“Нисэх орчмын айлууд хөлдөх аюулд орж магадгүй”

Сонсголон орчмын дулааны шугам сүлжээнд гэмтэл гарсан талаар Улаанбаатар дулааны сүлжээ компанийн захирал Г.Хайдаваас тодрууллаа.
-Автомашин дулааны шугам сүлжээг мөргөсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нэгдүгээр сарын 12-ны 21.00 цагийн орчимд Сонсголонгийн гүүрний урд “Өрнөх билэг” 99-27 улсын дугаартай чиргүүлтэй камаз зам дээрээс гулгаж дулааны 700 мм-ийн шугамыг мөргөсөн байгаа. Энэ дээр шуурхай бригад ажиллаж хамгаалалтын бэхэлгээ түр хийсэн байна. Шугамын доогуур орсон машины чиргүүлийн хэсгийг эвдэх шаардлагатай байгаа.

-Ослын шалтгааныг тогтоосон уу?

-Авто зам дээр хамгаалалт, хашлага байхгүй, халтиргаа, гулгаа ихтэй байсан. Энэ осол дээр Хан-Уул дүүргийн цагдаагайн хэлтэс хамтарч ажиллаж байна. Осол гарснаас хойш хоёр хоног болчихлоо. Эзэд нь автомашинаа авах гээд байгаа. Хажуу тийшээ хазайгаад унахад бэлэн болчихсон.

-Ямар арга хэмжээ авах вэ?

-Одоо чиргүүлийг нь таслах хэрэгтэй. Эсвэл өндөр хүчин чадалтай автомашинаар татаж гаргах хэрэгтэй байна. Татаж гаргах үедээ буцаад хүч алдаж магадгүй. Хэрвээ тийм юм болбол дөрөвдүгээр станцаас гарч байгаа арав гаруй тонн 120 градустай ус асгарах магадлалтай байна. Ингэснээр Нисэх орчмын айлууд хөлдөх аюулд орж магадгүй.

Ж.Марал

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих