Японы мэргэжлийн сүмогийн холбооноос тэрбум төгрөг нэхэж байсан Дархан аварга Түвдэндоржийн ач хүү, Дайюүбү Ундрах хариуцагч нартэй эвлэрлийн гэрээ байгуулж 700 сая төгрөг авахаар болжээ

Одоогоос хоёр жилийн өмнө мэргэжлийн  сүмогоос зодог тайлсан н Дайюүбү Ундрах өөрийн багш, ояката Шибатаямаг шүүхэд өгч, Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны эсрэг зарга мэдүүлж байлаа. Тэрбээр нэхэмжлэлдээ, Шибатаяма оякатад зодуулсанаас болж сүмогоос гарсан гэжээ. Түүний өчсөнөөр 2010 оны зургаадугаар сарын дөрвөнд багш нь Ундрахыг толгой руу нь хэд хэдэн удаа цохисон бөгөөд “Байнга ингэж зодуулж чадахгүй, явлаа” гэхэд нь “Ингэхийг чинь л хүлээгээд байсан юм” гэсэн гэнэ. Улмаар, багш нь түүнийг ийнхүү хүчээр зодог тайлуулсан гэж үзэж байгаагаа Ундрах дурьдаад, үүнээс болж учирсан хохирлын нөхөн төлбөр хэмээн ояката Шибатаяма болон Японы Мэргэжлийн сүмогийн холбооноос наян сая иен буюу монгол мөнгөөр нэг тэрбум шахам төгрөг нэхэмжилжээ. 62 дахь ёкозүна Шибатаяма ояката, шавьдаа гар хүрсэнээ үгүйсгээгүй боловч буруу үйлдэл хийснийх нь төлөө шийтгэсэн хэмээн мэдүүлсээр байсан юм. Өдгөө 32  настай Ундрах нь дархан аварга Б.Түвдэндоржийн ач хүү бөгөөд 2008 оны тавдугаар сард жюүрёо зиндаанд гарч ирээд нэг башё барилдсан юм.
Түүний өмгөөлөгч “Шибатаяма ояката зургадугаар сарын 4-нд Дайюүбүгийн нүүр рүү гар болон шаахайгаар цохиж, багалзуурдсан. Үүний улмаас тэрбээр нүүр, хүзүүндээ гэмтэл авсан юм. 10 хоног эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар оношилсон” гэжээ. Мөн зодог тайл гэж шаардан, үсийг нь хүчээр авахуулсан тул сүмогоо орхихоос аргагүй болж сэтгэл санааны хохирол амссан. Сүмогийн холбоо оякатагаар дамжуулан, бөхчүүдийг удирддаг. Харгис хэрцгий оякатагаа хүмүү жүүлж чадаагүй Сүмогийн холбоо ч хариуцлага хүлээх ёстой”  гэж мэдүүлж байжээ. Сүмогийн холбооноос 80 сая иен нэхэмжилж бүхэл бүтэн хоёр жилийн турш зарга үүсгэсэн Их аварга Түвдэндоржийн ач хүүгийн гомдлыг сяахан Токио хотын шүүх авч хэлэлцжээ. Шүүх хурал дээр Шибатаяма ояката  Ундрахаас хүлцэл өчиж, монгол мөнгөөр 700 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих