СЭТГҮҮЛЧДИЙН РЕАЛИТИ ШОУ ЭХЭЛНЭ

Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан Улс төр менежментийн академи, TV-8 телевиз, “Golden eagle news” ХХК хамтран “Монголын мэдээ” реалити шоуг зохион байгуулах болсон талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.
Шоуны үйл ажиллагааг улс төрийн захиалга мэтээр ашиглахгүй, жинхэнэ хараат бус мэдээллийг олон нийтэд түгээж, чөлөөт хэвлэл мэдээлэл гэж чухам юу болохыг олон нийтэд ойлгуулан сурталчлах зорилготой юм байна. Телевизийн болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллах сонирхолтой иргэдийг ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй бүртгэх аж.
Эхний ээлжинд 30 орчим хүнийг зургаан хүнтэй таван баг болгон мэргэжлийн дагуу даалгавар өгөн эцсийн шат хүртэл өрсөлдүүлнэ. Оролцогчдоос шилдэг сэтгүүлч, шилдэг мэдээний албыг тодруулах бөгөөд шагналын сан нь 15-20 сая төгрөг байх юм. Мөн шалгарсан хүмүүсээ мэргэшүүлэх, чадваржуулах сургалтад суулгаж мэргэжлийн үнэмлэх олгон ажлын байраар хангах юм.
Хэсэг сэтгүүлч уран бүтээлчдийн санаачилсан энэхүү реалити шоуг Монголын сэтгүүлзүйд барууны хэв загварыг хэвшүүлэх, мэдээллийн харилцан хамааралгүй олон эх сурвалжаас бэлтгэх, иргэд олон нийтийн мэдээлэл хүртэх эрхийг дээдлэх, мэдээгээр дагнасан баг бэлтгэхэд чухал үүрэгтэй шинэлэг арга хэмжээ хэмээн Монголын Сэтгүүлчдийн эвлэл дэмжиж, хамтран зохион байгуулагчаар оролцож, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах саналыг хүлээн авчээ.
Энэхүү шоунд хэвлэл мэдээллийн бүх байгууллагуудыг хамтран ажиллахыг үзэг нэгт нөхөддөө уриаллаа.
Ж.Болор

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих