Эхийн сэтгэл Энхбаярт, Энхбаярын сэтгэл албан тушаалд

Жирийн нэгэн иргэн, эх хүн Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлажээ. Эмэгтэй өлсгөлөн зарлаад 135 цаг буюу тав хоног өнгөрчээ. Түүнтэй хамт өөр зургаан эмэгтэй харь элгийн Н.Энхбаярын төлөө өлсөж байх юм. Юуны төлөө тэд ийн амь нас, эрүүл мэндээ золиослоно вэ. Бодоод үзье д дээ. Энэ хүмүүс одоохондоо Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байх шиг байна. Харин хором мөч өнгөрөх тусам өөрсдийнх нь амь нас, эрүүл мэнд аюул заналд өртөнө гэдгийг ухамсарлаж байгаа болов уу. Амь бие, үр хүүхдийнхээ ирээдүйг золиослон хийж байгаа энэ үйл хэргийнхээ үнэн мөнийг ойлгож байгаа гэж итгэхэд бэрх л байна.

 

Үнэхээр Н.Энхбаярын амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байгаа юм бол түүний эхнэр Цолмон яагаад өлсгөлөн зарлаж байгаа эмэгтэйчүүдтэй нэгдэхгүй байгаа нь сонирхолтой. Гэтэл үнэн хэрэгтээ Н.Энхбаярт падлий ч байхгүй ядарсан хэдэн эх л өлсгөлөн зарлаж байна шүү дээ. Энэ хүний өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа улс төрөөс харахад хэнийг ч золиослож чадах”аймаар” хүн бололтой.  Гэхдээ өлсгөлөнг харахд өрөвдөлтэй дүр зураг харагдаж байна лээ. Жишвэл, Хойд солонгосын авторитар удирдагч Ким Чен Ун агсаныг нас барахад л жирийн хойд солонгосчууд худлаа уйлах гэж үйлээ барсантай адил дүр зургыг Монголын иргэд телевизээр харлаа.  Хөөрхий тэр хэдэн эхийг харахаар үнэхээр өр зүсэм санагдсаныг нуух юун. Н.Энхбаярын төлөө өлсөх, худлаа уйлах тэдэнд амаргүй байгаа нь нүднээс нь илт байсан. Тэднийг элдэв амлалт өгч, ер нь юугаар ч хуурсан байж болно. Гэхдээ эх хүний амь насыг золиослон байж, эрх чөлөөгөө олж авахыг Н.Энхбаярт хэн зөвшөөрсөн юм бэ. Үнэхээр үхлийн ирмэг дээр байгаа юм бол өлсгөлөн зарлагчдын тэргүүн эгнээнд байх ёстой хүний нэг түүний эхнэр Цолмон биш үү.

 

Гэтэл эхнэр нь эхчүүдтэй нэгдсэнгүй. Бодвол дулаахан гэртээ, гэдэс цатгалан тухлангаа энэ бүхнийг тольдож суухыг илүүд үзсэн юм байлгүй дээ. Энэ өлсгөлөнгийн эмгэнэл ердөө л энэ. Ер нь яагаад Н.Энхбаярын төлөө гэсэн чин сэтгэлтэй эхнэр нь биш, жирийн ядарсан эхчүүд амь насаа золиослон байж тэмцэх ёстой юм. Яагаад заавал улс төрчдийн золиос нь жирийн иргэд байх ёстой юм. Энэ бол Монголын эмгэнэл. Нийгмийн ухамсар дорой байгаагийн шинж. Гэхдээ хэргийн цаад учрыг ойлгож байгаа хүмүүс ч байна лээ. Facbook, Twitter дээр иргэд санал бодлоо ийн илэрхийлсэн байх юм. Тэд “Эхийн сэтгэл Энхбаярт, Энхбаярын сэтгэл албан тушаалд” , “Өлсөж сураагүй Цолмон өөрийнхөө амийг бодов уу” , “Төрийн төлөө оготно гэгчээр Энхбаярын төлөө ээж минь өлсөж үхэх гэж үү” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Өөрийнхөө төлөө хэнийг ч золиослохоос буцахгүй улс төрчдийн золиосонд амь насаа золиосолохоо хэзээ болих вэ эхчүүдээ. Үнэхээр л Н.Энхбаяр нь хэрэгтэй байгаа юм бол эхнэр Цолмон нь өлсгөлөн зарлаг л дээ.

Т.Баяр

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих