Эрүүл төрсөн нярай эмнэлгийн орон дээр амиа алдлаа
Эрүүл саруул төрсөн нярай ээжийнхээ хөхөнд даруулж нас барсан эмгэнэлт мэдээ сэтгэл сэрдхийлгэнэ. Өнгөрсөн ням гаригийн үүрийн 06:00 цагийн үед Хоёрдугаар амаржих газарт ийм явдал болжээ. Эл харамсалтай хэрэг тус эмнэлэгт орны хүрэлцээ муутайгаас болж гарсан байна. Сонгинохайрхан дүүрэгт харьяалалтай эхчүүд ирж амарждаг тус эмнэлгийн төрсний дараах тасагт ердөө 14 ор байдаг аж. Тус тасаг ачааллаа даахгүйн улмаас нэг орон дээр хоёр эхийг нярайтай нь хамт хэвтүүлж байсан аж. Өөрөөр хэлбэл нэг орон дээр хоёр эх, хоёр хүүхэд гээд нийтдээ дөрвөн хүн хэвтэж байгаа юм. Ийнхүү шахцалдан унтаж байсан эхийн нярай хөхөндөө дарагдаж нас барсан байна.
Бүсгүй 27 настай, сая төрсөн нярай нь түүний дөрөв дэх хүүхэд байжээ. Урьд өдөр /өнгөрсөн бямба гариг/-ийнх нь оройхон амаржсан эх үүрээр хүүхдээ хөхүүлж байгаад хэсэг зуур унтчихсан байна. Хүүхэд нь амьсгал хураасныг мэдээд цочирдож, балмагдсан ээж сувилагчид ханджээ.
Тухайн өдөр төрсний дараах тасгийн гурван ч орон дээр эх, хүүхэд нийлсэн тус бүр дөрвөн хүн хэвтэж байсныг эх сурвалж хэлж байгаа юм. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж, гэрэл зургаар баримтжуулсны эцэст хавтаст хэрэг үүсгэсэн байна. Гэсэн ч энэ хэрэгт эзэн холбогдогч, эсвэл буруутан олдохгүй болов уу. “Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг үрийнхээ хойноос гашуудсан залуухан ээж л өөрийгөө буруутган шаналж суугаа. Үнэндээ бяцхан нярайн амийг хэнээс нэхэх ёстой вэ?
Болсон явдлын талаар тодруулахаар тус эмнэлгийн дарга Б.Оюунхандтай уулзахад, “Наадахаа цагдаагаас асуу. Энэ хэрэгт хүүхдийн ээж буруутай” гээд халгаасангүй. Эмнэлгийн ажилтнуудыг, эсвэл өөрийг нь буруутгах вий гэж эмээхдээ тэрээр энэ хариултдаа өөрөө ч гэсэн итгэхийг хүсч байгаа биз.
“Нэг орон дээр эх хүүхэд нийлсэн дөрвөн хүн шахцалдаж унтсанаас болж ийм явдал болсон юм биш үү” гэсэн асуулта, “Үгүй. Наад хэргээ цагдаагаас асуу гэж байна шүү” гэж уурслаа. Эцсийн эцэст энэ хэрэгт хэн буруутан байх нь сонин биш юм. Гагцхүү дахиад ийм явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй байгаа нь л айдас төрүүлж байна.
Өмнө нь гурван хүүхэд төрүүлж байсан ээжид туршлага юу л дутаа аж. Ганц орон дээр дөнгөж төрсөн нялх биетэй хоёр эмэгтэй, хүүхдүүдийнхээ хамт чихцэлдэж, хүссэнээрээ хөдөлж чадахгүй хөшиж хэвтсээр ядраа байлгүй. Эцэст нь хэсэгхэн зуур дуг хийсэн нь энхрий үрийн энэ хорвоод амьдрах цаг хугацааг төгсгөл болгож орхилоо.
Клиникийн Хоёрдугаар амаржих газрын нэг эх баригч, сувилагчид өдөрт 40-50 хүн /үйлчлүүлэгч/ оногддог гэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлгийн эмч ажилтнууд болон орны тоо нь ачааллаасаа хэд дахин бага. Ерөөс манай эмнэлгүүдийн нийтлэг дүр зураг энэ юм. Шинээр төрөх эмнэлэг байгуулъя гэж өчнөөн жил ярилаа. Эцэст нь Нэгдүгээр амаржих газарт өргөтгөл барих болсон.
Гэхдээ тэрэнд нь улсын төсвөөс нэг ч төгрөг хаясангүй. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани нийгмийн хариуцлагаа ухамсарласны хүчинд нэгдүгээр амаржих газрын ор 150-иар нэмэгдэж, тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж шинээр суурилууна гэж байгаа. Гэсэн ч энэ нийслэлд хангалтгүй байгааг өнгөрсөн ням гаригт болсон эмгэнэлт явдал харууллаа. Төсвийн мөнгөө эх хүүхдэд зориулахаас харамлаад байдаг юм бол өч төчнөөнөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг “дарамтлаад” ч болтугай эмнэлэг бариулаад байх хугацаа даанч их байлаа. Өөрсөддөө болохоор намын байр нэрээр ордон сүндэрлүүлж, парламентын ордон босгохоор Кувейтүүдээс тусламж хүсч хөрөнгөө шийдүүлчихэж дөнгөдөг эрхэм төр баригчдад хүүхдийн амь үнэхээр сонин биш ажээ.
Зууны мэдээ
URL: