Н.Энхбаяр анх удаа МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслээ шүүмжиллээ

Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр журмын нөхөдтэйгээ түнжин хагарсан тухай хэвлэлээр шуугих болсон. Тиймээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр түүнээс зай барьж, О.Цолмонгоос зугтсан тухай мэдээлэлд тэдний хэн нь ч албан ёсоор хариу өгсөнгүй. Энэхүү хандлага нь тэдний харьцаа хөндийрч буйг илтгэх аж. Тэгвэл зургаа хоногийн өмнө Н.Энхбаярын хорихоос ээжүүдэд хандаж бичсэн захидалдаа намын нөхөдөө нэг бус удаа битүү хатуу утгаар шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл тэрээр “даавуунд боосон чулуу”-г МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэлийнхэнд илгээсэн байна.

Тэрээр захидалдаа “Нэрэндээ… шударга ёс гэсэн тодотголтой МАХН-МҮАН-ын эвсэл… авсан албан тушаалдаа ханах…”, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шударга ёсыг амь наснаасаа илүү эрхэмлэдэг, хүний эрх, эрх чөлөөг хайрлан хамгаалахаас илүү үндэсний эрх ашиг байхгүйг ухамсарладаг… жирийн гишүүд мянга мянга байгаа гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй”,  “Харин өнөөдөр төр засгийн эрх мэдэлтний нэг хэсэг нь засгийн эрхийг барьж, нөгөө хэсэг нь хажуунаас нь хянан шүүмжлэх байдлаар хамтран хэрэгжүүлж байгаа гурав, дөрвөн нам эвслийн удирдлага болон тэдгээрийн жирийн гишүүд дэмжигчдийн хооронд хана хэрэм босч, жирийн гишүүд дэмжигчдийн үг нь удирдлагынхаа чихэнд хүрэхээ больж, санаа бодол нь тэдгээрийн анхааралд өртөхөө больсон нь үнэхээр харамсалтай”, “Тэгвэл одоо гурав, дөрвийн дундаас дахин нэг ёсны МАН-АН үүсч, хэлмэгдүүлэлт газар авч, хүний эрх эрх чөлөө хөсөр хаягдаж, ардчилал хумигдаж, шударга ёс алдагдаж байна гэсэн ойлголт иргэдийн маань дунд бий болжээ” хэмээн бичсэн юм. Түүний энэ захиадлын талаар өчигдөр намынх нь зарим нөхөд нилээд нухацтай ярилцаж “дарга бид нарын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна”, “дарга бид нарыг өөрийгөө хамгаалахгүй, улс төр сайн хийхгүй байна хэмээн дүгнэж байгаа юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Н.Энхбаярын намынхандаа шүүмжлэлтэй хандсан энэхүү захидлыг дараах байдлаар тайлбарлаж болох юм.
1. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг авсан албан тушаалдаа ханасан,
2. “Шударга ёс” эвслийн удирдлага та бүхэн намайг хамгаалж, хөдлөхгүй байгаа бол шударга ёсны төлөө гэсэн мянга мянган гишүүд байгаа шүү, та нар хэний нэрээр гарсанаа мартах хэрэггүй,
3. Эрх барих нэрээр жинхэнэ эрх баригчидтай хэтэрхий дотносч байна,
4. Эвслийн удирдлага жирийн гишүүд дэмжигчидээсээ хэтэрхий холдож байна,
5. АН-тай хамтран дахин МАНАН үүсгэж байна,
6. Намайг хэлмэгдүүлж, миний эрх эрх чөлөө хөсөр хаягдаж, шударга ёс алдагдаад байхад та бүхэн чимээгүй байгаад байна гэх мэтээр ойлгож болох юм. Намынх нь нөхөд ч ингэж ойлгоод бажиг авч Удвал сайд түүнийг хоёрдугаар эмнэлэгрүү шилжүүлэх тогтоолоо дур мэдэн гаргаж, бусад нь эмэгтэй гишүүдийг дагуулан эхчүүдийг эргэж, МАН-ын удирдлагаар мэдэгдэл хийлгүүлж хирдээ л хөдөлж, даргадаа ажилаа хийж байгаа шүү гэдэгээ харуулах гэж оролдож байна. Харин өнөөх том дарга нь тэдний энэ ажиллагааг хүчгүй гэж үзээд байгаа бололтой. Тиймээс л эхнэрээрээ журмын нөхөдөө дарамтлуулах гэж оролдоод тэр нь амжилтанд хүрээгүй бололтой.
Үнэхээр Н.Энхбаяр эвслийн нөхөдөө албан тушаалдаа ханасан, дахин МАНАН үүсгэж байна, миний эрх эрх чөлөө зөрчигдөөд байхад хамгаалахгүй байна хэмээн гомдоллож буй нь түүнд сайн зүйл авчирахгүй биз. Н.Энхбаярын төлөө намынх нь нөхөд нэр нүүрээ баран зүтгэж буй нь түүнд чамлалттай санагдаад гомдоллоод байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих