Д.Бямбасүрэн: Дорнодын нефтийг Хятадад өгчихөөд гаднаас гуйж яваа нь гутамшиг

Цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

-Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол ямар байдалтай байна вэ. Ер нь тусгаар тогтнол  юун дээр тогтдог вэ?

 

-Улс орны тусгаар тогтнол гэдэг амьдралын бүх хүрээг хамарна. Цэрэг улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, байгаль орчны тусгаар тогтнол гэж бий. Тэр дундаа эдийн засгийн тусгаар тогтнол бол тухайн улс орон өөрийн эрхзүйн орчинд үндэсний язгуур эрх аш­гийн үүднээс нийгмийн амьдралыг тэтгэх чадавхи. Тэгэхээр энэ нь тодорхой шалгууртай байх ёстой. Нэгдүгээрт эрхзүйн орчин үндэсний шаардлагыг хангасан байх. Ингэж чадахгүй, өөрийн баялгаа гадны хүнд зүгээр өгчих юм бол энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж байгаа хэрэг. Тухайлбал, сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай улс орон хөгжинө гэдэг ойлголт газар авсан. Үүний үр дүн нь Оюутолгой, Тавантолгой мухардалд хүрснээс харагдана. Хоёрдугаарт, тухайн улс орны өөрийн мэдлийн нөөц баялаг амьдрал тэтгэх, нөхөн сэргээх боломжтой байх ёстой. Хуучин социалист нийгмийн үед тусгаар тогтносон Монгол Улс гэж тунхаглаад экспортоосоо 130 хувь давсан зээл тусламж гаднаас авч байсан. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй байгаагийн шинж. Гэтэл 2000 оны эхэн үед өр зээлээ цэгцэллээ гэж байсан ч одоо гадаад өр 17, 18 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Гуравдугаарт, улс орны эдийн засгийн өсөлт, зам, цар хүрээ, тухайн улсын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх, шийдэх нөөц бололцоогоор батал­гаажсан байх ёстой. Хэрэв аль нэг улс орны нөөц бололцооноос илүүгээр идэж, ашиглах эсвэл гаднаас зээл тусламж авч хөгжинө гэж тэмүүлвэл өрийн барьцаанд орж золиос болдог. Эдийн засгийн хүчин чадал, баялаг бүтээх чадавхи бол гаднын нөлөөг дааж чаддаг байх ёстой. Тухайлбал, зуд болоод ихэнх малаа алдсан ч малаа өсгөдөг. Мал аж ахуй амьдралыг тэтгэсээр л байгаа. Гэтэл сүүлийн үед манайхны эрхэлж байгаа уул уурхай, үйлдвэржсэн салбарууд ямар байдалтай байна вэ гэвэл дэлхийн зах зээлд сүүлийн таван жилд дунджаасаа 68 хувь хүртэл доошоо унаж 108 хувьд хүрсэн хэлбэлзэлтэй байлаа. Ийм үед үндэсний эдийн засаг тогтвортой давж чадахгүй, заавал дагаж хэлбэлзэнэ. Ийм дөрвөн хүчин зүйлд үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал илэрдэг юм болов уу.

 

-Өөрийн нөөц бололцооноос илүү давсан хөрөнгө зарцуулбал өрд унах болно гэж та хэллээ. Гэтэл сүүлийн дөрвөн жил өөрт байгаа нөөцөөс давсан алхам хийж өрөнд унаад байгааг та хэрхэн дүгнэж байна?

 

-Ер нь түүхийн нэг гунигт агшин. Урд нь МАХН гэдэг улс төрийн хүчин социалист бүтээн байгуулалтын үед удирдаж байхдаа 10 гаруй тэрбум ам.долларын өрд унагасан. Ардчиллын жилүүдэд энэ өрнөөс саллаа гэж байтал дахин өрд унаж байгаа нь улс төртэй шууд холбоотой. Улс төрийн намууд төрийн эрхийг барихын тулд ард түмнийг хуурч, мэхлэн дааж давшгүй худал амлалт өгдөг. Амлалтаа биелүүлэхийн тулд өр тавьдаг. Өнгөрсөн дөрвөн жилийг аваад үзэхэд МАН хүн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амалсан ч өгч чадаагүй. 900 орчим сая ам.долларын өр тавьж хүмүүст тараасан ч амлалтаа биелүүлж чадаагүй. 1990-ээд оны сүүлчээс эхлээд уул уурхай Монголыг хөгжүүлнэ гэж хэсэг бүлэг хүмүүс номлож эхэлсэн. Өөрөө хөрөнгөгүй байж хүний хөрөнгөөр баялагаа ухаж гаргах нь нэг талдаа эдийн засаг өссөн харагдаж байгаа ч нөгөө талдаа амьдрал өсдөггүй. Амьдрал дорой учраас эргээд өрөнд орох шалтаг болж байна. Уул уурхайн асуудал маш төвөгтэй, зах зээлийн сонголт бага, жин ихтэй бүтээгдэхүүн гарч байгаа учраас хол тээвэрлэх боломжгүй. Тиймээс манай улс урд хөршийнхөө түүхий эдийн хавсрага, дагуул болж байна. Үүнээс гарахын тулд зээл авч өрд унана. Ер нь өртэй хүн, өттэй мал хоёр таргалдаггүй гэж үнэн үг шүү.

 

-Тэгэхээр уул уурхайг түшиглэн хөгжинө гээд явж байгаа зам маань биднийг юу руу хөтөлж байгаа гэсэн үг вэ?

 

-Уул уурхайн бү­тээг­дэхүүн гэдэг бол байга­лийн нөхөн сэргээгдэхгүй баялаг. Хэзээ нэгэн цагт дуусна. Гэтэл Монгол баян гээд бид гуяа алгадаад гүйж л байна. Гэтэл нийт алтны нөөц 3000 тонноос хэтрэхгүй. Оюутолгой гэхэд 1000 тонн, 100-аад тонныг нь бид өөрсдөө ухлаа.  Гуравны нэгээс илүүг нь бид үрээд дуусч байгаа биз дээ. Нүүрс их бий гэж байгаа ч одоо мэдэгдэж байгаа нөөцөөр ойролцоогоор 100-аад тэрбумын нөөцтэй гэхэд энэ нь хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхээр байгалийн баялгийг цөлмөж орлого олно гэдэг бол ирээдүйгээ хоосруулж байна гэсэн үг. Үүний оронд оюуны шингээцтэй баялаг гаргасан бол манай улс дороо хөгжинө. Тиймээс манай төр хэдэн ч удаа хөгжлийн үзэл баримтлал гэж гаргав. Тэдний нийтлэг өрөөсгөл тал нь хөгжил, өсөлт хоёроо ялгадаггүй. Өснө гэдэг нь өнөөдөр нэг тонн нүүрс гаргаж, маргааш нь хоёр тонныг гаргавал үүнийг өсөлт гэж хэлж болно. Гэтэл 100 тонныг гаргаж байгаад нэг тонныг гаргалаа гэхэд ямар ч өсөлт гарахгүйгээр барахгүй яваандаа мухардалд орно гэсэн үг. Тэгэхээр уул уурхайн баялгийг цөлмөж амьдарна гэдэг их эрсдэлтэй. Арабууд нефтээс олсон баялгаараа оюуны баялаг бүтээж байна. Учир нь нефть нь дууслаа гэхэд оюуныхаа баялгаар хөгжих боломжтой. Гэтэл манайхан уул уурхайгаас орж ирсэн баялгийг хуваагаад идэх ёстой юм байна гэсэн мухар, сохор номлол явж байна.

 

-Оюутолгой төслийг дагаад эдийн засагт хөгжил авчирна гэж зарим нь үзэж байхад, энэ нь өсөлт биш өр болж үлдэнэ гэж хэлэх нь ч бий. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

 

-Оюутолгойн гэрээ анх 2009 онд орж байх үеэс эхлээд энэ төсөл манай улсыг аварна гэдэг номлол хүчтэй явсан. Түүнээс хойш гурван жил болоход юу болж байгааг бид харж байна. Анх 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан объект маань найман тэрбум болчихлоо. Анхны хөрөнгө оруулалт ингэж өсч байхад цаашид хийх гүний уурхай, төмөр зам, эрчим хүч, онцгоны буудал хөрөнгө оруулалт 10 гараад явж өгөх нь. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бид уг төслийн 34 хувийг эзэмшинэ гэж ярьдаг. Гэтэл 2.5 тэрбумаас 800 сая ам.долларын зээл аваад дээрх хувийг эзэмших ёстой байсан. Одоо эхний шатны хөрөнгө оруулалт найман тэрбум гэвэл 34 хувь нь 2.5 тэрбум ам.долларын өрд унаж байна. Үүнийг өндөр хүүтэй авсан, хэзээ төлж дуусах юм. Энэ нь хүүтэйгээ дөрвөн тэрбум ам.долларын өр болж хоцорч байна. Оюутолгойн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт хоёр МҮОНТ-ээр илт маргалдсан. С.Баярцогт өөрийгөө мундаг мэдлэгтэй гэж харуулах гэж оролдож өч төчнөөн ашгийн тооцооны талаар худал, үнэн ярьж байсан. Гэтэл Оюутолгойн захирал Камерон МакРей сонинд өгсөн ярилцлагадаа “Анхны хөрөнгө оруулалтаа нөхтөл Монголын тал ашиг хуваахгүй. Монголын тал ашиг хүртэх нь зээлээ төлж дуусаад хүртэнэ” гэсэн байсан. Түүний хэлж байгаагаар анхны хөрөнгө оруулалтаа нөхөх гэж эхний есөн жил, зээлээ төлөхөд дахин есөн жил, ингээд 2030 он болоход уг төсөл баялгийн сорыг нь ашиглаж дууссаны дараагаар Монголд жоохон юм савируулж үлдээх болж байна. Эндээс харахад Оюутолгойг манай төр сохор бодлого явуулж, алдаатай, үндэсний эрх ашгийг хохироосон гэрээ хийсэн. Үүнийг маш ул суурьтай хандаж өөрийн эрхзүйн орчноо, татварын бодлого, эдийн засгийн механизмуудаа иж бүрэн шинэчилж байж дараа нь ул суурьтай тавихгүй бол их эвгүй байдалтай байна.

 

-Манай улсын өр нэмэгдсээр л байна. Тухайлбал, Чингис бонд. Өнөөдрийг хүртэл энэ хөрөнгийн эх үүсвэрийг зарцуулалгүй хав дарсаар байгааг хүн бүр шүүм­жилдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Санхүүжилт хийх төсөл нь бэлэн биш байхад мөнгө босгох шаардлага байна?

 

-Бондын асуудал маш их дуулиан тарьж байна. Манайхан бонд гаргаад хөрөнгө мөнгө босгоно гэж ярьдаг болж. Гэтэл тэр мөнгө нь ч хаана байгаа юм. Энэ хийж байгаа ажил бол мөнгө хүүлэх капиталын барьцаанд гүйгээд очиж байгаа хэрэг. 1.5 тэрбумын бонд борлууллаа. Мөнгө нь ороод ирсэн гэж байгаа ч ТЭЗҮ бэлэн төсөл болоогүй байгаа талаар мэдээллийн хэрэгслээр яриад байна. Ядаж л өвлийн цагт барилгын ажил зогсдог гэдгийг тооцоолсонгүй. Энэ нь өр болж байгаа. Манай улсын хувьд боломжийн хэмжээний өр тавьж байгаад зайлшгүй босгох шаардлагатай салбарууд бий. Тухайлбал, нефть боловсруулах, цэс хайлуулах үйлдвэр, цахилгаан станц. Эдгээрийг нэн яаралтай хийх ажил. Тиймээс өөрт байхгүй мөнгийг босгохын тулд зээл авах нь зайлшгүй. Гэтэл зээл авснаасаа хойш түүнийг зарцуулах гэж байгааг нь харахад сэтгэл зовж байна. Эхлээд нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гээд шуугиан тарьж байна. ТЭЗҮ-г нь боловсруу­лахад 1.4 тэрбум төгрөг зарцуулна гэдэг Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл улиг болсон Дарханы нефтийн үйлдвэрт өгөх нь. Японы нефть бо­ловсруулах үйлдвэрт бондынхоо мөнгөнөөс зарцуулах болж байна. Бид ОХУ-аас шатахуун авч хараат байдалд ороод эдийн засгаа боомилох золиос болж явна. Гэтэл нефть авахад тэр байдал өөрчлөгдөхгүй. Тэр Японы үйлдвэрийг Дарханд барихын оронд Дорнодод барьж байгаа нефтийн үйлдвэрээ төр засаг дорвитойхон томъёолоод явсан бол шийдэж болох асуудал. Гэтэл Дорно­дынхоо нефтийг Хятад компанид өгчихөөд гад­наас нефть гуйж авна гэдэг гутамшгийн дээд гутамшиг, мулгуугийн дээд мулгуу хэрэг. Японы хөрөнгө оруулалтыг дэм­жиж зуучилж байгаагийн цаана гаршсан хэдэн хүний бизнес байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл төрийн бодлого дахиад буруу замаар явж зээлээ үр ашигтай ашиглаж чадахгүй нь гэж харагдаж байна.

 

-Дорнодын нефтийн үйлдвэрээ алдчихлаа гэхэд Эрдэнэтэд энэ төрлийн үйлдвэр байдаг юм билээ. Үүнийг тордоод явах боломжгүй юу?

 

-Бололгүй яахав. Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт гэдэг нөхрийн ах дүү нарынх нь хувийн сонирхол, шуналаас бүх зүйл болж байна. Өөрсдийн буруу бодлогын гайгаар манайд нефтийн үйлдвэр байгуулагдаагүй. Тэр байтугай манай Газрын тосны газрын том албан тушаалтнууд урд хөршийн нефтийн газрын зөвлөх гээд явж байдаг юм билээ. Тэнд хүндэт самбарт нь зураг нь байгаа тухай хүмүүс ярьдаг юм билээ. Ийм байхад газрын тосны асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

 

-Нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгээд өөрсдийн эрх ашгийн төлөө боомилж, дахин шинээр эхлүүлээд явж байгааг та юу гэж бодож байна вэ?

 

-Манайд байдал нэлээд төвөгтэй байна. Улстөрчид солигдохоороо эсрэг тэсрэг үзэлтэй улс төрийн хүчин гарч ирнэ. Тэгэхээр үзэл бодлын зөрүүгээс төвөгтэй байдал үүсч байсан. Төр солигдоно гэдэг бол дараагийнх нь хоолонд орно гэж ойлгоод байна. Мэдээж шим шүүсийг нь сорчихсон юмнаас юу гарах билээ. Хамгийн аюултай нь Монголын төрд гаднын ашиг сонирх­лын хүчтэй бүлэглэл бий болж. Боловсрол, бодлого муутай хүнийг тэжээж төрд гар­гаад түүгээрээ дамжуулж өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг тогтолцоо бий болжээ хэмээн харж байна. Эдгээрийг шийднэ гэдэг зовлонтой. Үзэл бодлын асуудлыг шийдвэрлэж болох байх. Гэтэл авлигыг шийднэ гэдэг хэцүү. Тухайлбал, ерөнхийлөгч байсан хүнээ яллачихаад сууж байдаг. Гэтэл нөгөө хүнд тулгаж байсан таван хэргийн гурав нь хэрэг­сэхгүй болж, авлигатай тэмцэх тэмцлийн нэр хүнд унаж байгаа нь төвөгтэй байдал үүсгэж байна. Хэ­рэв гаднын ашиг сонирх­лыг илэрхийлдэг тог­толцооноос ангижрахыг хүсвэл аюулгүй ажил­лагааны байгууллагыг өөрч­лөх хэрэгтэй. Авлигатай тэмцэх замаар шийдэхгүй. Энэ бол тогтолцооны асуудал. Тийм ч учраас энд үндэсний эрх ашгаа хамгаалсан тагнуулын байгууллага, төрийн тусгай албад ажлаа түүнд чиглүүлэх хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулалттай аливаа хэлцлүүдийг чанга хатуу хяналт дор явуулдаг болох ёстой. Оюутолгойд ямар байдал үүсч байна гэхээр гэрээ хийсэн хүмүүсийн компаниуд түүнд үйлч­лээд тэндээс ашиг орлого олж байна. Одоогоор ма­най тагнуулын алба ерөнхий сайд буюу нэг намын мэдэлд байгаа. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Таг­нуулын алба нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шууд харъяалагдаж даргыг нь ерөнхийлөгч томилдог байх ёстой.

 

-Бид гадны хөрөнгө оруулагчдын нөлөөллөөс гарах боломж бий юу?

 

-Гадныхны явуулгаас ангижирна гэдэг төвөгтэй. Чадвартай боловсон хүчнийг төрд гаргая гэхээр одоогийн улс төрийн хүчнүүд чадалтайгаа ардаа хийгээд мөнгөтэйг нь гаргачихсан байна. Монголын баячууд улс төрд багтаж ядталаа чихэлдчихжээ. Тэд чадвартайгаа урагш нь гаргахгүй. Нөгөө талаас гадныхан бусад орныг эрхшээлдээ оруулдаг арга барил нь өөрчлөгдөж байдаг арвин туршлагатай. Үүнтэй тэмцэж болно. Нэгдүгээрт, гадаадын­хантай харилцах харилцааг цэгцлэх. Дуртай нь төрийн албанд орчихоод төр болон өөрийгөө худалддаг замыг хаах хэрэгтэй. Төрийн албан хаагчдад тавих хяналтыг чангатгах ёстой. Үүнд гомдох хэрэггүй, хүний эрх, эрх чөлөө гэж хашгираад хэрэггүй. Төрийн албан хаагчийн орлого, зарлага, хөрөнгө болон бизнесийн түүхийг хянана гэдгийг хэлж байх. Ингэвэл баячууд төрөөс нэлээд зугтах байх. УИХ-ын гишүүдийн дархлааг сулруулахын тулд Ерөнхийлөгч санаачлаад оруулахад Төрийн байгуулалтын байнгын хороонд очоод уначихлаа. Эндээс юу харагдаж байна гэхээр тэдгээр хүмүүсийн дийлэнх нь өөрсдөө гэмт хэрэгтнүүд юм байна гэж харагдаж байна. Энэ хүмүүст хатуу хандах шаардлагатай.

 

-Төрийг яаж цэвэрлэх вэ?

 

-Бид улс төрийн намуудад хатуу хандах хэрэгтэй. Энэ нь сонгуульд орох эрхтэй, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй онцгой объект. Одоогоор манай намууд төрийн албан ту­шаалыг худалддаг дэл­гүүрийн лангуутай ижил болчихжээ. Энэ байдлаас гарахын тулд намын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар ажиглагдсан нэг зүйл нь дарга нар нь өөрийнхөө нэрийг түрүүлэн зоож байгаа нь хүүхдийн тоглоом шиг болж байгаа нь харамсалтай. Ер нь намуудыг гишүүнчлэлгүй болгох нь зөв. Яагаад гэвэл тэд чадалтай хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлнэ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих