“Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө”

Гуравдугаар сарын 1 -нээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглож эхэлж байгаа. Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгчээ. Тамхины хяналтын тухай хуульд ямар өөрчлөлт орсон, хэрхэн хэрэгжүүлэх талаар ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Байгальмаагаас тодрууллаа.
-Албан байгууллага, аж ахуй нэгжид тамхи татахыг хориглоход хамаарах заалт хуульд орсон. Үүний тухайд?

-Төрийн болон төрийн бус бүх төрлийн байгууллага бүгд тамхи татахыг хориглох заалтыг дотоод журмандаа тусгах ёстой. Бүрэн тамхигүй орчин бүрдүүлэх үүрэгтэй. Тамхи татах өрөө ч байх ёсгүй. Журмандаа тусгачихаад тамхи татаж болохгүй гэсэн анхааруулах тэмдэгийг заасан газруудад тавих ёстой. Хэрвээ тамхи татдаг хүн байвал тухайн хүнийг тамхинаас гарахад нь туслах хэрэгтэй.

 

Мөн тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах тухай заасан. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагчдыг төрөөс урамшуулахыг хориглосон.

-Тамхи худалдахыг хориглосон газруудыг нэмсэн байсан?

-Нэг чухал заалт орсон нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх ёстой. Худалддаг бол тэр дэлгүүр, ТҮЦ нүүхээс өөр аргагүй. Эсвэл тамхи худалдахаа болино. Мөн баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглосон. Интернэтээр тамхи худалдахыг бас хориглосон.

-Ресторан, баар цэнгээний газар, албан байгууллагад тамхи татахыг зөвшөөрсөн цэг байгаа юу?

-Олон нийтийн газрууд 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх ёстой.

-Тамхи татахыг хориглосон газруудад өөр ямар ямар газрууд орох вэ?

-Хуулиар аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна.

-Хэрвээ хориглосон газар тамхи татвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө. Тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно. Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм.

 

Харин иргэдэд ногдуулах торгууль бага байгаа. Торгуулийн хэмжээг иргэдийн амьжиргааны түвшинг тооцож үзээд тодорхойлсон. Гадаадын орнуудад өндөр торгууль төлдөг. Жишээлбэл Сингапурт хориглосон газар тамхи татсан хүнийг 500 сингапур доллар, Хонконгод 500 хонконг доллар, Америкт 200 ам.доллар төлдөг.

-Хууль зөрчсөнийг яаж мэдэж хяналт тавих вэ?

-Хууль зөрчсөн эсэхийг мэдээллээр авна. Хуулинд аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина гэж заасан байгаа. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

-Ер нь тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан юу байв?

-Дэлхийн бүх улс орон тамхины хэрэглээтэй тэмцэж байна. Тамхины хэрэглээ ихэсч байгаа учраас тамхины хэрэглээг багасгах, бууруулах, бүр устгах бодлого зорилт дэвшүүлж арга хэмжээг олон улсад хэрэгжүүлж байгаа. 2005 онд Тамхины хяналтын суурь конвенц олон улсын хууль батлагдсан. Үүнд 174 улс орон гишүүнээр элссэн.

 

Эдгээр улс орнууд тамхины хэрэглээг багасгахын тулд тамхинд тавих хяналтаа чангатгаж, гаалийн татвар нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нь багасгах зэрэг арга хэмжээ авснаар хөгжингүй орнууд болох Европын орнууд тодорхой үр дүнд хүрч хэрэглээ нь багассан байдаг.
Харин Азийн орнуудад буурахгүй байгаа. Хятад улс гэхэд дэлхийн тамхи үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг. Тэгэхээр том том үйлдвэрлэгчтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд манай улсад импортлох сонирхолтой байдаг учраас нэгдүгээрт эдийн засгаа хамгаалж үлдэх, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

 

Хоёрдугаарт манай улс цөөхөн хүн амтай атлаа тамхины хэрэглээгээр өндөр 10 орны тоонд ордог. Тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, нас нь залуужсаар байна. Энэ өсөлт тамхины хяналт сул, дотоодын үйлдвэрлэлт болоод импортолж байгаа тамхи их байгаатай холбоотой. Тийм учраас тамхины хяналтыг чангатгах шаардлагатай болсон. Тэгээд ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон, Тамхины хяналтын тухай суурь ковенцид нэгдэн орсон орныхоо хувьд ч тамхины хяналтыг чангатгах нь зүйтэй.

 

-Шинэчилсэн хуулиар тамхи үйлдвэрлэгчдэд тавих хяналтыг хэрхэн тусгасан бэ?

-Дотооддоо тамхи үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид ил тод үйл ажиллагаа явуулах ёстой. Хичнээн ширхэгийг үйлдвэрлэж, хэдэн төгрөгийн ашиг олсон, тэр ашгаас хэдэн хүн хүртсэн гэх зэрэг мэдээллийг ил тод, үнэн зөвөөр өөрийн вэб хуудсандаа байрлуулах ёстой. Мөн тамхитай холбоотой, үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагч аж ахуй нэгж байгууллагууд тамхиар ивээн тэтгэх, тамхины ашиг орлогоор ивээн тэтгэх, тэмдэг, лого зэргийг ашиглах ил, далдаар сурталчлахыг хориглосон.

-Тамхи үйлдвэрлэгчид ямар нэгэн тэмцээн уралдаан, тоглолт зэргийг ивээн тэтгэдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрийн дор олон ажил хэрэгжүүлдэг. Эдгээрийг хориглох уу?

-Хориглосон. Ямар нэгэн байдлаар хандив дэм, туслалцаа үзүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр тэмцээн уралдаан ивээн тэтгэхийг хориглож байгаа.

Ийн тамхи татдаг иргэдийн тамхи татах орчин шинэ хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болох нь. Уншигчиддаа мэдээлэл хүргэх үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлтээр орсон хориглосон зүйл заалт болон хүлээлгэх хариуцлагын талаар хүргэж байна.
Тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ, сурталчилгааны зохицуулалт

6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлага

6.7.13.    Интернэтээр тамхи худалдах;

6.7.14.    Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах;

6.7.15.    Баар, цэнгээний газарт тамхи худалдах.

6.8.      Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1.    Худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2.    Энэ хуулийн 6.8.1д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.

8.1.  Дараах хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

8.1.1.    Тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах.

8.1.6.    Гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах.

8.1.7.    Тамхи борлуулдаг аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;

8.1.8.    Тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчдийн анхаарал татах аливаа нэмэлт, дүрс, үг хэллэг зэрэг мэдээл
лийг агуулсан байх;

8.1.9.   Тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа; 8.1.10. Тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлах;

8.1.11.    Тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;

8.1.12.    Тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.

8.2.    Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

8.3.    Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.

8.4.    Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.

9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох газар

9.1.    Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1.    Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2.    олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3.    шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4.    зорчигч тээврийн буудал, зочид буудалын нийтийн үйлчилгээний танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5.    нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

9.1.6.    аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин; 9.1.7. агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8.    “цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

13 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.1 энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1

6.7.8,    6.7.106.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах;

13.1.2.    Энэ хуулийн 6.7.9д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах;

13.1.3.    Энэ хуулийн 6.7.13т заасныг зөрчсөн тохиолдолд интернетийн тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах;

13.1.4.    Энэ хуулийн 8.1.18.1.3, 8.1.58.1.12т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;

13.1.5.    энэ хуулийн 8.1.4т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

13.1.6.    Энэ хуулийн 9.1д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох;

13.1.7.    Энэ хуулийн 9.2т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг .нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав’ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.”

13.2.    Энэ хуулийн 7.1д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд тогтоомжид .заасны дагуу хариуцлага ногдуулна.

Б.Нямзул


URL:

Tags:

Нэр: cloud mining minergate Огноо: 29 July 2018

E meglio andar solo

Сэтгэгдэл бичих