“Болор цом”-ын эздийг хүлээн авч уулзлаа
Яруу найргийн “Болор цом” наадам 30 дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч уулзлаа. Зохиолч, яруу найрагчдыг төлөөлж Д.Урианхай, Д.Цоодол, Ш.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. МЗЭ-ийн 84 жилийн ой тохиохын өмнөх өдөр энэ уулзалт болсноороо онцлог байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Болор цом” наадам нь олон түмний хүсэн хүлээдэг наадам, уншигч, уран бүтээлчдийн нэг гүүр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Номын баяр” тэмдэглэдэг болсон. Энэ номын баярын үйл ажиллагаанд зохиолч, уран бүтээлчид, хэвлэлийн байгууллагууд, ном бүтээдэг, хэвлэдэг, түгээдэг бүх салбарынхан идэвхтэй оролцсонд маш их баяртай байгаа. Монголчууд ном, бүтээлээ хэвлүүлэх тал дээр гадныхныг царайчлахааргүй болсон. Энэ бол тус салбарт гарсан, монголчуудын хамдаа хийж бүтээсэн сайхан амжилт юм. Цаашдаа ном, бүтээл, оюун санааны гайхамшигтай туурвилд ард иргэд нийтээрээ холбоотой байдаг, түүнийгээ тал талаасаа дэмжиж хөгжүүлдэг тийм бодлого чухал. Аливаа ард түмний сэргэн мандал, хөгжил дэвшил бол тухайн ард түмний оюун санааны үнэлэмж, шалгуураар хэмжигддэг. Хүн бүхэн ном уншдаг, айл бүхэн номын сантай байдаг, ном солилцдог, уран бүтээлчид, уншигчдын уялдаа холбоо ойрхон байдаг, түүнийгээ тал талаасаа дэмждэг байвал энэ ажил сайн явна. Манай уран бүтээлчдийн үнэлэмж дотоодод ч, гадаадад ч сайн байгаад би баяртай байна. Сайхан сэтгэл тээсэн, сайхан эрчим хүч авч явдаг, энэ нийгмийн оюун санааны өнгийг тодорхойлж явдаг гол төлөөллийн хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна” гэлээ.
Уулзалтын үеэр зохиолч, яруу найрагчид санал бодлоо илэрхийллээ. Х.Чилаажав “Монгол Улсын Ерөнхийлөгчийг утга зохиолын хүрээлэлд хамаатай, ойрын хүн гэж үздэг. Хэдийгээр сэтгүүлч мэргэжилтэй боловч зохиолчдын олон арга хэмжээнд оролцож байсан түүхтэй. Өөрөө шүлэг, зохиол бичдэг хүн. Бас Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Номын баяр” хийснээс хойш “Ном” хөтөлбөрийг зохион байгуулж, үүнд Зохиолчдйн байгууллага, уран бүтээлчид идэвхтэй оролцож байгаа. МЗЭ-ийн 84 жилийн ой болж байна. “Болор цом” наадам 1983 оноос эхлэн хоёр нийгэм дамжиж, үүргээ гүйцэтгэж олон түмнийг сэтгэлгээний эрх чөлөөнд уриалан дуудаж ирлээ” гэв. Зохиолч, яруу найрагчид 1920-иод оноос Монголын зохиолчдыг гадаад орнуудад сургаж байсан туршлагыг цааш үргэлжлүүлж залуу уран бүтээлчдээс гадаад орнуудад, ялангуя Европын орнууд болоод яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын үлэмж өв сантай Хятад зэрэг улсад сургах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Яруу найрагч Б.Ичинхорлоо эх хэлээ улс орныхоо дархан хил шиг хамгаалах нь чухал байгааг хэлэв. Мөн Ерөнхийлөгчтэй хамт нэг тайзнаа шүлэг, зохиолоо уншиж явснаа зарим нь дурсав. Хүүхэд, залуусын эх хэлний мэдлэг тааруу байгаад зохиолчид сэтгэл эмзэглэж явдгаа ярьцгаав. Орчин цагийн хүүхэд залуус IPad зэргээс салахаа больсон. Тиймд түүн дээр хүүхэд, залуусын сонирхол татах хэлбэрээр монгол хэлний мэдлэг олгох зэрэг арга хэмжээ авч болохыг Ерөнхийлөгч хэллээ. Монгол Улс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон. Түүгээр дамжуулж дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж болно гэдгийг Ерөнхийлөгч хэлэв.
Төв номын санд Ерөнхийлөгчийн уншлагын танхим байгуулжээ. Төрийн ордонд том номын сан бий болгож байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Уулзалтын үеэр зохиолч, яруу найрагчид уран бүтээлийн дээжээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьцгааж дурсгалын зураг татууллаа.
URL: