“Авьяас” хөтөлбөр зөв монгол хүнийг бэлтгэж байна
Хүн бүрт авьяас байдаг. Харин түүнийг хэрхэн яаж хөгжүүлэх, түүнийгээ нээн илрүүлэх нь чухал байдаг. Иймээс Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012 оноос эхлэн “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийг гардан гүйцэтгэх 21 авьяастныг сонгон авч эхний ээлжинд 21 сургуульд “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой юм. Ингээд Нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний “Эрдмийн өргөө” цогцолбороос “Авьяас” хөтөлбөрийн нэг хэсэг болсон ширээний теннисний сургалтын үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус сургуулийн үүдээр орход л хүүхдийн дуу цангинасан, дуу чимээ ихтэй байв. Сургуулийн тохижилт суралцах орчин болон зохион байгуулалтын хувьд нэлээд боломжийн байлаа. Тус сургуулийн бага ангийн 1-3 дугаар ангийн сурагчдаас сонгон авсан 15 сурагчийг энэхүү “Авьяас” хөтөлбөрт хамрагдаад байгаа ажээ. Ширээний теннисний дугуйлангаар ороход улаан өнгийн биеийн тамрын хувцсаар жигдэрсэн багачууд ширээний теннисний цохиур барьчихсан сандал дээр суун багшийгаа хүлээнэ. Сонирхол гэдэг хүнийг эмх цэгцтэй төвлөрч сурахад нь томоохон тулгуур болдог гэж байгаа. Хонх ч дуугарч багш бэлтгэлийн өрөөнд орж ирлээ.
“Эрдмийн өргөө” цогцолборын биеийн тамирын танхимаар орж Ширээний теннисний Олон улсын дасгалжуулагч спортын мастер Т.Мэргэнтэй уулзаж ярилцлаа.
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн талаар мөн “Эрдмийн өргөө” цогцолборын талаар бидэнд ярьж өгөөч ?
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрөгч оноос эхлэн “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд 21 сургуульд авьяастан гэж нэрлэгдээд байгаа 21 хүн ажиллаж байна. Бид боловсролын яамтай гэрээ байгуулж эндээс спортын олон төрлөөс ширээний теннисийг сонгосон юм. Тэр дундаа намайг энэхүү хөтөлбөрт багшаар ажиллуулж байгаад туйлын баяртай байна. Эдгээр 21 авьяастан өөрсдөө сургуулиа сонгож ирсэн юм. Өмнө нь би “Эрдмийн өргөө” цогцолборын талаар сонсож байсан. Харин нэг ч удаа ирж байгаагүй. Энэхүү сургуульд ирсэндээ маш их баяртай байна. Ялангуяа бүх зүйл нь бэлэн сайхан угтаж авсан явдал юм. Мөн тус сургуулийн биеийн тамирын багш нарын мэдлэг ур чадвар маш өндөр төвшинд байна. Тэр дундаа бага ангийн сургалт сайн. Хүүхдүүдийг сонгож авахад ямар нэгэн хүндрэлгүй байсан. Миний сонгож авсан хүүхдүүд бүгд их авьяастай сайн хүүхдүүд гэж би хувьдаа үзэж байгаа. Тус “Эрдмийн өргөө” цогцолборын багш нарын хийсэн ажил миний одоогийн хийж байгаа ажилд томоохон хувь нэмэр оруулж байна.
-Өмнө нь та насанд хүрсэн мэргэжлийн тамирчидтай ажиллаж байсан. Харин одоо бага насны тэр дундаа 6-8 насны хүүхдүүдтэй ажиллахад ямар байна вэ?
-Би 20 гаруй жил дасгалжуулагчийн ажлыг хийж байна. Энэ хугацаанд олон сайн тамирчид бэлтгэсэн. Миний хувьд хүүхдүүдтэй ажиллахад сайхан байна. Эдгээр 15 хүүхэд маань авьяастай, ирээдүйд бүгд сайн тамирчид болно гэдэгт би итгэлтэй байна. Мөн мундаг сайн хүмүүжилтэй зөв монгол хүн болж хүмүүжсэн. Манай хүүхдүүд заасныг маш сайн сурч байгаа. Хүний авьяас гэдэг зүтгэлийн хүчээр бий болдог учраас манай хүүхдүүд хичээж байна. Тиймээс би өөрийн мэдэх чадах бүхий л зүйлээ зааж сургахыг эрхэмлэн ажиллаж байна.
-Таны зааж байгаа сургалтад хүүхдүүд хэр их идэвхтэй байна вэ ?
-Хүүхдүүд маань их сонирхолтой байна. Ер нь ямар ч спортод амжилттай сайн тамирчинг хэрхэн бий болгох вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг юм. Үүнээс хүүхдийг сайн тамирчин болгоход нэгдүгээрт тухайн хүүхдийг спортод маш их сонирхолтой байх чухал юм. Гэтэл энэ манай улсад асуудал маш хүндрэлтэй байдаг. Мөн би энэ тухай хүүхдүүддээ маш сайн тайлбарлан зааж өгч байгаа. Та нарын ард аав, ээж, эх орон чинь тэр чигтээ байгаа шүү гэдгийг өдөр болгон зааж сургаж байгаад миний ажлын гол зорилго оршиж байгаа гэж би хувьдаа бодож байна. Би та нарт бүх зүйлээ заана гэдгийг ойлгуулж өгсөн байгаа. Цагийг мөн их үр дүнтэй өнгөрүүлж байгаад миний сэтгэл их хангалуун байна. Монголын шилдэг өсвөр үеийг бий болгох, шилдэг авьяастанг төрүүлэх суурь үндэс нь энэ “Авьяас” хөтөлбөр болж байгаа юм.
-Энэхүү хөтөлбөрийг эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч байна вэ ?
-Эцэг эхчүүдийн хувьд өнөөдрийн байдлаар 80-85 хувь нь мэдэж байна. Ойлголтын хувьд 60 хувьтай байх шиг байна гэж би бодож байна. Яагаад гэвэл мэдэж байгаа хэрнээ ойлгохгүй байгаа асуудал бий. Зарим эцэг эх залхуурч байна. Хүүхдээ болиулахын ч оролдсон тохиолдол бий. Монголчууд ер нь үр хүүхдийнхээ төлөө тэдний авьяасын тал дээр анхаарал тавих нь тун бага байна. Заавал хувийн сургуульд байгаа хүүхдүүд авьяастай байх албагүй юм. Яагаад бид хичээж болохгүй гэж. Бид хичээх хэрэгтэй байна. Та бидний ард төр засаг байна. Би төрийн зүгээс ажиллаж байгаа ч би тэгж нэг ч удаа бодож байгаагүй. Миний гол зорилго бол хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх юм.
-Та эцэг эхчүүдийн энэ асуудлын талаар ямар арга хэмжээ авч үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
- Өнөөдөр гэхэд л би эцэг эхийн хурал зарласан. Зөвхөн эцэг эхчүүд л суух ёстой. Эмээ, өвөө гэсэн ойлголт байхгүй гэж би хэлж байгаа юм. Гэвч эцэг эхчүүд ирж чадахгүй” гэсэн. Би энэ үүнийг нь эсэргүүцэж, “Энэ хийж байгаа ажил маань та бүгдийн хүүхдийн төлөө, цаашилбал Монгол Улсын хөгжлийн төлөө учраас нэг ч эцэг эх битгий хойш суугаасай, бидний ажилд дэм болоосой цаашид гарах үр дагавар та бүгдэд нөлөөлөх учраас танд болон таны ирээдүйд хамаатай” гэж хэлсэн юм.
Тэрбээр ийн ярьсан юм. Ширээний теннисний дугуйлангийн 3д ангийн сурагч Т.Анударь гэх охин “Би ширээний теннис тоглох дуртай. Надад цоо шинэ цохиур байгаа” гэж байгаа нь түүнийг энэ спортод дуртайг харуулж байв. Тив дэлхийд нэрээ цуурайтуулсан сайн тамирчин болохыг бяцхан дүүдээ ерөөж байна. Ингээд ширээний теннисний дугуйлангийн бие халаалт ч эхэлж хүүхдүүд дор бүрийнхээ байрыг эзлэн багшийнхаа юу хэлэхийг тэвчээртэй харж зогсоно. Т.Мэргэн багш шүгэл амандаа зуун хүүхдүүдээ удирдан биеийг нь халааж хөдөлгөөн хүнийг чимнэ гэдэг шиг гүйж гарав. Нэгдүгээр ангийн зургаан настай жаахан охиноос эхлээд найман настай гуравдугаар ангийн хүүхдүүд гэхэд тун хэрсүү хөдөлгөөний эвсэлтэй харагдаж байлаа. Ингээд халаалт дуусч дор бүрнээ өөр өөрсдийн цохиурыг барин цүнхнээсээ бөмбөг гарган дасгал сургуулилтаа хийж хичээл зүтгэл, сонирхол тэмүүлэлийн араас зорих нь тэр. Т.Мэргэн багш ч хүүхдүүдэд эвлэгхэнээр ойлгуулж хүүхдүүд ч багшийнхаа үгнээс гарахгүй багшийнхаа үйлдэл бүрийг нэгбүрчлэн ажиглаж дасгал сургуулилтаа хийсээр үлдсэн юм.
Э.Баясгалан
URL: