2012 он статистикт ингэж буужээ
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэл хийж, 2012 оны эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Эдгээрээс тоймлон хүргэж байна.
ДНБ 25.8 ХУВИАР ӨСӨВ
Өнгөрсөн 2012 онд ДНБ-ний өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувь, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 12.3 хувиар өсчээ. Манай улсын ДНБ-ний өсөлт ийнхүү сүүлийн хоёр жилийн хугацаанд рекорд амжилт тогтоож байна. Өнгөрсөн жилийн тухайд ДНБ-ний бодит өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр болон бөөний, жижиглэнгийн худалдааны салбарын өсөлт нөлөөлжээ. Гэхдээ ДНБ-ний эцсийн хэрэглээ 64.2 хувь, нийт хуримтлал 60.6, цэвэр экспорт -24.7 хувийг эзэлсэн байна. Тодруулбал, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 1.9 пункт, цэвэр экспорт 0.4 пунктээр өсч, харин хөрөнгийн нийт хуримтлал 1.5 пунктээр буурчээ. ДНБ өсч байгаа ч хөрөнгийн хуримтлал буурч, эцсийн хэрэглээ, цэвэр экспортын өсөлтийн хувь харьцангуй бага байгаа нь эндээс харагдаж байна. Энэ нь ДНБ-ний өсөлтийн бодит эдийн засагт нөлөөлөх нөлөөлөх харьцангуй бага байгаагийн илрэл юм.
БАНКНЫ СИСТЕМ ХЭВИЙН БАЙНА
Оны эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 828.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 106.4 тэрбум төгрөг буюу 14.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 115.1 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар өсчээ. Зах зээл рүү орж буй бэлэн мөнгөний нийлүүлэлт бас 18.8 хувиар өссөн байна. Мөнгө хоёр хэлбэрээр зах зээл рүү нийлүүлэгддэг. Нэг нь төсөв, нөгөө нь банк, санхүүгийн сектороос. Өнгөрсөн хугацаанд төсвөөс шууд нийлүүлсэн мөнгөний хэмжээ их байсан нь инфляцийг хөөрөгдөх хүчин зүйл болж байсан.
Харин эсрэгээрээ банк, санхүүгийн сектороос зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ нэмэгдэж байсан ч төсвөөс орж ирэх их мөнгийг гүйцэхгүй байсан гэхэд болно. Ямартай ч 2012 оны эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаан их наяд 990.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 122.7 тэрбум төгрөг буюу 1.8 хувь, өмнөх жилийнхээс нэг их наяд 349.3 тэрбум төгрөг буюу 23.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл арванхоёрдугаар сарын эцэст 110.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 25.1 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч жилийн дүнгээрээ тооцвол 50.1 хувиар өссөн байна. Гэхдээ банкны системийн хувьд хамгийн чухал үзүүлэлт нь яах арагүй чанаргүй зээл.
Оны эцэст системийн хэмжээгээр чанаргүй зээл 295.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сартай харьцуулахад 1.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлийн хэмжээ бага ч зах зээл рүү нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ өсчээ. Энэ нь банкны систем хэвийн ажиллаж байна гэсэн үг. Тэр хэрээр зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж, эдийн засаг өсөхөд нөлөөлжээ.
ТӨСӨВ НЭГ ИХ НАЯД 163 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ
2012 он олон улсын санхүүгийн зах зээлийн хувьд тийм ч таатай жил байгаагүй. Ялангуяа манай урд хөршийн эдийн засаг удааширч эхэлсэн нь уул уурхайн салбараас орж ирэх мөнгөний хэмжээ багассанаар, төсөв их хэмжээний алдагдал хүлээсэн. Статистик мэдээллээс ч бас энэ нь тодхон харагдлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр дөрвөн их наяд 880.9 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ зургаан их наяд 43.9 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 163.0 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр дөрвөн их наяд 840.8 тэрбум төгрөг, урсгал зардал 4590.1 тэрбум төгрөг болсноор тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 250.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Түүнчлэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд 43.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос нэг их наяд 46.9 тэрбум төг буюу 20.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь мэдээж 1.5 тэрбум ам.долларын бондын зээлтэй холбоотой. Үүнийг дагаад зээлийн үйлчилгээний нийт зардал өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.4 дахин өсчээ. Түүнчлэн улсын төсвөөс хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ оны эцэст нэг их наяд 384.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 8.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Төсөв хэдий алдагдал хүлээсэн ч хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөний хэмжээ өсч байвал “сайн үзүүлэлт” гэж эдийн засагчид хэлдэг.
МАЛЫН ТОО 4.6 САЯАР ӨСЧЭЭ
Улсын хэмжээгээр 2012 оны эцэст 40.9 сая толгой мал тоологдлоо. Үүний дотор адуу 2330.4 мянга, 2584.6 мянган толгой үхэр, 305.8 мянган толгой тэмээ тоологдсон бол хонь 18141.4 мянга, ямаа 17558.7 мянга тоологдсон байна. Малын тоо өмнөх оныхоос 4.6 сая буюу 12.6 хувиар өсчээ.
Хонь хамгийн их буюу 15.8 хувиар өссөн нь малын өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн байна. Оны эхэнд тоологдсон нийт малын 1.2 хувь буюу 0.4 сая бод мал 2012 онд зүй бусаар хорогдов. Түүнчлэн 2012 онд Монгол Улс 479.3 мян.т үр тариа, 245.9 мян.т төмс, 98.9 мян.т хүнсний ногоо хурааж, 1175.1 мян.т хадлан, 39.1 мян.т гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оныхоос хураасан үр тариа 33.2 мян.т буюу 7.5 хувь, төмс 44.3 мян.т буюу 22.0 хувиар нэмэгдэж, харин хүнсний ногоо 56.3 т буюу 0.1 хувь, хадлан 20.1 мян.т буюу 1.7 хувь, гар тэжээл 7.7 мян.т буюу 16.4 хувиар буурчээ.
Л.Энхдэлгэр
URL: