Монголын төлөө зүрхээ сугалах Данко
МАН сүүлийн гурван ч сонгууль дараалан ялагдал амсаад байна. Энэ ялагдлын үр дүнг зөв тооцож байгаа хүн намд л лав алга. Намын нэрийг сольсоноор ялагдал амссан мэтээр тайлбарлах нь дэндүү харалган. Магадгүй үүнтэй уялдуулаад хэн нэгэн рүү бурууг чихсэн аястай үзэл бодлууд нийгмийн тархийг угааж байна. Шулуухан хэлэхэд намын нэрийг сольж, дэлхий дахинтай хөл нийлүүлж, нүд үзүүрлэгдэхээс сэргийлж чадсан У.Хүрэлсүхийг буруутгах үзэл давамгайлжээ.
Би үүнтэй санал нийлэхгүй байна. Манай нам 22 жил шахам дангаар төр барьснаар олон нийт уйдах хандлагатай болж, намын дотоод шинэчлэл орхигдож, цөөн хүний эрх ашигт төрийн бодлогыг нийцүүлж ирсэнтэй холбоотой. Харин ч энэ цаг үед монголын толгой улс төрчдийн нэг, тэргүүлэх сэхээтэн У.Хүрэлсүхийн орон зай үгүйлэгдэж байна.
1960-аад оны дундуур эзэн Чингисийн хүй дарсан өлгий нутаг Хэнтийд монголын ирээдүйг авч явах нэгэн хөвгүүн төрсөн Ухнаагийн Хүрэлсүх. Дунд сургуулиа төгсөөд цохилох зүрхнийхээ дуудлага, эх оронч үзэл шингэсэн дэрвүүн сэтгэлийнхээ эрмэлзлэлээр цэргийн сургуульд орсон нь нүдээ олсон хэрэг байлаа. Барууны томоохон улс төрч лидерүүд ихэнхдээ цэргийн сургуулиар замнасан байдаг.
Нэн ялангуяа Их Британы угсаа залгамжлах Хан хөвгүүд болон Лордууд бүгд л хатан хааны цэргийн академийг дүүргэсэн байдаг. Цэргийн сургуульд эвлэлийн үүрийн дарга хийн үе тэнгийнхээ залуусыг манлайлан байсан нь ирээдүйн лидер болох имиджээ нэгэнт бүрдүүлж чадсан байсныг илтгэдэг. 1990-ээд оны эхээр залуухан коммунист МАХН-ын удирдлагуудад захидал илгээснээр монголын улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн билээ.
Тэрбээр намын доторх залуучуудын үзэл суртлыг хариуцан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэргийг нэр төртэйгээр залгамжилж чадсан төдийгүй улс орны хэмжээний томоохон лидер болж нэгэнт чаджээ. Сүүдэргүй хорвоо гэж байдаггүйчлэн хүн болгонд алдаа бий. Харин нийгэмд хэр зэрэг хор хохирол учруулахаар нь алдаа онооны дэнсийг шүүж болох байх.
У.Хүрэлсүх дарга маань халуун цочмог зантай жинхэнэ эрийн хугархай. Заримдаа хэтрүүлж орхих нь ч бий. Тухайлбал хоёр нүүртэй Ц.Шаравдорж, өдгөө намаасаа гаран урвагчдын гар хөлийн үзүүрт зарагдаж байгаа Бямбасүрэн мэтийн өвгөчүүлийг цохиж унагаж байсан нь нэг талаасаа буруу мэт харагдавч нөгөө талд нь нүцгэн үнэн, бурханы гэсгээл нуугдаж байгаа юм.
Ер нь ч монголчууд эрт дээр үеэс урвагчдыг үзэн яддаг байсан. Тухайлбал эзэн Чингис эцэг нэгт ах Бэгтэрийгээ хөнөөж байсан түүхтэй. Тэр бол монголын эрх ашиг байлаа. Ер нь ч У.Хүрэлсүх дарга маань үхээнц дорой, нялцгай нэгэн биш. Эр цэрэгт хатуужсан армийн хурандаа билээ. Чухам ийм л лидерүүд улс орнуудыг авч явдаг юм. Тухайлбал Оросын тусгай албанд ажиллаж байсан Владимир Путин өнөөдөр төрөө тэргүүлж байна.
Түүний хатуу гар Орос оронд хөгжлийг авчирч байгааг бид харж байгаа шүү дээ. Путин Хүрэлсүх хоёрын хооронд насны зөрүү, арьсны ялгаа л бий. У.Хүрэлсүх дарга маань түүнтэй адилхан мотоцикль унаж, усанд сэлж, загас барьж, жудогоор биш ч боксоор хичээллэж, ер нь ч удирдагч хүн эрүүл саруул өв тэгш бие бялдартай байхыг харуулж чадаж байгаа.
Намаас ард түмнээ сонсох аяны үеэр У.Хүрэлсүх дарга өөрийг нь ном хүмүүжүүлж, боловсрол нь халуун занг нь дарж явдагийг хэлж байсан. Үнэхээр ч манай намын хамгийн өндөр боловсролтой мэргэшсэн лидерүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Ямар сайндаа л монголын томоохон сэхээтэн, нэрт нийтлэлч Баабар түүнийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч шүтэн биширч явдагаа илэрхийлж нэгэн нийтлэлээ зориулсаныг та бид уншсан.
Баабар хэр баргийн хүнийг шүтэж, бялдуучилдаггүйг монгол мэднэ. Тэгэхлээр У.Хүрэлсүх гэдэг хүний боловсрол мэдлэг, ёс суртахуун, алсын хараа, төлөвшил хэрхэн байгааг эндээс л ойлгож болно. Манай намыг хуучин нэрээр нь дэлхий дахин хүлээж авахдаа таагүй ханддаг байсан. Үүнийг чухам л У.Хүрэлсүх тэргүүтэй удирдлагууд маань зориг гаргасны үр дүнд хийж чадсан. Энэ бол өнөө маргаашийн жижиг асуудал биш энэ намын ирээдүйн оршихуйг тодорхойлсон томоохон ажил байсан юм.
Хэнтийн нэрт удган нэгэн бээр түүнийг эзэн Чингисийн хойд дүр хэмээн лүндэглэсэн нь оргүй зүйл биш гэдгийг олон хүн хэлэх юм билээ. Манай хүн эгэл даруудаа л үүнийгээ нууж яваа байх. Энэ асуудлыг нэг их тараах нь төдийлөн ач холбогдолгүй учраас мэддэг бүхнээ нуугаад өнгөрье. Эл нийтлэлийг бичихийн учир нь У.Хүрэлсүх гэдэг хүний орон зай намд төдийгүй монгол төрд үгүйлэгдэж эхлээд байна.
Үнэхээр чигч шударга хүн болохоороо ар гэрийн гачигдлын улмаас УИХ-ын гишүүн хэмээх өндөр сэнтийгээс татгалзаж чадсанаар бахархавч бас харуусал цээж огшоох юм. Чин үнэндээ манай намыг аваад явчих олигтойхон лидер үнэндээ алга. Энэ хүнд үед нь хувийн эрх ашгийн үүднээс нам төрийг орхисон У.Хүрэлсүх даргыг зэмлэмээр байна.
Намын байр луу иргэний хөдөлгөөнийхөн нэртэй адгууслаг хүмүүс дайран бусниулж байхад У.Хүрэлсүх дарга маань л улаан цээжээрээ хамгаалан Сүхийн талбайд гарсан бус уу. Намынхаа тасчуулсан тугийг толгойдоо зангидан гартаа барин орилж байсан нь зүрхээ сугалан харанхуйг гийгүүлж, хүмүүст зам заасан Данког санагдуулдаг.
Тиймээ, Монголын Данко бол У.Хүрэлсүх юм. Тэр намынхаа төлөө, монголынхоо төлөө, ард түмнийхээ төлөө цээжээ хага яран зүрхээ сугалж чадах Монгол Данко. Түүнийг эргэж ирнэ хэмээн бичиж байна. Би харин одоо, яг одоо л эргэж ирээсэй хэмээн хүсч байна. Төрийг хатуу гараар барих нь зөв байдаг. Солонгост цэргийн эргэлт хийсэн генерал өнөөгийн хөгжлийг авчирч, алдарт Пеночит өнөөгийн Чилийг бий болгож чадсан гээд жишээ дурдвал барагдахгүй бизээ.
Яг л аугаа их Маршал Чойбалсан шиг монгол төрийг удирдаж чадах хүн бол У.Хүрэлсүхээс өөр хэн ч биш. Тиймээс яг одоо л тэрбээр эргэн ирж нам, төрөө эмхлэх хэрэгтэй байна. Энэ бол гагц өвгөн сэхээтэн миний үг бус нийт монголчуудын хүсэл болой.
Ш.Доржсүрэн
(Ахмад багш, 1975 оны МАХН-ын, 2011 оны МАН-ын гишүүн)
URL: