“PEACE TOWER” ашиглалтад ороогүйгээс болж түрээслэгчид нь хохирч байна
“Сандэй констракшн” ХХК-ийн барьж буй хотын төвд байрлалтай, “Peace tower” цамхаг одоо болтол ашиглалтад ороогүй байна. Уг нь “Сандэй” группийнхэн энэ барилгын ашиглалтад орох төлөвлөгөөт хугацааг 2012 оны гуравдугаар сар хэмээн зарлаж байсан. Гэсэн ч төлөвлөсөн хугацаанаасаа бараг найман сар өнгөрчихөөд байхад “Peace tower” ашиглалтад ороогүй л байна. Хотын төвд “Улаанбаатар” их дэлгүүрийн замын эсрэг талд, төв зам дагуу байршилтай болохоор чамгүй үнэтэй биз. Гуравдугаар сард ашиглалтад өгнө гэсэн нөхцөлтэйгээр компани, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, урьдчилгаа мөнгө төгрөг ч авсан бололтой. Гэтэл одоо болтол барилга ашиглалтад ороогүйгээс болж, гэрээ байгуулсан компани, аж ахуйн нэгжүүд чамгүй хохирол амсаж байгаа гэнэ. Бид энэхүү гомдлын мөрөөр өнгөрсөн бямба гарагт “Peace tower”-ийг зорьсон юм. Гуравдугаар сар биш юм гэхэд 2013 оны нэгдүгээр сардаа ашиглалтад өгнө гэж байсан ч биднийг очиход барилга ашиглалтад орох яагаа ч үгүй байгаа нь харагдаж байсан. Тус газрыг хариуцаж байгаа н.Болорцэцэг гэх эмэгтэйтэй уулзаж, учир явдлаа тайлбарласан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар дүгнэлт гаргасан зэрэг асуудлыг тодруулсан ч “Тэр талаар ямар ч асуудал гараагүй” гэхээс өөрийг хэлсэнгүй. Барилга чухам хэзээ ашиглалтад орох, одоо хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа гэх мэт бүхий л мэдээлэл хэвлэлийнхэнд хаалттай байсан нь хачирхалтай.
Ер нь энэ барилга үнэндээ анх баригдахаасаа эхлээд л анхаарлын төвд байж, хууль дүрэм зөрчсөн үү, үгүй юу гэх асуудлыг дагуулж байсан. Автобусны буудалтай тулгаад барьчихсан, автомашины ил зогсоол, гаднах талбай гэх мэт зүйлийн тухайд бол яриад ч хэрэггүй. Тийм учраас энэ барилгыг улсын комисс хүлээж авах уу гэсэн асуулт гарч ирсэн болов уу. Ямартай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон Улсын комисс оны өмнө уг барилга дээр ажилласан байна. Ирэх долоо хоногоос улсын комиссын байцаагчид чиглэл чиглэлээрээ дүгнэлт гаргах ажил эхлэх гэнэ. Үүний дараа бүх материал, дүгнэлтүүдийг нэгтгэн Улсын комиссын дарга гарын үсэг зурснаар хүлээж авах аж. “Барилга ашиглалтад ороход ерөнхийдөө бэлэн болчихсон, гэхдээ цахилгаангүй байгаа юм билээ. Хэрвээ цахилгааны асуудлаа шийдчихвэл ашиглалтад орох боломжтой болчихсон. Улсын комисс хүлээж авсны дараа энэ компани барилгаа ашиглалтад өгч, компани, аж ахуйн нэгжүүдээ оруулах боломж бүрдэнэ” гэсэн мэдээллийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагч Н.Оюун өгсөн юм.
Харин энэ хооронд найман сарын өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сард шинэ байрандаа орно гэж төлөвлөсөн компани, аж ахуйн нэгжүүд хохирч, илүү зардал, түрээсийн мөнгөөрөө “шатсаар” байна. Гэвч үүнд барилгаа урт удаан хугацааны турш ашиглалтад оруулж чадаагүй “Сандэй Констракшн” ХХК-ийнхан ямар ч хариуцлага хүлээхгүй нь бололтой.
Л.Энхдэлгэр
URL: