МУСГЗ, олон улсын сэтгүүлч, доктор профессор Б.Дашзэвэг: “Өглөө бүхэн би дахин төрдөг”

МУСГЗ, олон улсын сэтгүүлч, доктор профессор Б.Дашзэвэг:

“Эртэч монгол хүн” хаврын фестиваль уулзалт дээр хэлсэн үгнээс

Та бүхэнд энэ гэгээн өглөөний халуун, дулаан сайхан мэндийг дэвшүүлье. Өглөө гайхамшигтай. Миний уран бүтээлийн ихээхэн хэсэг нь өглөө төрсөн байдаг.

Өглөө бүхэн би дахин төрдөг юм.

Өглөө бүхэн би залуужаад босдог юм гэж шүлэг бичээд “Болор цом”-ын тэмцээнд уншиж байлаа. Лувсаншарав гуайтай хамтарч хийсэн “Гэгээн өглөө” гэдэг сайхан дуу бий.

Америкийн нэг зохиолчийн асуусан үг байдаг. Би эхлээд англиар хэлье. “What is your best time of your life?” Таны амьдралын хамгийн сайхан цаг хэзээ вэ? гээд “ӨГЛӨӨ” гэж өөрөө хариулсан юм. Өглөөд нэгдүгээрт, аав ээждээ, бурхан тэнгэртээ залбираарай гэж захиж байгаа нь тэр. Яагаад вэ гэхээр би амьд байна, би ажиллаж, амьдарч байгаа учраас. Хоёрдугаарт нь өнөөдөр хийх хамгийн сайхан ажлаа төлөвлөөрэй, аз жаргалаа төсөөлөөрэй. Энэ бол ажлаа, амьдралаа, өнөөдөр хийх гол зүйлсээ төлөвлөөрэй гэсэн үг. Дараа нь бүхий л амьдралаа сайн сайхнаар төлөвлөн цаасан дээр бичээрэй. Тэгээд түүнээ хэрхэн биелүүлж байгааг харж, цэгнэж байгаарай. Энэ бол амьдралын чинь хөтөч юм гэж захисан байдаг. Үнэхээр амьдралын хөтөч өнөөдрөөс, та нарын эрт босох мөч бүрээс эхэлнэ шүү.

Эрт босно гэдэг гайхамшигтай. “Эртэч монгол хүн” өглөөний уулзалт, “Монгол тэмүүлэл” аян ямар их ажлыг хийгээ вэ? Хичнээн их оюутан залуусын дунд, миний шавь нарын дунд ямар чухал ажлыг хийгээ вэ? Тийм учраас улс орныхоо ирээдүйг засах хүний хөгжлийн төлөө ажиллаж байгаа “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол Орон” ТББ-ынхандаа халуун баяр хүргэе.

Монголын залуучууд, монгол хүн бүрийн зүрх сэтгэл, оюун санаа цэцэглэн хөгжиж, гэгээн өглөө шиг саруул, өөдрөг сайхан байх болтугай. Гялайлаа.


URL:

Сэтгэгдэл бичих