Н.Алтанхуягийн бантан улам л өтгөрч байна
Стандартчлал, хэмжил зүйн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний албаны даргаар ажиллаж байсан С.Цэлмэгийн албан тушаал бууруулсан гомдлын талаар Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа авч хэлэлцжээ. С.Цэлмэгийн албан тушаалыг нь бууруулан мэргэжилтнээр томилсон тус газрын даргын 2012 оны есдүгээр сарын 28-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол хууль ёсны үндэслэлтэй эсэхийг Маргаан хянан шалгах комиссынхон дүгнээд ийнхүү хуралдсан аж.
Харин тус дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 3-ын “6”-д заасныг удирдлага болгон С.Цэлмэгийг Стандартчилал, хэмжил зүйн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны даргын албан тушаалаас бууруулан Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр томилсон даргын шийдвэр буруу болохыг тогтоожээ.
Тиймээс С.Цэлмэгийг албан тушаал бууруулсан Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгон, түүнийг Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох арга хэмжээ авахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Энхтайванд үүрэг болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргасан байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус газрын дарга асан Г.Гантөмөрийг гадаадад албан томилолтоор явж байхад нь хууль бусаар ажлаас нь халж, өөрийн найз Г.Энхтайваныг тус ажилд томилсон юм. Тиймээс энэхүү хууль бус томилгооны тухай гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргаад байсан билээ.
Харин тус дүүргийн шүүх авч хэлэлцээд Стандартчлал хэмжил зүйн газрын даргын томилгоог Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус явуулсан хэмээж, тус газрын дарга Г.Гантөмөрийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан юм. Дашрамд дурдахад, өмнөх Засгийн газрын үед ч Г.Энхтайван хууль бусаар томилогдсон нь шүүхээр тогтоогдож, ажлаа өгч байсан юм. Энэ мэтчилэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бантан улам л өтгөрч байна даа.
С.Баяр
Эх сурвалж:
URL: