Хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн удирдлагатай болно

Хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилгоор “Хилийн боомтын тухай” шинэ хуулийн төслийг Засгийн газар санаачилсныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр УИХ-ын даргад өргөн барив.

“Сүүлийн таван жилд хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн нь манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид нэмэгдэх хандлагатай байна” гэж Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжин онцолсон байна.

Хилийн боомт дээр Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаад иргэдийн харьяат асуудал эрхэлсэн газар гээд төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн шугамаар барилга байгууламж, зам талбайг барих, өргөтгөх, ажлыг хийдэг. Ингэхдээ шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгадаг, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалт байхгүйн улмаас хилийн боомт дээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэж Засгийн газар үзэж буй юм.

Тиймээс “Хилийн боомтын тухай” шинэ хуулийг хэлэлцэж баталснаар хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн нэг удирдлагатай болох юм байна. Түүнчлэн хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад бэрхшээл, хүнд суртал буурах, хилийн боомт дахь шалгалтын давхардал арилах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжих зэрэг ач холбогдолтой аж.

Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт байдаг аж.

Б.Чанцал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих