ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ

ШӨХТГ-аас шатахууны нөөц дууссан хэмээн худал мэдээлэл тараасан гэж “Петровис” компанийг 4.7 тэрбум төгрөгөөр торгосон. Мөн хоёр жилийн өмнө шатахуун импортлогч компаниудад ногдуулаад байсан 17 тэрбумын торгуулийг сэргээсэн. Энэ торгуулийн дийлэнх дүн нь мөн л “Петровис” компанид ногдож байгаа юм.

Тус компанийн торгууль төлөх хугацаа хэдийнэ дууссан юм. Гэвч компанийн удирдлагууд торгуулиа төлөхөөс татгалзаж, ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. Оны өмнөхөн О.Магнай дарга мэдээлэл хийж, импортлогч компаниуд жижиглэнгийн үнээ 50 төгрөгөөр нэмж байгаа нь үндэслэлтэй талаар хэлж байлаа. Харин ч түүний энэ мэдэгдлийн ачаар шатахууны компаниуд элдэв хэл амд өртөлгүй, нэмэгдсэн үнээр шатахуунаа борлуулж байна.

Засгийн газар, Монголбанкнаас эдгээр компаниудад зориулж хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Гэтэл он солигдох үеэр үнээ дахин 50 төгрөгөөр нэмсэн “Содмонгол”, “Магнай трейд” компаниудын талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.

Шатахууны компаниуд холбогдох байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэж, тавьсан торгуулийг төлөхөөс татгалзаж, үнээ хэсэг хэсгээр нэмсээр байна. О.Магнай даргын хэлснээр Уул уурхайн яамнаас энэ талаар албан ёсоор байр сууриа өнөө, маргаашгүй илэрхийлэх ёстой гэнэ.

Б.Уран

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих