Иргэдээ “өгөөш” болгох эрх баригчдын төлөвлөгөө

Та эргэн тойрныхоо хүмүүсийн талаар юу мэдэх вэ. Регистрын дугаарыг нь цээжээр хэл гэвэл хэлж чадах уу. Анзаарсан бол бид зэрэгцээд сууж байгаа хүмүүсийнхээ гэрлэлт, нийгмийн байдал, өмч хөрөнгө, боловсрол, ашиг орлого, төлсөн татвар, шимтгэл, эрүүл мэндийн байдал регистрын дугаарыг нь тэр бүр мэддэггүй. Учир нь, хувь хүний нууцад хамаарах энэ бүх мэдээллийг төрийн хуулиар хамгаалдаг болохоор тэр. Зөвхөн тодорхой хэдэн тохиолдолд л хувь хүний нууцад халдахыг хууль, цагдаа, тагнуулын байгууллагад прокурор зөвшөөрдөг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг бол  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно”  гэж заасан байдаг. Гэвч хувь хүний нууцад хамаарах эдгээр мэдээллийг олон нийтэд ил болгох саналыг Засгийн газар УИХ-д тавиад байна.  Хэрэв УИХ үүнийг хүлээн зөвшөөрвөл Төрийн нууцын жагсаалтад багтдаг “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г төрийн нууцын зэрэглэлээс хасах учиртай.

Ингэснээр ямар нөхцөл байдал үүсэхийг төсөөлөөд үзье. Нэгдүгээрт,  та бидний иргэний бүртгэл, хувийн мэдээлэл, ургийн овог, овог, нэр, оршин суугаа хаяг, нас, хүйс, гэрлэлт, нийгмийн байдал, өмч хөрөнгө, боловсрол, ашиг орлого, төлсөн татвар, шимтгэл, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээлэл хүссэн хүн бүхэнд нээлттэй болно. Одоо үйлчилж байгаа хуулиар бол эдгээр мэдээллийг иргэдийн ашиг сонирхол, амь нас, эрүүл мэнд, хувийн амьдралд цаашилбал хууль бусаар олж авч боловсруулах, ашиглах замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа юм шүү дээ. Түүнчлэн  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллүүд ч энэ ангилалд хамаардаг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг байсан иргэдийн хувийн мэдээлэл төрд хэрэггүй болсон нь олон хүний төрдөө итгэх сэтгэлд эргэлзээ төрүүлж байна.

Төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагууд ашиг орлого олох зорилготой үйл ажиллагааг явуулахдаа иргэдийн зөвшөөрснөөр тэдний хувийн байдалд холбогдох мэдээллээр мэдээллийн санг үүсгэдэг. Энэ нь тэдний ажлаа хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилготой холбоотойгоор бий болсон зүйл. Эдгээр мэдээллийн сангуудыг төрийн нууцын жагсаалтаас хаслаа гэж бодъё. Ингэснээр гадна дотнын хэнбугай ч  таны талаар хүссэн бүх мэдээллээ гаргуулж авах, цааш нь дамжуулах бололцоотой болно. Жишээ нь,  Мобиком, Скайтель зэрэг гаднын хөрөнгө оруулалттай үүрэн телефоны операторууд бараг хоёр сая орчим хэрэглэгчийнхээ мэдээллийн санг Япон, Солонгос улсад дамжуулахад ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ бол манайх шиг 2.7 сая хүнтэй улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал биш гэж үү. Монголд мөнгөтэй эсвэл төрд өндөр алба хашдаг хүмүүс голчлон 9911…, 9111…-ээр эхэлдэг классик дугаар барьдаг жишиг тогтоод байгаа. Тэгэхээр бэл бэнчинтэй, төрд өндөр алба хашдаг хүмүүсийн хувийн мэдээлэл гаднын тагнуулын байгууллагын гарт зүгээр л очно гэсэн үг. Энэ нь манай улсын улс төр, эдийн засгийн аюулгүй байдалд ямар их аюул заналхийлэл авчирах билээ.

Өөр нэг жишээ хэлье л дээ. Дэлхий нийтээр интернет өндөр хөгжиж, Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээний дэд бүтэц глобаль хэмжээнд очсон өнөө цагт Засгийн газар ард иргэдээ зүсэн зүйлийн муу арга эзэмшсэн интернэт луйварчдын золиос болгож байгаагаас өөрцгүй хэрэг. Ялангуяа, байгалийн баялгийн нөөц ихтэй, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж яваа улсын иргэдийн санхүүгийн байдлын талаархи мэдээлэлд санхүүгийн луйварчид анхааралаа хандуулах нь тодорхой байлгүй. Тэд таны хаанаас цалин орлого авсан, хаана ямар хэмжээний татвар шимтгэл төлсөн, хаашаа хэзээ зорчсон, хэзээ өвдсөн, ямар эмчилгээ хийлгэсэн, ямар өмч хөрөнгөтэй болон бусад бүх мэдээллийг алган дээрээ байгаа юм шиг харна. Тиймээс эдгээр мэдээллийн санг төрийн хамгаалалтаас гаргана гэдэг нь иргэдийнхээ эрх , эрх чөлөөнд ноцтой халдах, тэдний эрх ашгийг зөрчих, амь биед нь аюул учруулах нөхцөл байдал үүсгэж байгаа хэрэг.   Ялангуяа, теророризм, шашны хэт үзэл санаа газар авсан өнөө үед иргэд хувийн мэдээллээ ил болгуулсан тохиолдолд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд ч хүнд болно. Магадгүй үзэл бодлоо илэрхийлснийхөө төлөө хэн нэгний заналхийлэлд ч өртөж болох юм. Энэ бол манайх шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангагдсан ардчилсан чиг баримжаатай улсад байх ёсгүй эрүүл бус үзэгдэл билээ. Хэрэв эрх баригчдын энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл, олон хүний өөрийн мэдээллийг “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-гаас хасуулахыг хүсэх нь тодорхой. Учир нь, эдгээр мэдээлэл нь хувь хүний өмч бөгөөд төр хуулиар хамгаалаагүй тохиолдолд устгуулах бүрэн эрхтэй юм.

Гаднын жишгээс харахад, 1981 онд “Өгөгдлийг автоматжуулсан системд боловсруулахад хувь хүний мэдээллийг хамгаалах” Конвенцийг гаргасныг Европын орнууд одоо хүртэл мөрдөж байна.  Тэр дотроо иргэдийнхээ хувийн мэдээллээр бүрдүүлсэн мэдээллийн сангуудыг мэдээлэл, холбооны системд хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдох харилцаануудыг Англид “Data Protection Act 1998”, АНУ-д “Guide to Protecting the Confidentiality of Personally Identifiable Information(PII)”, ОХУ-д “Закон о персональных данных”, «Об информации, информационных технологиях и о защите информации» зэрэг  хууль, эрх зүйн актуудаар нарийвчлан зохицуулсан байдаг юм билээ.  Түүнээс манайх шиг хамгаалалтыг нь устгаж, ил тод болгосон улс ховор. Бүгд л яавал иргэдийнхээ мэдээллийг хамгаалах вэ гэдэг дээр толгойгоо гашилгадаг. Эцэст нь мэдээллийн үнэ цэнийн талаах цухас дурдъя. Ер нь үнэ цэнэтэй, мэдэх хүрээг нь хязгаарлах шаардлагатай мэдээлэл л төрийн  нууцад хамаардаг. Үнэ цэнэ гэдэгт уг мэдээллийг задруулж, үрэгдүүлснээр учруулж болзошгүй хор хохиролын хэмжээний мөнгөн илэрхийлэл болон уг мэдээллийн санг бий болгоход гарсан шууд зардал, өртөгийг хамааруулан ойлгодог жишигтэй юм билээ. Тэгвэл УБЕГ-ын иргэний цахим үнэмлэх олгохтой холбогдсон мэдээллийн санг 40 гаруй тэрбум төгрөгийн зардлаар бүрдүүлсэн байдаг. Харин  Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангуудыг бүрдүүлэх ажилд өдөр бүр 40 орчим сая төгрөг зарцуулах тооцоо бий. Харин эрх баригчдын төрийн нууцаас хасахыг хүсээд байгаа “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г 15 жилийн хүч хөдөлмөрөөр бүрдүүлсэн. Тэгэхээр ямар өртөгөөр бүтсэн нь ойлгомжтой байх.

Х.Түвшинтөгс “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих