хэрэгтэй )

Орон сууцанд орох хүсэлтэй олон түмний хүслийг уландаа гишгэсэн барьж босгохоосоо илүүтэй балаг дандаа тарьдаг Барилга хот байгуулалтын яамыг орон сууцны үнийг өсгөх сонирхолтой барилгын компаний захирлууд лоббидох нь мэдээж. Газар хөдлөлтийн томхон хагалбар дээр оршдог Улаанбаатар хотоос аль болохоор хол зайд шинэ хот суурин байгуулах нь зүйтэй бол уу. Одоо баригдсан барилгуудын тал хувь нь ч зургаан баллын газар хөдлөлтийг тэсэхгүй гэдгийг биднийг хэлээгүй байхад Эрхүүгийн эрдэмтэд баталсан билээ.

Эдийн засгийн хөгжлийн яам гэж “ирээдүйгээс ирсэн” нэг яам шинээр байгуулагдлаа. Улсын төсвийн зарцуулалт нь үргэлж уруудаж, төсвийн засвар хийж байна гэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явдаг Монгол улсад Сангийн яамтай зэрэгцэн, лут “том толгой” гарч иржээ. Яршиг болтол “бар” болох гэж ярилаа. ( Анхны ерөнхийлөгч Очирбат гуай “бар”-ын тухай сайн мэднэ. Түүнээс зөвөлгөө аваарай. Бар гэдэг үгийг баар болгосоноо хуучлах биз ) “Бамбар” болгочихвол башийлаа шүү…

Хөрш орнуудаасаа байлдах чадвар, хүн хүчний тоогоор ичиж үхмээр Батлан Хамгаалах яам уул нь Гадаад харилцааны яамаараа дамжуулан хэвийн дипломат ажиллагаа явуулж байвал зүйд нийцэлтэй. ( Заримдаа эх орноо манадаг юм уу, Африк, Афганистаныг манадаг юм уу гэж бодогддог. Бидний өмнөд зүгийн “дайсан” Япон байтугай Америкийг заналхийлдэг болсон цагт улс орны аюулгүй байдлын тухай ярихад баруунд “цагаачилсан” хятадаар ярьдаггүй “өвөрмонголчууд” хар толгойгоо хамгаалах хамгийн зөв шийдэл олсон мэт. Үүнийг монгол гэхээр хүн гэж үздэггүй тул хятадын “өвөрмонгол” болж цагаачилдаг францын монголчууд хэлээд өгнө.)

Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хүн ам цөөтэй, эдийн засгийн боломж нөөц багатай манайх шиг жижигхэн улсад олон яамны хэрэггүй сэн. Аль болохоор цөөлж, бодлогоо харин зөв зангидаж, цэгцтэй чамбай болгох ёстой. Засаг захиргааны нэгжүүдээ ч гэсэн цомхон болговол төөрж будилахгүй амар байх сан. Гэтэл манж хятадын үеийнх шиг тоолоод барахгүй аймаг, сум, баг нэмэгдэх нь тарж бутрахын дохио гэлтэй.

Халхын гурван аймгийг дөрвөн аймаг болгож, долоон хошууг дал ная болгон бутарган жижиглэсэн манжийн хааны бодлого бол монголчуудын хүчийг тараан сарниаж, мөхөөн уусгах гэсэн хорт бодлого байсан. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол орон өдгөө хорин нэгэн аймаг, нэг хот, гурван зуун арван таван суманд хуваагдаж байна. Нэг нь сум дунджаар 4200 хавтгай дөрвөлжин километр нутаг, 5000 орчим хүн амтай бөгөөд жилд нэг сумын нийт орлого 120 сая төгрөгт хүрдэг ба үүний 90 хувийг улсын төсвөөс гаргадаг. Сумын төвүүд нь сумаасаа өөр нэртэй болохоор нутгийн хүмүүс нь сумынхаа нэрийг ч мэддэггүй гэнэ лээ. Сум нь дотроо багт хуваагдах боловч нүүдэлчин малчдын амьдралд энэ нь хэрэгжих үндэс муутай байдаг…

Сэдвээсээ бага зэрэг хөндийрсөндөө хүлцэл өчье. Олон яам тамгын газрууд бидэнд хэрэггүй гээд орхисон билээ. Яаж ч бодсон хүн ам сийрэг, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хэт жижигрэн, хүчээ тарамдуулах нь зүй зохисгүй үзэгдэл. Түүн лүгээ адил яамдын тоог нэмэгдүүлэх нь бүр ч ноцтой хэрэг. Яамд ихсэхийн тоогоор төрийн бүтэц сайжирна гэж байхгүй. Харин ч боловсон хүчний хуваарилалтаа алдаж, улсын төсөв мөнгийг үргүй зарах нэг нөхцөл бүрдэнэ.

Хүн амын ихэнхи нь Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт зэрэг төв суурин газрууддаа шилжин суух болсон өнөө үед олон аймаг сумдын үүрэг бараг үгүй болсон. Харин баруун зүүн, хойд урд мужаар хувааж, бүсчлэн хөгжүүлэх нь хамгийн зөв арга. Эх орны хоймор болсон Хөвсгөл, Завхан, Булган зэрэг аймгуудад үндэсний онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлж, харийн хөрөнгө оруулагчид болон харь үндэстний үйлдвэрлэгчдийг оруулахгүй байх бодлого барих хэрэгтэй. Монгол үндэстний нийтлэг ашиг сонирхлыг тусгасан нэг ёсондоо “монгол улсын нууц” болсон үндэсний уламжлал, хар хайрцагны бодлогоо хадгалсан үндэсний шинжит байгаль эклологийн “дархан” бүс нутгыг бий болгох нь чухал. Энэ тухай хожим нэгэн цагт өгүүлэх тул товчильё.

Яг үнэнийг хэлэхэд Монгол улс хөгжихгүй байгаагийн гол үндэс бол яам тамгын газар олон, төрийн албан хаагч нарын тоо дэндүү ихэдсэнээс болж, нийгмийн зөв хуваарилалт алдагдаж байгаа юм. ( Грек улс төрийн албан хаагч нартаа төрийн сангаа цалин хангамжинд нь “цөлмүүлж” дуусгаад модоо барьсаныг сана. Одоо ч тэд хөл дээрээ босож чадахгүй европын холбооныхны уурыг барж байна ) Үүнийхээ хирээр авлига, ашиг сонирхлын зөрөө ихсэж, “бохир” улс төрийг толгой дээрээ гаргадаг.

Улс орон, ард түмний төлөө зориулагдах ёстой мөнгө хөрөнгө, буруу гараар орж үрэн таран болдог болохоор улс орон хөгжлийн зөв голдрил руу орж чадахгүй гацаад байгаа билээ. Тэгэхээр яамдуудын тоо олшрох тусмаа улсын хөрөнгийг “шамшигдуулан үрэгчид” олон болохын цондон. Үүрэг зорилгоо ухамсарлаж, үнэхээр хүн ард, улс орныхоо төлөө хийж бүтээе гэсэн өөдрөг сэтгэлтэй эх оронч хүмүүс олон ч гэсэн одоогийн цаг үеийн “супер баатрууд” болсон “баяжихын шунал”-д дөрлүүлсэн сайд дарга нарын “ идэж уух”-ыг болиултал нэлээн шаргуу дэс дараалсан оновчтой тэмцэл өрнөх байх. Цаг хугацаа ч шаардагдана.

Яамдуудын нэрсийг уншиж байхад цаг үедээ таарсан шинэлэг ч яамны нэр байна, хуучирч улирсан яамны нэр ч байна. Арван зургаан яам, арван есөн сайд ажлаа зөв хийвэл эх орны цэцэглэн хөгжилтийг бадраах олон яамны ч нэр байна. Батлан хамгаалах яамны эрэлхэг цэрэг дайчдаараа хамгаалсан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “лого”-той эх байгалиас бидэнд заяасан газар шорооныхоо дор орших Эрдэс баялгын яамны бүртгэсэн есөн эрдэнийг Хууль зүйн яамаараа хянуулан, Зам тээврийн яамны хөсөг техникээр зөөж, Гадаад харилцааны яамаараа зуучлуулан Сангийн яамаараа сайн тооцоолуулж бусад улс гүрэнтэй ашигтай гэрээ хэлцлийн замаар шударга худалдаж чадвал Эдийн засгийн хөгжлийн яамны боловсруулсан Монгол орныг, Монголчуудыг хөгжил дэвшилд хүргэх үүд нээгдэж, Эрчим хүчээр хангаж, Хот барилга байгуулалтаа өрнүүлж, Боловсол шинжлэх ухаанаар өвч зэвсэглэсэн, Эрүүл чийрэг залуучууд маань Хөдөлмөрийн талбарт гавшгайлан хөдөлмөрлөж, Үйлдвэр, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллаа зохистойгоор шийдэх болно.

Эцэст нь нэг онигоо ярьдаг юм билүү. Шинэхэн залуу хосын худууд бие биендээ зочилж иржээ. Хүүгийн аав өөрийгөө “ Би Гадаад харилцааны яаманд ажилладаг” гээд эхнэрээ “ Гадаад худалдааны яаманд ажилладаг” гэсэнээ өөрийнхөө эцгийг зааж “Гадаадад элчинд олон жил ажилласан хүн дээ” гэж танилцуулаад эцэст нь хүүгээ заан “ Манай хүү Гадаад Харилцааны сургуульд суралцдаг “ гэж гэнэ. Тэгтэл бэрийн эцэг мөчөөгөө өгсөнгүй. Өөрийгөө “Батлан хамгаалах яамны хурандаа “ гээд эхнэрээ “ Хууль зүйн яамны Дотоодын цэргийн хошууч” гэсэнээ дагуулж ирсэн цэргийн хувцастай аав ээжийгээ “ Миний аав Хилийн цэргийн генерал хүн. Харин ээж маань Цагдаагийн офицер хүн дээ. Охин минь одоохондоо ахлагч цолтой. Тагнуулын ерөнхий газар бичээчээр ажилладаг” гэж тайлбарласан гэдэг.

Чухам энэ шог яриа шиг хүн болгон хүссэнээрээ “яам” байгуулж болдог бол Монголд хичнээн яам байх бол оо гэж бодлоо. Эрүүл мэндийн яамаар эхлээд оролдъё. Нялхасын эндэгдлээс сэргийлэх яам. Жирэмсэн эмэгтэйчүүдийн яам. Төрөх газар, эмнэлэг үйлчилгээний барилга хариуцсан яам гэвэл яаж байна. Хорт хавдартай хүмүүсийг тусгаарлах яам, Төлбөрийн чадваргүй өвчтнүүдэд туслах яам, Монголын сэтгэцийн өөрчлөлттэй солиотнуудын яам, Архидан согтуурагч, мансуурагчидтай тэмцэх яам…

Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Соёлын яам гээд дотор нь Ардын уламжлалт соёлыг өвлөх яам, Орчин үеийн рок поп хөгжмийн яам, Сонгодог урлагын яам, Дүрс бичлэг, гэрэл зургийн яам, Тайзны жүжгийн яам, Хошин урлагын яам, Урансайхны болон баримтат киноны яам гээд зөвхөн “Соёлын яам” нь хэд тасарч байна.

Биеийн тамир спортын яамыг байгуулахдаа Олимпийн тоглолтонд оролцдог төрлүүдээр нэг яам, оролцдоггүйгээр нь нэг яам хэмээн эмхэлж болно. Нийтийн спортоор хичээллэгчдийн урмыг бодвол бас нэг яам. Эрийн гурван наадмаар жишиглэвэл үндэсний спортын яамыг байгуулах нь. Юу вэ хагалан бутаргая гэвэл зөндөө олон яам болох нь. Яамаа ч больё. Хэлтсүүдийг нь нэмье. Олимп дэлхийн шилдэг тамирчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэлтэс. Болж байна уу?… Даншиг ба наадмын үйл ажиллагааг зохицуулах хэлтэс. Топ таван төрлийг хөгжүүлэх хэлтэс. Мэргэн буудагч анчдын хэлтэс… Энэ одоо Байгаль орчин, жуулчдын яаманд таарах байх.

За, болъё. Яамд байгуулах дуртай хүмүүст зөндөө олон санаа өгчихлөө. Маргааш өглөө гэхэд Таван толгойг ашиглах яам гараад ирвэл юу гэж хэлж хуйхаа маажинаа… Сонгуулийн “ бялуун”-д дуртай, эрхэм ноёд хатагтай нарт бялуу нь хүрэлцээгүй бол сайхан санаа л хэллээ. Гэхдээ амттан идсэн хүн ахидаг гэж сонссон шүү. Амандаа наалдсан бялууны үйрмэгийг ард түмнээсээ бүү харамлаарай.

 

2012-О9-22


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих