Тун завгүй хүн
Тэр бол Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ. “Ажнай Бат-Эрдэнэ” хэмээх нэрээрээ анх олонд танигдсан түүнийг Өмнөговь нутгийнхан тахин шүтдэг гэхэд болно. Ямарсайндаа л түүнийг “Өмнөговийн хаан” гэж нэрийдэх вэ дээ. Энэ хэрээрээ ч тэрбээр нутаг амьтай нэгэн гэгддэг юм билээ. Харин тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш УИХ дахь “Дуугүй гишүүдийн бүлэг”-ийн гишүүн” гэх нэрийг зүүгээд байгаа юм. УИХ-ын чуулганыхаа хуралдаанд ч суух завгүй нэгэн бол яах аргагүй тэр юм. УИХ-ын чуулганы хуралдаанд өдрийн од шиг харагддаг тэрбээр хааяа нэг суух үедээ барагтай л бол ам нээдэггүй нэгнээр тодроод байгаа билээ. Уг нь түүнийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хамтран “Мон-Ажнай” хэмээх фракци байгуулах нь гэсэн яриа гишүүн болсных нь дараа хэсэгтээ л газар авсан. Тухайн үед нь олон хүн түүнийг зорьсноо хэлдэг. Зориглосноо хийдэг гишүүн нэгээр нэмэгдлээ хэмээн итгэл хүлээлгэж байсан санагдана. Харин өнөөдөр бол тэрбээр “УИХ дахь дуугүй гишүүдийн бүлэг”-т хүссэн ч эс хүссэн орчихлоо.
Гэхдээ Засгийн газрын гишүүнийхээ ажлыг бол хэнээс ч дутахгүй хийдэг гэсэн шүү. Засгийн газрын хуралдаан дээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр суудаг шигээ дуугүй байдаггүй гэсэн. Тэрбээр гадаадын тусламжаар ирүүлсэн техник технологийг батлан хамгаалахын салбарт авахгүй гэж хэлсэн анхны сайдаар тодроод байгаа юм. Тэгэхээр түүнийг дуугүй гэхээсээ илүүтэй тун завгүй хүн гэх нь тохирох болов уу. Засгийн газрын гишүүнийхээ ажлыг сайн хийчихээд УИХ-ын гишүүнийхээ ажлыг муу хийж болохгүй биз дээ.
Р.Сарангоо
URL: