Хэн сайн гулгаж, бултаж тэшсэнийг нь шалгаруулъя
Нийслэлийн зам харгуй мөстөөд яг л мөсөн гулгуурын талбай шиг болчихож. Автомашинууд явж чадахгүй хий эргэж, явган хүмүүс халтирч унах нь ихсэв. Уг нь замын халтиргааг арилгахаар янз бүрийн бодис, давс цацаж байгаа. Цацсан бодис нь дагтаршиж хатуурсан цасыг өдөрт нь хайлуулж, халтиргааг багасгадаг ч шөнө нь буцаад хөлдчихдөг болохоор өчнөөн мөнгө төгрөг төсөвлөж зарцуулаад ч бахь байдгаараа л байна. Хайран хөрөнгө, мөнгө. Ингэж байхаар харин жаахан нэмж давслаад, багахан хэмжээний усаар хачирлаад, өнгөлж зүлгээд нийслэлийн гудамж, замыг мөсөн гулгуурын талбай болгочихъё. Хүүхдүүд чаргаар, залуус тэшүүрээр гулгаж тоглоод, ажил сургуульдаа ирж очоод харин ч таатай. Харин автомашинуудыг өвлийн цагт гараашаас нь гаргуулахгүй л байх хэрэгтэй байна. Автобус унааны мөнгө гэхгүй, даарч бээрэн бөгцгөнөж, хөл гарынхаа шөрмөсийг таттал чөөчийж явахгүй санаа амар. Гэрээсээ гараад л тэшүүрээ өмсөөд, чарган дээрээ суугаад л жирийлгэчихнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ч хэрэгтэй. Цас мөс арилгах гэж энэ хэдэн ТҮК-ийнхэн ч зовохгүй. Спортоор хичээллэх гэж цаг зав гаргаж чаддаггүй хүүхэд залууст ч хэрэгтэй. Тэгээд ч тэшүүрийн спорт хангалттай хөгжинө. Манай улсад энэ төрлийн спорт хөгжих бүрэн боломж байна, худлаа гэвэл хар гээд дэлхийд сурталчилбал бүр янзтай. Ерөнхийлөгчөөсөө эхлээд цэцэрлэгийн жаал хүртэл “норвинка” углачихсан, гу-дамжаар зөрөлдөж тэшээд л. Ёстой гоё харагдана даа.
Энэ ажил энэ өвөл ч хэрэгжихгүй нь лавтай. Харин ирэх жилээс л тэшүүрийн спортыг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн сайн тэшүүр үйлдвэрлэдэг улсаас манай наймаачид эртхэн шиг оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгээд хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг ямар ч зардалгүйгээр зохион байгуулчихна. Тэндээсээ тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа сонгочихно. Их догь. Тэртэй тэргүй автозамуудад байгаа камеруудаараа хэн нь аваар осолгүй сайн бултаж гулгаж, тэшиж байгааг нь хяначихна. Юмыг яаж мэдэх вэ, шорттрейкийн төрлийн тэмцээнүүд Улаанбаатарт зохиогддог болох ч юм бил үү.
Э.Баясгалан
URL: