Ардын намынхныг гүтгэсэн үү

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын холбооноос өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийж, “Ардын намын удирдлагууд хадгаламж зээлийн хоршоодын хэрэг гэгчийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ардын намын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл болон Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар хадгаламж зээлийн хоршоодоос ихээхэн хөрөнгө шамшигдуулсан гэсэн утга бүхий мэдээлэл хийн, тэднийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт тавьсан билээ. Тиймээс дээрх хүмүүсийг энэ талаар ямар байр суурь илэрхийлж байгааг сонирхсон юм.

Ө.ЭНХТҮВШИН: БОДИТ БАРИМТАА ГАРГААД ИР

-Таныг “Баян-Өндөр сан” хад­галамж зээлийн хор­шоо­ноос их хэмжээний мөнгө зээлж, энэхүү хоршоог дампуурахад маш их нөлөө үзүүлсэн гэсэн яриа гараад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ийм утгатай мэдээллийг би өчигдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонслоо. Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын холбооны тэргүүн гэх хүмүүс намайг “Баян-Өндөр сан”  хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл авсан гэж ярьж байсан. Гэтэл би Баян-Өндөр гэж сум байдгийг л мэдэхээс биш “Баян-Өндөр сан” гэдэг хадгаламж зээлийн хоршоо байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Нөгөөтэйгүүр, намайг энэ хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл авч дампууралд хүргэсэн гэж байгаа хүмүүс энэ талаархи бодит баримт, материалаа гаргаад ир л гэж хэлье. Харин би дээрх зүйлийг яриад байгаа хүмүүст хандаж миний сүнс биежээд зээл авчихсан юм уу, аль эсвэл би зүүдэндээ очоод зээл авчихсан юм уу гэсэн асуултыг тавимаар байна.

Д.САРАНГЭРЭЛ: УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ИЙМ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА

-Хадгаламж зээлийн хор­шоо­дын хохирогчдын холбооноос таныг “Глобкредит” хадга­ламж зээлийн хор­шооноос их хэмжээний зээл авсан. Энэ нь хадгаламж зээлийн хоршоодыг дампуурахад ихээхэн нөлөө үзүүлсэн” гэж бай­на. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хадгаламж зээлийн хоршоодын дампууралтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага эцэслэн шийдээд, шүүхийн шийдвэр олон жилийн өмнө гарч гүйцэтгэлийн төвшинд хүрсэн гэж ойлгодог. Гэтэл энэ асуудлыг өнөөдөр гэнэт сөхөж байгаа нь ямар нэгэн улс төрийн зорилгыг цаанаа агуулж байгаа юм болов уу. Тухайлбал, Ардын намын гурван даргыг энэ асуудалд нэр холбогдуулж байгаа учир ингэж ойлгоход хүргэж байна. Хохирогчдын холбооны тэргүүн, Удирдах зөвлөлийнхөн гэж байгаа хүмүүсийг улс төрийн захиалгаар ажиллаж байна гэж би хувьдаа бодож байгаа. Энэ хүмүүс асуудлаа хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэх гэхээсээ илүүтэй улс төрийн байгууллагаар шийдүүлэх санаатайгаар манай намынханд хандаж байсан. Харин бид хэдийгээр энэ нь намын асуудал биш ч “Асуудлыг хууль ёсных нь дагуу шийдэх ёстой,харин үүнд бид дуу хоолой болж өгье” гэдэг хариултыг тухайн үед намын хариуцлагатай ажилтнуудын зүгээс өгч байсныг санаж байна. Миний хувьд хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлж байсан удаагүй. Мэдээллийн үйлчилгээ авах зорилгоор л хэвлэлд мөнгө өгнө үү гэхээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зүгээр мөнгө өгдөг хүн гэж үгүй. Телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хэн нэгний хөрөнгийг булааж, луйвардаж явсангүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр хүнээс гуйж гувшаад явахгүй төвшинд хүрсэндээ сэтгэл хангалуун байдаг. Нөгөөтэйгүүр,бусдын нэр хүндийг захиалгаар гутаах гэж улайрч байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж байна.

 

Г.ЗАНДАНШАТАР: ЭНЭ ТАЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАСАН

-Таныг дампуурсан хадгаламж зээлийн хоршоодоос санхүүжиж, сонгуулийнхаа ажилд эд хөрөнгийг нь ашиглаж байсан гэсэн мэдээлэл гарсан байна. Та бодит хариултыг өгөөч?

-Тийм зүйл огт байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлгийн шинж чанартай цуу яриа. Би энэ талаар мэдэгдэл гаргасан байгаа. Тэр мэдэгдлийг унших нь зүйтэй байх.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих