Туйлшрагч
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө нь гудамжны тэмцэл хийж, улс эх орны эрх ашиг ярьж явсан нэгэн. Тийм ч учраас “тэмцэгч” гэх имижтэй гишүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа. Харин сүүлийн үед түүнийг тэмцэгч гэхээсээ илүү “туйлшрагч” гэж нэрлэхээр болжээ. Үндэсний аюулгүй байдал, улс эх орны эрх ашиг мэдээж чухал. Гэхдээ үүнээс гадна хүний эрх гэж зүйл бий. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Харин Ж.Батзандан гишүүн хэлэлцэж буй асуудлын цар хүрээнээс хальж, “ҮАБЗ-д ажиллаж байсан бол гадаад хүнтэй сууж болохгүй” хэмээн өөртөө итгэлтэйгээр ярьж байна билээ. Г.Уянга гишүүний оруулж ирсэн хуулийн төсөл өөрөө хүний эрхтэй зөрчилдөж байгаа юу, үгүй юу гэх асуудлыг хөндсөн. Гэтэл дээрээс нь нэмээд гадаад хүнтэй сууж болохгүй гэж яривал арай л дэндэж байгаа хэрэг байх аа. Монгол Улс чинь ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө, хүнлэг энэрэнгүй ёсыг дээдэлдэг. Ж.Батзандан бас ардчилсан үзэл баримтлалтай, Ардчилсан намын гишүүн. Тийм байж, гадаад эхнэр, нөхөр авбал, УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж болохгүй гэж ярьж л байдаг. Хүний эрхэнд шууд халдаж байгаагаас ялгарах зүйл алга. Ямар сайндаа л гадаад нөхөртэй Ц.Оюунгэрэл сайд уурлаж байх вэ. Аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ туйлшрал болж хувирдаг. Ж.Батзандан гишүүн эх оронч имижээ хадгалах гэж байгаа нь энэ гээд хэтэрхий туйлширчих шиг боллоо. Нөгөөтэйгүүр хэт популист байдлаар асуудалд хандсан байж ч болох. Эцсийн эцэст гадаад нөхөртэй, эхнэртэй байна уу хамаагүй, Монгол Улсын төлөө зүтгэж л байвал болоо шүү дээ.
Л.Энхдэлгэр
URL: