Ард түмний халаас түнтгэр харагдаад байна уу
Сүүлийн өдрүүдэд улсын, хувийн нийлсэн олон байгууллага ард түмний халаас руу “нүдээ унагах” боллоо. Зарим нь аль хэдийнэ гараа хийгээд, хулгайлж эхэлж байна. Захын жишээнээс нь дурьдахад, нийтийн тээврийнхэн үнээ нэмж, 600 төгрөг болгох тухай идэвхтэй ярьж эхэллээ.
Тэдний санаснаар болбол ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд том хүмүүс 600 төгрөг төлж байж автобусаар зорчих болох нь. Шалтгаан нь ердөө л автобус компаниуд алдагдалтай ажиллаж байгаагаас болсон гэх.
Үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Олон жилийн турш алдагдалтай ажиллаж байсан бол өдийд бүгд дампуураад дуусмаар юм. Тэгээгүйг бодоход, боломжийн ажиллаж байсан гэж хардмаар. Нөгөө талаар улсаас өгч байгаа татаасууд нэмэр болж байсан ч байж болох. Гэхдээ нөхдүүдийн нүдэнд ард түмний халаас л түнтгэр харагдаад байгаа бололтой.
Тасалбарын үнээ нэмж, халаасыг нь бага зэрэг дундруулахгүй бол болохгүй байгаа бололтой. Гэтэл автобус компаниуд жолооч, тасалбар түгээгчээ ч олигтойхон хянаж чадахгүй байгаа шүү дээ. Энэ талаар тасалбар түгээгч хийж байсан хүмүүс өөрсдөө хэлдэг. Хэрвээ автобус компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн бол тасалбарын үнэ хямдаас биш, ажиллаж байгаа хүмүүсээ хянаж чадаагүйгээс болсон гээд хэлчихвэл буруудахгүй биз. Учир нь автобусны тасалбар түгээгч зорчигчдоос хураасан мөнгөнийхөө хэдэн хувийг нь өөрийнхөө халаасанд хийдгийг бүү мэд.
Жишээ нь, “Сутайн буянт” компани гэхэд өдөрт том хүний 200, хүүхдийн 100 тасалбар өгдөг гэж байгаа. Түүнийгээ гүйцээчихвэл илүү гарсан мөнгөө өөртөө авч болно. Гэх мэтээр хувийн автобусны компаниуд бүр дураар нь тавьчихсан. Улсынх нь арай тэгдэггүй байх. Гэхдээ л өдөртөө 10, 20 мянган төгрөг зохицуулчихаад л байгаа шүү дээ. Бяцхан тоо бодоод үзье. Өдөрт дунджаар нэг автобусны тасалбар түгээгч, жолооч хоёр нийлээд 30 мянган төгрөг зохицуулдаг байя гэж бодъё.
Тухайн компани 70 автобустай байсан гээд тооцвол өдөртөө 2.1 сая төгрөг, сардаа 63 сая төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн үг. Алдагдал юу байх вэ дээ, тасалбар түгээгч, жолооч нарын халаасанд ордог гэсэн үг шүү дээ. Тэгвэл арай өөрөөр тоо бодъё. Тус компанийн нэг хүн 500 мянган төгрөгийн цалин авдаг гэж сана. Тэгвэл 126 хүний сарын цалинг өгөх мөнгө. Сая төгрөгийн цалинтай бол 63 хүний сарын цалинг өгнө. Ийм мөнгийг хянаж чадахгүй алдаж байж ард түмний халаас руу өнгийж байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг биш үү. Хэрвээ том оврын автобуснууд үнээ нэмбэл далим гарсан дээр гээд микронууд нь үнээ тэнгэрт тулгана. Одоо хамгийн ойрхондоо 500 төгрөгөөр явж байгаа юм чинь үнэ нэмэгдвэл 800 болгоно. Жаахан хол явах бол 1000-ыг нэхнэ. Орой тийшээ 1200 болно. Их задарсан нь 2000 мянган төгрөг ч нэхэж магадгүй. Мөн такси 1000 төгрөг болох болов уу. Гэх мэт сөрөг зүйлүүд шил шилээ даран гарч л таараа.
Тиймээс нийтийн тээврийнхэн ард түмний халаасыг тэмтрэх гэж байхаар тасалбар түгээгч, жолооч нарынхаа халаасыг нэг ухаж үзсэндээ гэмгүй байлгүй. Тэгэхгүй бол иргэд мөлхөж, тасалбар түгээгч нар чинь зоолж, хүмүүсийг хэл амаар доромжилсон шиг занхайж явах болох гээд байна.
Н.Пунцагболд
URL: