Э.Бат-үүл: Хэрвээ зөвшөөрвөл хотын захиргаа Баянхошуу руу нүүнэ

Өнгөрсөн амралтын өдөр хотын дарга тун завгүй өнжлөө. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас хамгийн их хүн ам шилжин ирдэг бас хамгийн их хүнтэй Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл болгож 10 дугаар хорооны иргэдтэй 76 дугаар сургууль дээр уулзалт хийсэн юм. Хотын дарга уулзалтынхаа салхийг “Бага ангийн сурагчдыг одоо амрааж байгаа нь зөв үү” гэсэн асуултыг иргэдэд тавьснаар хагаллаа.

 

Иргэд бараг л нэгэн дуугаар “Зөв шийдвэр байсан шүү” хэмээн гар өргөн дэмжицгээж харагдав. Мөн 76 дугаар сургуулийн захирал “бага ангийн сурагчид амарснаар ахлах ангийн сурагчдын дунд дугуйлан хичээллүүлэх боломж гарсан” гэдгийг онцолж байв. Бага ангийн сурагчид амарч байгаа энэ үед нийслэлийн Боловсролын газраар ахлах сургуулийн багтаамжийн талаар судалгаа хийлгэхээр хотын удирддагууд төлөвлөсөн ажээ.

 

Түүнчлэн гэр хорооллыг дахин төлөвлөх гэж байгаа энэ үед бага сургууль, цэцэрлэг, цаашлаад ажлын байр тэнд бий болгох зорилготой бөгөөд ингэснээр бага сургуулийн сурагчид гэртээ ойрхон сургуультай байвал хэчнээн амар болохыг ч хотын дарга хэлж байлаа. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо нь 312 га бүхий нутаг, дэвсгэртэй 1916 өрхтөй, 9581 хүн амтай, ерөнхий , боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэгтэй 34 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэр хороолол аж.

 

Тус хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 120 айлын орон сууц 1980 онд баригдаж ашиглалтад оржээ. Одоо энд 120 өрхийн 740 иргэн 2,3 га газарт амьдардаг байна. Мөн гурван га газарт 84 өрх амьдрах нийтийн орон сууц байдаг аж. Эдгээрээс гадна 60 айлын, 14 айлын зориулаатаар баригдсан нийтийн орон сууцнууд байдаг бөгөөд эдгээр орон сууцанд амьдардаг иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх, орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтээ гаргасан байна.

 

Энэ ч хүсэлтийнх нь дагуу урьдчилсан байдлаар загвар төлөвлөлт хийснийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ш.Нацагдорж танилцуулсан юм.  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувьчлагдаагүй гурван хэсэгт дахин төлөвлөлт хийхдээ хоёр хэсэгт нь дөрвөн давхар 11 тооны 300 айлын орон сууц, дулааны станц, цэвэрлэх болон ногоон байгууламж бүхий цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, зам талбай бүхий хотхон болгох боломжтой байгааг дуулгав.

 

Мөн 60 айлын нийтийн орон сууцны газрыг чөлөөлж худалдаа үйлчигээний төв болгох боломж байгааг танилцууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууц болгоход оршин суугчид төлөөллийн байгууллагаа байгуулж, хүсэлт гаргах учиртай. Иргэдийн гаргасан хүсэлтээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхэлнэ. Харин нийслэлийн удирдлага хөрөнгө оруулагчдад тохилог амины орон сууц бүхий хороолол болгох санал тавина.

 

Иргэдийн гаргасан хүсэлт нийслэлийн оролцоотойгоор хөрөнгө оруулагч тодорно. Ингэснээр иргэн таны эзэмшлийн газарт, хөрөнгө оруулагч хөрөнгөөрөө орон сууц барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ. Харин нийслэл тухайн бүсэд баригдах цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн хөрөнгийг татаас хэлбэрээр олгох гэнэ. Ийм гэрээ байгуулагдсан нөхцөлд эзэн болсон иргэн та газраа чөлөөлөх учиртай ажээ.

 

Хөрөнгө оруулагч орон сууцыг өөрийнхөө хөрөнгөөр барина. Мөн газар чөлөөлсөн иргэдийн түр байрлах зардлыг хөрөнгө оруулагч шууд хариуцна гэдгийг хотын дарга онцоллоо. Хөрөнгө оруулагч ашиг олох үүднээс төлөвлөлтөө маш сайн хийж илүү гарсан орон зайд та бүхний орон сууцанд зарцуулсан хөрөнгөө нөхөж авна. Гэр хорооллыг орон сууцжуулах олон янзын хувилбар байж болно.

 

Тэр бүхнээс газрын эзэд мөн хөрөнгө оруулагчдад ашигтай байх хамгийн боломжтой хувилбарыг та бид хамтдаа бодож боловсруулна гэдгийг ч дуулгалаа. Энэ үеэр уулзалтанд ирсэн иргэдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн зүйл бол “Хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэх саналыг би Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон, НИТХ-аар хэлэлцүүлнэ.

 

Хэрвээ зөвшөөрвөл хотын захиргаа Баянхошуу руу нүүж, Баянхошуу хотын төв болох боломжтой юм” гэсэн хотын даргын үг байлаа. Иргэд бүгд л нэгэн дуугаар дэмжиж тэрүүхэндээ бяцхан бужигнаан болоод авсан. Хотын даргын ингэж хэлэх болсон нь ч учиртай билээ. Учир нь Баянхошууг шинээр төлөвлөн орон сууцны хороолол болгохоор нийслэл хотын удирдлага Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм.

 

Ийн хотын даргын уулзалт ёстой иргэдийн сэтгэл хөөрлөөр дүүрэн байсан бөгөөд тус хорооны иргэд “Бидний амьдрах орчинг сайжруулж.орчин үеийн тохилог орон сууцны хороолол болгох ажилд бид хүч нэгтэйгээр зүтгэнэ” гэдгээ хотын даргад амласнаар уулзалт өндөрлөсөн юм.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих