“Батаар”-ыг Лениний музейд байрлуулна
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзлээ. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй гэвч тус музей МАН-ын эзэмшлийн болсноор музей зориулалтаар ашиглахгүй байгаа талаар бид өмнө хөндөн бичиж байсан билээ.
Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус, завролоф, овирапторын хоёр олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр байхгүй байгаа.
Мөн өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Тиймээс хуучин Ленины музейг зориулалтаар нь ашиглан үлэг гүрвэлийн төв музей байгуулж, эдгээр олдворуудыг байрлуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр Соёл, спорт аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мэдээлэл хийнэ.
Б.МАРАЛ
URL: