Булгаа: Автобусны тасалбарын үнийг нэмэхгүй
Нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэх талаар өнгөрсөн долоо хоногт “Том оврын автобусны нийтийн тээврийн холбоо”-ныхон мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа.
-Автобусны тасалбарын үнийг ирэх 23-наас нэмэх тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Нийтийн тээврийн газраас энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, нийтийн тээврийн газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд дээрх мэдэгдлийн дараа хуралдсан. Тооцооны хувьд ажиллагаа ихтэй байна. Үнэ нэмэхэд ямар асуудал байна, бусад нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ, мөн тооцоо судалгааны талаар ярилцсан. Үнийг шууд нэмэх, эсвэл төрөөс төсөв мөнгө нэмж батлуулахад нарийн судалгаа шаардлагатай учраас одоохондоо тодорхой зүйл гараагүй байна.
-Тэгвэл автобусны холбооныхоны нэрлэсэн хугацаанд үнэ нэмэгдэхгүй гэсэн үг үү?
-Тийм. Өнөөдрийн байдлаар тээврийн газраас үнэ нэмэх тухай мэдэгдэл хийгээгүй байгаа. Авто тээврийн хуулийн дагуу тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хоёр хоорондоо гэрээ хийдэг. Одоохондоо энэ хуулинд өөрчлөлт оруулаагүй байна. Хэрэв тасалбарын үнийг нэмбэл цаг тухайд нь олон нийтэд мэдэгдэх болно.
-Үнийг нэмбэл нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдээс тасалбар авах тухай ярих боллоо. Энэ үнэн үү?
-Эрхийн үнэмлэхтэй иргэд үнэгүй зорчдогоороо зорчино. Ажлын хэсэг ганц удаа хуралдсан учраас шийдэлд хүрээгүй байна.
URL: