Х.Баттулгын засаглах сонирхол асч, Н.Алтанхуяг хамгаалалтын тактикт шилжив
Засгийн газар хамтрагчдаасаа биш журмын нөхдөөсөө болгоомжилж байна
Монголын төмөр зам/МТЗ/-ын дарга М.Энхсайханыг ажлаас нь халснаар улстөрд томоохон хөдөлгөөн өрнөж магадгүй боллоо. Зөвхөн М.Энхсайхандаа ч биш үүгээр далимдуулсан улстөрийн нөхцөл байдал үүсч магадгүй нь. Түүнийг халахад Засгийн газар хэмээх их айлын түүчээг хөтөлж яваа Н.Алтанхуяг болон түүний танхим хуралдаан ч хийсэнгүй, “МТЗ”-ын ТУЗ ч хуралдсангүй шууд хөөгөөд явуулчихлаа.
Тэр тусмаа өмнөх Засгийн газарт ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа “Шинэ төмөр зам” төслийг санаачилсан Х.Баттулга, өдгөөгийн Зам тээврийн сайд А.Гансүх нар нийлээд М.Энхсайханыг унагасан нь хэний ч сонирхлыг татах биз ээ. Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхад А.Гансүх дэд сайдаар нь ажиллаж байсан болохоор өөрийн эрхгүй сонирхол татна.
Тэр тусмаа төмөр замын нууц гэрээг солонгосчуудтай байгуулж явсан хоёр сайд гэж онцолбол хэний ч толгойд олон зүйл бодогдох болов уу. Ерөнхий сайд болон түүний танхимын ямар ч оролцоогүй, хоёрхон сайд нийлээд төрийн өмчит компанийн захирлыг буулгаж байгаа нь энэ Засгийн газарт танхимын зохион байгуулалт байхгүйг юуны өмнө харуулж байна.
Нөгөө талд эмх замбараагүй, зоргоороо аашилсан хэдэн сайд хувийн эрх ашгийн үүднээс ажилд ханддагийг ч давхар харууллаа. Ажлаасаа халагдсан М.Энхсайхан “Төрийн өмчийн хорооны шийдвэрийг удирдлага болгон “МТЗ”-ын ТУЗ хуралдаж намайг халах ёстой” гэсэн байна. Түүнчлэн тэрбээр миний ажлаасаа халагдсан нь Засгийн газар болон Ерөнхий сайдад ямар ч хамаагүй, Х.Баттулга, А.Гансүх нарт л хамаатай хэмээн мэдэгджээ.
Монголын толгой баячуудын нэг “Женко” юуны учир М.Энхсайханыг энэхүү суудлаас авч хаяв гэдэг нь олон асуудал дагуулна. Зөвхөн “Шинэ төмөр зам” төсөл буюу нууц гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд ч үгүй л болов уу. Төмөр зам түүний эрх ашиг, мөнхийн сонирхол мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнээс илүү улстөрийн ашиг сонирхол аль хэдийнээс түүнд бий болсон.
Х.Баттулга Ардчилсан намын дарга болох сонирхлоо удаа дараа цухуйлгаж, Н.Алтанхуягийг Шадар сайд байх үед л сөргөлддөг ганц хүн нь байв. Мэдээж алсдаа нам ялбал Засгийн газрыг тэргүүлнэ гэсэн зорилго өвөрлөснийх шүү дээ. Сонгуульд ялсан Ардчилсан нам дүрмийн дагуу Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгож, танхимаа бүрдүүлэх процесс фракц хоорондын дайнаар ид дүрэлзэж байв даа.
Харин энэхүү ширүүн галыг намдааж, Засгийн газраа хурдан босгохын тулд ирэх дөрвөн жилд хоёр том фракц Засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжилж барих тухай яриа гарсан нь нууц биш. Намын дүрмийн дагуу Н.Алтанхуяг хоёр жил, дараа нь Х.Баттулга хоёр жил засаглана гэсэн албан бус мэдээлэл бий. Тухайн үед Ардчилсан нам Засгийн газраа байгуулж чадахааргүй фракц хоорондын хэрүүлтэй байсан ч сайдуудаа гэнэт томилж хэл амгүйхэн ажилдаа орсон нь ч үүнтэй холбоотой байж болох.
Тэгэхээр “МТЗ”-ын шинэхэн дарга М.Энхсайханы шийдвэр, үзэл бодол Х.Баттулгын “Төмөр замын шинэ гэрээ”-тэй илт зөрчилдөж, мөнхийн сонирхлоо уяж ирсэн шинэ төмөр замын асуудал нь түүний засаглах сонирхлыг асаав бололтой. Нэгэнт энэ хүсэл дүрэлзэж эхэлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүхийн хувьд Х.Баттулгын дохиогоор хөдлөхөөс өөр аргагүй.
Хэрвээ тохирсон ёсоор ээлжилж засаглах байсан бол “Женко” юуны учир хугацаанаасаа өмнө ийнхүү дураар дургив. Ямар учраас Ерөнхий сайдыг тогшоод авав гэдэг нь ихэд сонирхолтой санагдана. Хэрвээ уг таамаглал хөдөлшгүй үнэн бол “Женко” Засгийн газрыг ямар алдаа гаргах бол хэмээн тэсч ядан хүлээж байгаагаас зайлахгүй.
Тийм ч учраас ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Засгийн газраас арилжаалж байгаа таван тэрбум ам.долларын бондын мөнгөнд Х.Баттулга огт хошуу дүрэхгүй байгаа аж. Учир нь Н.Алтанхуяг нарын санаачилсан бондын мөнгөөр Засгийн газрыг нурааж магадгүй төлөвлөгөөг тэрбээр боловсруулж байгаа юм байх. Монголын ирээдүй хойчийг барьцаалж их хэмжээний өрөнд унагаж байгаа таван тэрбум ам.долларын бондыг өрсөлдөгчид шүүмжлэхээс гадна Р.Амаржаргалаас эхлээд АН-ын нөлөө бүхий гишүүд ч таатай хандахгүй байгаа.
Тиймээс энэхүү бондын мөнгө Х.Баттулгын хувьд ганц зэвсэг нь болно. Мэдээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч ийм байдлыг гадарлаж, хамгаалалтын тактикт шилжихээс өөр гарцгүй. Тиймээс Ардчилсан нам Засгийн газраа унагах хүмүүсийг гаднаас биш дотроосоо хайх хэрэгтэй болж байна.
“Шударга ёс”-чуудын сүрдүүлэг хэзээ ч газар авахгүй нь
“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар төмөр замын асуудалд цаашид яаж хандахаас цаашдын улстөр хамаарна гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа М.Энхсайхан онцолжээ. Харин энэ мэт сүрдүүлэг хол явах уу, үгүй юу гэдэгт ихээхэн учир шалтгаан бий. Үнэн хэрэгтээ тэрбээр бондын талаар Засгийн газрын эсрэг байр суурьтай байгаа нь ч эргээд “Женко”-д ашигтай байхаар харагдаж байна.
Нөгөө талд М.Энхсайхан “Хүний буруу зөвийг ялгаж, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү” хэмээн Н.Алтанхуягт нэлээд ханд хаясан байгаа нь хоёрыг бодож нэгийг өгүүлсэн биз ээ. Магадгүй Х.Баттулгын давхар санааг хал үзэж, халуун чулуу долоосон М.Энхсайхан гадарлаж байхыг ч үгүйсгэхгүй. Харин эх сурвалжийн хэлснээр бол М.Энхсайхан ажлаа өгөх мэдээлэл сонссон даруй л өөрт нь үнэнч байж магадгүй гэж бодсон эвслийнхээ нөхөд рүү утас цохисон аж.
Тэрбээр “Намайг ажлаас халчихлаа. Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийж, энэ засгийг орхиё” гэж тэнэглэх нэгэн биш л дээ. Тиймээс “Одоо Н.Энхбаярын бие тааруу байна. Түүнийг аврах дорвитой хөдөлгөөн өрнүүлье” гэж хэлээд утсаа салгасан байхыг үгүйсгэх аргагүй. Ажлаасаа халагдах мэдээллийг сонсч дуусаагүй байхдаа л бусдадаа Н.Энхбаярыг аврах тухай хэлсэн ч байж болох юм.
Цаад санаа бол Н.Энхбаяраар дөрөөлж, улстөр хийх л арга. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас хариугаа бага ч болов авах гэсэн хэрэг. Гуравхан сарын өмнө “Н.Энхбаярын ял авсан нь зөв” хэмээж байсан хүн юу л гэж гэнэт түүний төлөө сэлэм эргүүлэв гэж. Тэгэхээр М.Энхсайханы хувьд экс Ерөнхийлөгчийн дохиогүйгээр хаашаа ч гарах гарцгүй цаг үеийн босгон дээр гайхашран зогсч байна.
Гэсэн хэдий ч тэдний “Засгийн газраас гарна” хэмээсэн сүржин улстөр газар авахгүй гэдэг нь Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурлын дараа л шууд харагдсан. МАХН-ын Хяналтын зөвлөл хуралдаад засгаас гарах тухай шийдвэр гаргасан ч энэхүү шийдвэрийг МАХН-аас сайдын суудалд заларсан нөхөд тас цохичихсон юм. Харин үүнийг дөрөөлсөн асар их мэдээллийг эрх баригчдын зүгээс цацсанаар эл сүрдүүлэг хэзээ ч газар авахгүйгээр “булшлагдсан” гэж хэлж болно.
Өчигдөр МАХН-ын даргыг хорих ангид ялыг нь эдлүүлэхээр дамжин өнгөрүүлэхээс шилжүүлж байхад тэд ямар нэгэн хөдөлгөөн хийсэнгүй. Засгийн эрхийг атгаж байгаа улстөрийн хүчний хувьд ч энэ мэт сүрдүүлэгт цочрохгүй хэмээн ам бардам хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн хэдэн сайд Засгийн газраас гарахад дутах юмгүй л гэж мэдэгдсэн удаатай. Цаанаа чухам дутах эсэхийг хэн мэдлээ. Улстөрд ид өрнөж буй эдгээр үйл явдлаас харахад Засгийн газрыг айлгаад байгаа нь “Шударга ёс” ч биш, өөр нэгэн улстөрийн хүчин ч биш, ҮХАА-н сайд Х.Баттулга л болоод байна.
С.Ууганбаяр
Эх сурвалж:
URL: